2013.06.25

Найдвартай хамтран ажилладаг сүү нийлүүлэгч хэрэгтэй байна

“ГУМ” ХХК нь 1994 онд байгуулагдсан үнээний цэвэр сүүгээр сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалах чиглэлээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байгаа. Хоногт 6 тонн сүү боловсруулах хүчин чадалтай компани юм. Компаний  менежер Н.Цацралтай ярилцлаа.

Сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн хувьд тулгамдаж байгаа асуудал, бэрхшээл юу байна?

Манай компани 2012 оны байдлаар өвөл 1 л сүүг дээд тал нь 1000 төгрөг, зун 1 л сүүг доод тал нь 425 төгрөгөөр худалдан авдаг. Жилийн дундаж үнэ 706,6 төгрөг байгаа. Үйлдвэрийн хувьд түүхий сүүний чанар нэгдүгээрт тавигдаж, стандарт шаардлага хангасан фермерийн сүүг 100 төгрөгөөр илүү үнэлж авдаг.

Сүүг чанараар нь үнэлдэг тогтолцоо бий. Жижиг, дунд үйлдвэрлэлийн хувьд зах зээл бага гэж хэлж болно. Тодорхой тооны байнгын хэрэглэгчидтэй. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж чадвал эрэлт байгаа. Тэр дундаа өвлийн улиралд борлуулалт харьцангуй сайн байдаг. харин зуны улиралд бэлэн бүтээгдэхүүний үнэ буурдаг хүнд үе юм.

Сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл

Зарим тохиолдолд сүлжээ дэлгүүрүүдийн хөргөгчний температур шаардлага хангахгүй халуун дулааны улиралд маш их буцаалт их хохирол амсах тохиолдол байдаг. Энэ хариуцлагыг зөвхөн үйлдвэрлэгч нар хүлээдэг.  Гэхдээ шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй хобоотойгоор мэргэжлийн хяналтын газрын сургалт, хяналт сайжирч дэлгүүр, супермаркетуудад шаардлага дүрмийг таниулж байгаа нь саашаалтай юм.  

Сүүний чанарыг хэрхэн хангаж байна бэ? Иргэдийн гар дээрээс сүү авах тохиолдолд савны ариун цэвэр, хөргөлт, тослогийн хэмжээ гэх мэт зүйлийг тооцож шинжилж авдаг уу?

Дээр хэлсэнчлэн түүхий сүүний чанар их чухал учир чанартай, тослог сайн бол өндөр үнэлүүлэх боломжтой.

Үүнд: тухайн сүү нийлүүлэгч газар тариалантай, түүний боловсруулалтын шатанд  хэрэглэдэг бордоо болон бусад төрлийн бодис тэдгээрийн хэмжээ нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байх, үнээг спиртийн шаараар тэжээхгүй байх, урьдчилан сэргийлэх тарилгад цаг тухай бүр хамрагддаг, сүү бэлтгэх тогтолцоо нь илүү боловсронгуй, үнээгээ цахилгаан саалтуураар саадаг, анхан шатны боловсруулалт болох түүхий сүүг шүүж, хөргөх бололцоотой, мал эмнэлэг ариун цэврийн баталгаат гэрчилгээтэй, сүү зөөвөрлөх сав суулга нь зориулалтын битон байх, гэх мэт шаардлагууд тавьдаг.

Хүлээн авах бүрт битон тус бүрээс MNS 4228:2011 стандартын дагуу дээж авч мэдрэхүйн эрхтний үнэлгээ, физик химийн үзүүлэлтийг үзэн хүлээн авдаг. Харин 7 хоногт нэг удаа түүхий сүүний эрүүл ахуйн шалгуур үзүүлэлт болон аюулгүй байдлын үзүүлэлтийг тус тус үздэг. Шаардлагатай тохиолдолд антибиотикийн сорьц тавина. Энэ мэт шаардлагаар сүүний чанарыг тодорхойлж байна.

Фермерүүдээс сүүний олдоц хэр байна. Хамтран ажиллахад тулгарч байгаа бэрхшээл юу байна?

Түүхий сүүний чанар сайн байх нь эцсийн бүтээгдэхүүний чанарт шууд нөлөөлнө. Иймээс сүү нийлүүлэгч нарт мэдээлэл хүргэж байнга хамтран ажилладаг боловч тухайн шаардлагад нийцэж буй нийлүүлэгч ховор байдаг. Өвлийн улиралд сүүнд нэмэлт ус холих тохиолдол хүртэл гардаг.

