С.Баярцогт: Хариуцлага хүлээхэд бэлэн
Парламентын сэтгүүлчдийн холбооноос санаачлан Сангийн яам, Монголбанк зэрэг байгууллагуудтай хамтран уулзалт ярилцлага зохион байгуулдаг. Энэ удаад Сангийн сайд С.Баярцогтыг урьжээ. Тэрбээр Оюу толгой төслийн талаар цогц мэдээлэл өгөхөөр хавтас дүүрэн материал бэлтгэснээ сэтгүүлч бүрт тараав. Тэгээд л хичээл зааж байгаа аятай дэлгэцэн дээр хүснэгт, тогтоолуудыг томруулан татаж тайлбарласан юм. Түүний үзэж байгаагаар Оюу толгой төслийг Монголын талд ашигтайгаар байгуулсан гэнэ. Дэлхийн зах зээл дээр тонн цэвэр зэсийн үнэ дунджаар 4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоход Оюу толгой төслөөс төрөл бүрийн татвар, төлбөр, хураамж болон ногдол ашгийн орлогоор Монголын тал нийт 29.1 тэрбум ам.долларын орлого олно. Харин хөрөнгө оруулагч болох "Рио тинто", "Айвенхоу майнз" 25.7 тэрбум ам.долларын орлого олох тооцоотой байна. Үүнээс үзэхэд Монгол Улс Оюу толгой төслийн нийт ашгийн 59. хөрөнгө оруулагч ашгийн 41 орчим хувийг хүртэхээр байна. Монголын талын хувь 0 хувь ч байж болно.
Харин нийт ашгийн хэдэн хувь хүртэж байна вэ гэдэг чухал юм. УИХ-ын 20 гишүүн энэ тооцоог хэлэхгүй атлаа хувь эзэмшлийг 50 хувь болгох хэрэгтэй гэж улс төржүүлж, эдийн засгийн үр ашиг талаас нь харахгүй байна. УИХ-ын 57 дугаар тогтоолыг Засгийн газар бүрэн биелүүлсэн гэв. Түүнийг ийнхүү мэдээллээ хийж дууссаны дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авав. ТV9 телевизийн сэтгүүлч Сангийн сайдад хандан "Оюу толгойн гэрээг сайжруулах шаардлага тавьж, Ерөнхий сайдыг огцруулах бичиг өргөн бариад байгаа гишүүдтэй хамт халз нэвтрүүлэгт орно уу" хэмээн урив. Түүний хариуд Сангийн сайд С.Баярцогт "УИХ-ын чуулганы танхимд Н.Батбаяр гишүүн бид хоёр зэрэгцэж суудаг. Бие биенээ үзэн яддаг, дургүй гэж бодоод байх шиг байна. Удахгүй Н.Батбаяр гишүүн бид хоёр Оюу толгойн асуудлаар халз нэвтрүүлэгт ороод ард түмэндээ бодит мэдээллийг хүргэе гэж ярьсан. Миний хувьд халз ярилцлагад орохоос зугтаагаад байх зүйлгүй" гэлээ. Дараагаар нь "Өдрийн сонин"-ы сэтгүүлч "Оюу толгой төслийн хувьд анхны хөрөнгө оруулалтаа хэдэн онд нөхөж дуусах вэ" гэхэд Сангийн сайд "Цэвэр зэсийн үнэ4408 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцвол анхны хөрөнгө оруулалтаа 2017 он гэхэд нөхсөн байна" гэж хариулж байлаа. Үргэлжлүүлээд сэтгүүлч "Таны тараасан материалд УИХ 57 дугаар тогтоолыг 2009 оны долдугаар сарын 16-ны өдөр баталсан байна.
Энэ тогтоолын гуравдугаарт "Эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар Оюу толгой төслийн анхны хөрөнгө оруулалтыг нөхсөний дараа Монголын талын хувь эзэмшлийг 50 хувьд хүргэхийг Засгийн газарт, Ерөнхий сайд С.Баярт даалгалаа" гэжээ. Харин үүнээс хоёр сар гаруйн дараа аравдугаар сарын 6-ны өдөр Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг баталж гурван сайд гарын үсгээ зуржээ. Тэрний нэг нь та. Энэ гэрээний нэгдүгээр бүлгийн 1.1 -д гэрээг 30 жилийн хугацаатайгаар байгуулна, 1.6-д нь 30 жил болсны л дараа нэмж 16 хувийг өмчлөх эрхтэй гэж оруулсан байна. Уурхайг ашиглалтад оруулснаас хойш дөрвөн жилийн дотор анхны хөрөнгө оруулалтаа нөхөхөөр байхад 30 жилийн дараа гэж гэрээ байгуулжээ. Тэгэхээр УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолын гуравдугаар заалтыг огт хэрэгжүүлээгүй байна шүү дээ" гэж асуув. Сангийн сайд "Хүмүүсийн хэлж заншсан Гэнэтийн ашгийн татвар, Усны, авто замын зэрэг дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж гэрээ байгуулахаар байна гэхэд УИХ ээлжит бус чуулганаа зарлан хуралдуулж шийдэж өгч байсан. Оюу толгойн гэрээний төслийн явцын талаар байнгын хороо, УИХ-ын чуулган дээр удаа дараа мэдээлж байсан Засгийн газар хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг бүрэн дүүрэн биелүүлж, ард түмэндээ, улсдаа ашигтай байхаар гэрээ байгуулсан юм" гэж тайлбарлаж байв. Нэмж тэр-бээр "Шууд Монголын талын" эзэмшлийг 50 хувьд хүргэхэд хэцүү байсан. Роберт Фрийдланд "Монголчууд Эрдэнэт үйлдвэрээ жишээ болгож их ярьдаг юм билээ. Оюу толгойн ордыг 50:50 хувиар эзэмшье. Харин татвараас 30 жил чөлөөлж дэмжлэг үзүүл" гэсэн санал хэлж байсан. Бид хөрөнгийн эзэн гээд 50 хувь эзэмшихдээ чухал биш, ахиу ашиг хүртэх эдийн засгийн тооцоог сайтар анхаарах хэрэгтэй л дээ" гэж хариулна лээ.
