2008.09.15

С.Баярцогт: Хамтарсан Засгийн газрын ирээдүйг өөдрөгөөр харах хэрэгтэй

Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг өчигдөр УИХ-д өргөн барьсан. Өөрөөр хэлбэл, 11 яамтай байх нь тодорхой боллоо. Одоо байгаа яамны тоог цөөлж, заримыг нь нэгтгэсэн тул Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах юм.  Хэдийгээр эл төслийг баталсны дараа л бүрэлдэхүүний асуудлыг ярина гэж гишүүд хэлж буй ч С.Баярын Засгийн газрын шинэхэн сайд нарыг тойрсон таамаг аль хэдийнэ гараад буй. Эл сэдвээр УИХ-ын гишүүн С.Баярцогтоос зарим асуултад хариулт авлаа. Тэрбээр Засгийн газрыг хамтарч байгуулах гэрээг боловсруулах ажлын хэсгийн гишүүнээр ажилласан юм.

-Хамтарсан Засгийн газарт АН таван яамыг авч, зургаан сайдтай болох яриа бий.  Таныг Зам тээвэр, хот байгуулалтын сайд болно гэх юм?

-Өргөн барьсан төслөөр бол Засгийн газар 11 яамтай байна. Засгийн газрын ХЭГ-ыг оролцуулаад АН-д таван яам ногдох юм. Мөн Шадар сайдыг нэмэхээр зургаан сайд нь АН-ын гишүүн байх болов уу. Намын дарга нь Шадар сайд болох байх. Бүтцийг баталсны дараа л бүрэлдэхүүний талаар ярина.
Хэвлэлийнхэн таамгаа дэвшүүлж байгаа л хэрэг. Аль аль яамыг АН-д өгөх нь ч эцсийн байдлаар тодорхой болоогүй байна шүү дээ. Ер нь бол үндсэн чиглэлийн гурван яамыг 2:1, нийгмийн чиглэлийн дөрвөн яамыг 2:2 гэх мэтээр хуваарилах байх.

-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болох тухай заалт Үндсэн хуульд бий. Гэвч үүний улмаас Гүйцэтгэх засаглал нь УИХ-ынхаа дээр гарлаа гэсэн шүүмжлэл гардаг. Энэ тал дээр ямар нэг хязгаарлалт байх болов уу?

-Үндсэн хуулийн дагуу УИХ-ын гишүүн сайд болох нь нээлттэй. Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй хувь нь  УИХ-ын гишүүн байх тухай ярьж байсан ч төслийг нь хэлэлцээгүй. МАХН-ын хувьд мөрийн хөтөлбөртөө ийм хязгаарлалт оруулсан байдаг юм билээ. Манай намд тийм хязгаар байхгүй.
Би хувьдаа үндсэн чиглэлийн гурван яамыг тэргүүлэх сайд нь УИХ-аас, чиглэлийн сайд нарыг гаднаас томилох боломжтой гэсэн байр суурьтай байна.

-Засгийн газрын бүрэлдэхүүний талаар ажлын хэсэг хэлэлцэх үү?

-Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн бол цэвэр Ерөнхий сайдын мэдлийн асуудал. Ажлын хэсгийн үйл ажиллагаа гэрээнд гарын үсэг зурснаар дууссан. Гэхдээ хамтарсан Засгийн газар байгуулах гэж буй учраас АН-ын бүлгээс байр суурийг нь асуух байх.

-ИХН-ыг АН-д нэгдэж байгаа гэх мэдээлэл үнэн үү?

-Албан ёсоор санал тавьсан гэж сонсоогүй. Нэгдэх хүсэлтэй байж магадгүй.

-Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээг АН-ын Гүйцэтгэх зөвлөл, МАХН-ын Удирдах зөвлөлөөс эцэслэн баталгаажуулна. Гүйцэтгэх зөвлөл гэрээг баталсан уу?

-Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр үдээс хойш хуралдвал гэрээг батална. /Гүйцэтгэх зөвлөл хуралдаагүй/.

-Засгийн газрыг хамтарч байгуулахын ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ.  Ц.Элбэгдоржийн үеийн байдал давтагдах вий гэсэн хардлага олон хүнд байна.

-Амны билгээс ашдын билэг гэдэг дээ. Хамтарсан Засгийн газрын ирээдүйг өөдрөгөөр харах хэрэгтэй. Ашигт малтмал, уул уурхайн салбарыг хөгжүүлэх дөрвөн жил болно гэж бодож байна.

-УИХ дахь бүлгийнхээ дэд даргыг хэзээ сонгох юм бэ?

-АН-ын 28 гишүүн бүрдэж дуусахаар Бүлгийн дэд даргыг сонгоно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.