Иймээс хамтын ажиллагаа нэн чухал. Зун сүүгээ их өгч байгаад өвөл болохоор янз бүрийн шалтаг хэлж задгайгаар дэлгүүрүүдэд 1100-1200 төгрөгөөр борлуулалт хийдэг. Тэгээд эргээд зун болоход би ч өгнө, авахгүй байна гэж гомдоллодог. Иймд найдвартай хамтын ажиллагаа хэрэгтэй байна.

Саяхан сүүний холбооноос жагсаал хийж сүүний үнэ уналаа гэх мэдээлэл өгсөн. Үүнд ямар байр суурьтай байна?

ГУМ ХХК-ийн хувьд үнэ унагасан тохиолдол байхгүй. Тухайн цуглаан болох өдрийн өмнөх өдөр нь 650 төгрөгөөс 550 төгрөг болгон бууруулсан байсан. Мэдээлэл хийхдээ үйлдвэрлэгч нар 300 төгрөгөөр сүү худалдаж аваад 3-5 дахин нугалж зарж ашиг олж байна гэж ярьсан нь хэрэглэгчдэд буруу ойлголт төрөхөөр сөрөг мэдээлэл байсан.

Үйлдвэрлэлийн зардал гэдэг үнэхээр өндөр гарч ирдэг. Жишээ нь манай үйлдвэрийн хувьд хотын төвд байрладаг тул төвлөрсөн уурын шугамд холбогдоогүй тул уур үүсгэгч ашигладаг. Энэ уур үүсгэгч дизель-ээр ажилладаг бөгөөд маш өндөр зардалтай.

Түлшний үнийн өсөлт бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөөд л явдаг. Ингэлээ гээд зах зээл дэх үнээ бид тэр болгон өсгөж чаддаггүй.

Үнээний шингэн сүүгээр үйлдвэрлэлээ ашигтай ажиллуулж байгаа газар бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Иймээс фермер, үйлдвэрлэгч нарт тодорхой бодлогын зохицуулалт зайлшгүй хэрэгтэй байна.

Сүүн бүтээгдэхүүн их эмзэг. Хадгалалт тээвэрлэлтийн горимыг хэрхэн шийдэж байна бэ?

Манай бүтээгдэхүүнүүдийн нэг онцлог бол ямар ч төрлийн бэхжүүлэгч болон хадгалах хугацааг уртасгах бодис, тогтворжуулагч хийдэггүй. Тиймээс температурын горим маш нарийн сахих шаардлагатай.

ГУМ-ын бүтээгдэхүүн

Тусгай хөргөлтийн системтэй тээврийн хэрэгслээр бүтээгдэхүүнээ түгээнэ. Энэ нь өвөл хөлдөөхгүй байх, зун халахгүй байж сүү, сүүн бүтээгдэхүүн хадгалах тохиромжтой температуртай байдаг ба үүнд бүртгэл хөтлөлт хийдэг.

Харин тухайн харилцагч байгууллагууд дээр лангуу, хөргөгчний температур алдагддагаас ялангуяа зун буцаалт их ирдэг. Энэ нь хамтын ажиллагаа хяналтаар л сайжрах байх гэж бодож байна. Шинэ хууль батлагдсанаар супермаркет, дэлгүүрүүдийн хандлага бас тодорхой хэмжээгээр сайжирч байгаа нь мэдрэгдсэн.

Сүүнд урамшуулал олгох талаар ярьж байгааг та хэр дэмжиж байна? тодруулах шаардлагатай асуудал хэр тулгарч байна бэ?

Сүүний урамшууллыг түүхий сүүний бэлтгэн нийлүүлэх тогтолцоо, түүхий сүүний чанарын шаардлагыг маш нарийн тусгаж өгөх хэрэгтэй.

Тулгамдаж байгаа асуудлаас гарах арга зам буюу шинэ санал санаачилга хэлж өгнө үү?

Хамгийн түрүүнд шингэн сүүгээр үйлдвэрлэл явуулдаг компаниудад дэмжлэг үзүүлэх. Хүчин чадал нэмэгдүүлэх хөнгөлөлттэй зээл олгох хэрэгтэй байна. цаашлаад сүүний үйлдвэрүүдийг нэмэгдүүлэх, сүү бэлтгэн нийлүүлэх тогтолцоон дээр төр засгаас бодлогоор дэмжих.

Үүнд ялангуяа үнийн бодлогыг сүүний чанарт уялдуулах, импортын сүүний зохицуулалт, сүүний хөргөлтийн төвүүдийг бий болгох зэрэг асуудлыг шийдэж өгөхөд төрийн зүгээс дэмжлэг хэрэгтэй байна.