2013.07.09

Мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг дэмжинэ

Махыг эцсийн бүтээгдэхүүн болгохоор НӨАТ-аас чөлөөлөх явдал бизнесийн хүрээнд шүүмжлэл дагуулсан.  Мах Импекс компанид зориулан гаргасан энэ хууль өөрчлөгдөхөөр болж байна.

Өөрөөр хэлбэл зах дээрээс мах худалдан авч эцсийн бүтээгдэхүүн хийхээр НӨАТ төлөгч болчихдог гажуудлыг Улсын Их Хурал засах гэж байна. Мах махан бүтээгдэхүүнийг НӨАТ-аас бүр мөсөн чөлөөлөх цаг нь иржээ.

Сүүлийн жилүүдэд нийт малын тоо толгой өсч байсан дүнтэй боловч махны үйлдвэрлэлд голлодог үхэр, хонины тоо толгой, мал сүрэгт эзлэх хувь 1989 оноос хойш тасралтгүй буурч байна.

Жишээ нь 1989 онд нийт малын 10.9 хувийг үхэр, 57.8 хувийг хонь эзэлж байсан бол өнөөдөр үхэр ердөө 5.9 хувь, хонь 43.8 хувь болж буурчээ.

Махны үнэ ханш

Нийт махны 11-13 хувийг үйлдвэрийн аргаар  бэлтгэж байгаа. Малчдаас зах зээлд нийлүүлж байгаа нийт малын 75 хувь нь ямар ч нэмүү өртөг шингээгүй тураг мал хэлбэртэй дундын зуучлалаар дамжин эцсийн хэрэглэгчдэд хүрч байгаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт:

Үйлдвэрийн аргаар нядалсан маханд НӨАТ байхгүй. Чанартай үйлдвэрийн аргаар хийгдсэн бүтээгдэхүүнээр ард иргэдээ хангах зорилготой, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс хийсэн байна лээ.

Тэгсэн мөртлөө зах зээлээс мах аваад бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа иргэд НӨАТ төлөгч болж байгаа нь мах үйлдвэрлэгч тэр дундаа хиам үйлдвэрлэгч нарт ямар ч дэмжлэг алга гэсэн гомдол гаргахад хүргэж байгаа юм. Бүр НӨАТ-гүй болно гэхгүй ч энэ төрлийн бизнес эрхэлж байгаа иргэдэд тодорхой хэмжээний дэмжлэг хөнгөлөлт үзүүлэх тал дээр анхаарах ёстой.

Манай улс жилдээ 8.7 сая тоо толгой мал  хүнсэнд хэрэглэж 220 гаруй мянган тонн махыг үйлдвэрлэдэг. Мал нядлах үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн хүчин чадлаар тооцож үзвэл нийт мах бэлтгэлийн 38 хувийг үйлдвэрийн аргаар бэлтгэх боломжтой.

Нийт хөдөө аж ахуйд бэлтгэж байгаа махны 25-30 хувийг үхэр, 35-40 хувийг хонь, 10-15 хувийг ямаа, 15-20 орчим хувийг адууны мах эзэлдэг байна.