"Өнөөдрийн тойм" сонины сэтгүүлч "2012 оны сонгуулийн дараа парламент дахь улс төрийн хүчний харьцаа өөрчлөг-дөх байх. Тэр үед энэ гэрээний будилаантай асуудлыг ярьж л таараа. Хөрөнгө оруулагч тал ч Монголын улстөрчид битгий шуналт гэж хэлсэн нь анхаарал татаж байна. Тэр үед Монголын эрх ашгаас урваж гэрээ байгуулсан гэдэг нь нотлогдвол хуулийн хариуцлага хүлээхэд бэлэн үү" гэв. Сангийн сайд С.Баярцогт "Энэ гэрээг Монголын талд ашигтайгаар байгуулсан гэдэгт итгэлтэй байна. Эдийн засгийн үр ашгийн тооцоог харсан ч ойлгомжтой байгаа биз дээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу толгойн гэрээг байгуулсны дараа "Монголчууд бүгдээрээ нэг шат ахилаа" гэж хэлсэн. Энэ нь их утга учиртай үг шүү. Маргаан даамжирч төсөл зогслоо гэхэд хэн хохирох юм бэ. Хөрөнгө оруулагч тал уурхайг байгуулахад таван тэрбум ам.доллар оруулсан гээд олон улсын шүүхэд хандаж урт удаан хугацааны зарга үүсгэнэ. Харин монголчууд 29 тэрбум ам.долларын ашиг олох боломжоо алдана. Хэрэв буруу, зөрүү зүйл хийсэн бол би хуулийн өмнө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Л.Гансүх сайд, бид хоёрыг 2009 оны долдугаар 21 -ны өдөр Оюу толгойн ажлын хэсэгт нэмж оруулж байсныг хэвлэлийнхэн та бүхэн санаж л байгаа байх. Тэр ажлын хэсэгт ороод хоёр сар гаруй эрчимтэй ажиллаж гэрээг байгуулсан. Ямар ч байсан ажлыг эхлүүлэхийг чухалчилсан юм. Олон жил дуншсан Оюу толгойн гэрээг байгуулсан сайдуудад алтаар хөшөө босгоё гэж ярих ч хүн байдаг.
Гэхдээ магтаал сайшаал, муучлал, зэмлэлийн алинд ч би автахгүй ээ. Хэрэлдэж суугаад юу хожих юм бэ. Яах вэ УИХ-ын гишүүн Н.Батбаяр "Хэрвээ би Сангийн сайд болсон бол Оюутолгойн гэрээг ашигтайгаар байгуулчих байсан" гэж ярьдаг. Гэвч энэ хүн 2007-2008 онд Оюу толгойн ажлын хэсгийг ахалж байсан. Гэвч тэр үед шийдвэрт хүрч чадаагүй биз дээ. Н.Батбаяр гишүүнд би баярлаж явдаг. Аливаа зүйлийг ухаж гаргаж ирдэг. Зүйрлэж хэлбэл Жамух юм даа" гэв. Сонины сэтгүүлч залуу "Засгийн газар гэрээг сайжруулахын оронд яагаад гадаадын хөрөнгө оруулагч компанитай хамтран мэдэгдэл гаргасан юм бэ" гэж лавлав. Сангийн сайд "Хувь нийлүүлэгчдийн гэрээнд санхүүжилтийг босгох дөрвөн хувилбарыг оруулсан юм. Манай хэсэг улстөрчид Монголын талын 34 хувь долоон хувь боллоо улстөржүүлээд хамгийн эрсдэл багатай хувилбар болох давуу эрхийн хувьцаа гаргах боломжгүй болгосон. Ингээд санхүүжилт босгох өөр хувилбарыг нь ашиглахаар болсон. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтын банкнаас зээл авч санхүүжилт хийж байгаа үед Монголын Засгийн газар гэрээнд өөрчлөлт оруулна, 50 хувь болгоно гэчихвэл төсөл зогсоход хүрнэ. Банкнууд ч эргэлзээтэй, найдвар муутай гээд зээл олгохоос татгалзах нь тодорхой.Тийм учраас л Засгийн газар хөрөнгө оруулагчидтай хамтран мэдэгдэл гаргасан юм. Оюу толгой төслийг 70 жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж үзэхэд дөнгөж хоёр жил болоод хөлд орох гээд дэнжигнэж байхад нь л дайраад давшлаад байж боломгүй байна шүү дээ. Юу ч гэсэн ажил зогсохгүй яваад, уурхай ашиглалтад орог л дээ" гэв.