Сангийн сайд Вьетнамаас ирэв
2011.05.09

Сангийн сайд Вьетнамаас ирэв

Вьетнам улсын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан Азийн хөгжлийн банкны Захирагчдын 44 дүгээр жилийн уулзалтад Сангийн сайд С.Баярцогт тэргүүтэй төлөөлөгчид амжилттай оролцоод өнөөдөр эх орондоо ирлээ. Уулзалтын үеэр Сангийн сайд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JIСА)-ын дэд ерөнхийлөгч Хироши Кодэратай уулзаж, хамтын ажиллагааны хүрээнд ажиллах салбар чиглэлүүдийн талаар хэлэлцэж, одоо хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар санал солилцов. Япон улс тусламжийн хөтөлбөрөө шинэчлэхээр төлөвлөсөн бөгөөд тэргүүлэх гурван чиглэл дээр хамтран ажиллахаа мэдэгдсэн байна. Сангийн сайд С.Баярцогт үндсэн чиглэлийн хүрээнд цаашид нарийвчилсан чиглэл, салбаруудын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Төлөөлөгчид мөн энэ үеэр Азийн хөгжлийн банк /АХБ/-ны Стратеги, бодлогын газрын дарга ноён Сакай, Зүүн Азийн газрын дарга ноён К.Герхауссер нартай уулзаж Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх, АХБ-ны энгийн эх үүсвэрээс санхүүжих боломжийн талаар хэлэлцэв. Мөн Сангийн сайд АХБ-ны судалгааны ажлын хэсгийн явцын тухай мэдээллийг сонсжээ. Монгол Улс нь АХБ-ны энгийн эх үүсвэрээс санхүүжих боломжтой болсноор томоохон хэмжээний дэд бүтцийн төслүүдийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх боломжтой болох аж. Монгол Улсын Засгийн газар, АХБ хоорондын 2015 он хүртэлх хамтын ажиллагааны стратегийн баримт бичиг боловсруулагдаж байгаа бөгөөд энэхүү баримт бичгийг эцэслэн шийдвэрлэхэд Монгол Улсын зээлжих зэрэглэл, санхүүжилтийн эх үүсвэрийн асуудал чухал юм байна. АХБ-ны Стратеги, бодлогын газрын дарга ноён Сакай Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэх асуудлыг Азийн хөгжлийн банкнаас энэ ондоо багтан захирлуудын зөвлөлөөр шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаагаа Сангийн сайдтай уулзах үеэр мэдэгджээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.