Буянт- Ухаа хорооллын инженерийн дэд бүтэц 30 хувьтай байна
УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан
2013.08.05

Буянт- Ухаа хорооллын инженерийн дэд бүтэц 30 хувьтай байна

“Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн хангамжийн ажлуудтай Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан танилцжээ.

Тэрээр Буянт-Ухаа хорооллын цэвэр усны эх үүсвэр болох 20 гүний худаг, 2 усан сан, насос станц, цахилгаан хангамжийн барилга угсралтын ажлын явцыг үзсэн байна.  Эдгээр ажлын явц одоогоор 13-30 хувьтай байгаа аж.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд 73 төсөл арга хэмжээ, инженерийн барилга, байгууламжийн ажил хийгдэхээс энэ онд  56 ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Үүнээс 12 ажлын гүйцэтгэгч шалгарч, гэрээ байгуулах ажил эхэлжээ.

Харин 16 ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулах шатандаа явж байгаа бол 2 ажлын техникийн нөхцөл,  ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдахаар хүлээгдэж байгаа аж.  Үлдсэн 26 ажлын хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлагдахаас шалтгаалан хүлээгдэж байгаа юм байна.

Түүнчлэн Яармагийн гүүр орчмын орон сууцны хорооллын цэвэр, бохир ус, дулааны шугам сүлжээ, барилга байгууламжийн зураг төсөл,  Ирээдүй цогцолбор хорооллын бохир усны гол шугам, насосны станцын зураг төсөл, барилга угсралт, Баянголын амны орон сууцны хорооллын цахилгаан хангамжинд зориулсан ажлууд дэд бүтэц төслөөр хийгдэх аж. Эдгээр инженерийн шугам сүлжээний ажлыг 11 дүгээр сарын 1 ний дотор барьж дуусгах юм байна.