Унаач хүүхдийн даатгалын асуудлаар зөвлөлдөв
Хүүхдийн төлөө үндэсний газрын унаач хүүхдийн даатгал зөвлөгөөн
2013.06.27

Унаач хүүхдийн даатгалын асуудлаар зөвлөлдөв

Хүүхдийн төлөө үндэсний газраас Үндэсний их баяр наадам, энэ зуны хурдан морины уралдаанд оролцох унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлагыг үндэслэн ослын даатгалд хамруулах чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөлтэй ажлын уулзалт хийжээ.

Уулзалтад “Ард”, “Номин”, “Практикал” “Соёмбо”, “Хаан”, “Монгол”, “Тэнгэр”, “Монре”, “Бодь”, “Болор”, “Мандал” зэрэг даатгалын компанийн төлөөлөл болон ХТҮГ-ын дарга И.Нарантуяа, ССАЖЯ, ХАХНХЯ, Хурдан морины салбар хорооны нарийн бичгийн дарга, Хүүхдийн тэвчишгүй хэлбэрийн хөдөлмөрийг устгах ТББ-уудын үндэсний сүлжээ гэссэн байгууллагын төлөөллөөс оролцов.  

Уулзалтад оролцогчид хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын өнөөгийн байдал, тулгамдсан зарим асуудал, цаашид анхаарч хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хүн бүр санал, хүсэлтээ илэрхийлэн дараахь чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Зөвлөгөөний үеэр

-  Хүүхдийн амь нас, эрүүл мэндийн даатгалын үнэлгээг шинэчлэх, түүнд тооцох шимтгэлийн хэмжээг эргэн харах,

-  Хурдан морины унаач хүүхдийн даатгалыг албан журмын хэлбэрт шилжүүлэх асуудлыг судлах шийдвэрлэх,

-  Талууд хамтран ослын даатгалын үнэлгээ, ач холбогдол, нөхөн төлбөрийн зэрэг асуудлаар олон нийт, даатгуулагчдад чиглэсэн нөлөөлөл, сурталчилгааны үйл ажиллагаа өрнүүлэх, хамтран ажиллах,

-  Даатгалын байгууллагууд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх, нөхөн төлбөрийг шуурхай барагдуулах зэргээр хүүхдийн онцгой эрх ашгийг харгалзсан нийгмийн хариуцлагаа өндөржүүлэх чиглэлээр манлайлал үзүүлэх.

-  Даатгалд оролцогч уяачид төдийгүй эцэг эх асран хамгаалагчдын зүгээс үүрэг, оролцоогоо нэмэгдүүлэхийг хамтран уриалах,

-  Баяр наадмын хурдан морины комисс, зохион байгуулах нэгжүүдтэй нягт хамтран ажиллах,

-  Морь унаач хүүхдэд бүрэн ээлтэй даатгалын системийг хөгжүүлж, албан журмын, ижил нөхцөл бүхий, нийтлэг стандарт бүхий гэрээний нөхцөлийг бий болгох,

-  Энэ шаардлагад үндэслэн ХТҮГ-аас хурдан морь унаач хүүхдийн ослын даатгалын нийтлэг шаардлагыг харгалзсан, “загвар” гэрээний төслийг боловсруулж, холбогдох талуудад санал болгох, шийдвэрлүүлэхээр хэлэлцсэн байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.