2008.09.03

Д.Тэрбишдагва: Бид олонх учраас Засгийн газрыг дангаараа л бүрдүүлэх ёстой байсан

-Өчигдөр МАХН-ын бага хурал болж өндөрлөлөө. Энэ хурлаар хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг эхний ээлжид илээр санал хурааснаар шийдвэрлэхэд таны хамт 15 хүн эсэргүйцсэн. Таны хувьд ямар учраас хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцсэн юм бол оо?

-Миний боловсрол, хүмүүжил үндсэн зан суртахуунд маань нөлөөлдөг болоод ч тэр үү бүх зүйлийг шударга, хариуцлагатай байх ёстой гэж үздэг. Магадгүй Герман улсад сургууль төгссөн болохоор зарчимтай, цаг баримталдаг болсон ч байж болно. Парламентын засаглалтай улс оронд хамтарсан Засгийн газрыг ямар үед байгуулдаг вэ гэвэл онц байдал зарласан үед, мөн хоёр нам адилхан санал авсан тохиолдолд хамтарсан Засгийн газрыг байгуулдаг. Харин 44 суудал эсвэл 46 суудал гэх мэтээр илэрхий давуу суудал авсан тохиолдолд хамтарсан Засгийн газар байгуулдаг практик дэлхий дээр байдаггүй. Бидний хувьд хамтарсан Засгийн газар байгуулснаар парламентын засаглалыг хэрхэн хүндэтгэж байгаагаа харууллаа. Ер нь Монгол улсад парламентын засаглал байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Үүн дээр их гайхаж байгаагаа нуугаад яах вэ. Уг нь өнөөдөр олонхын суудал авсан л бол олонхоороо Засгийн газраа бүрдүүлдэг зарчимтай. Гэтэл эд “Улс орны эрх ашгийн өмнөөс бүгдээрээ хамтарч, нэгдэж ажиллая” гэж яриад байгаа юм л даа. Үнэндээ хоёрхон сарын өмнө бид “МАХН-ыг та бүгд олонх болго. Олонх болгосон тохиолдолд бид 1.5 сая төгрөгөө өгнө” гэж ард түмэнд амлачхаад хоёр сарын дараа “Бид чадахгүй. Харин хамтарвал болно” гэсэн зүйл яриад сууж болохгүй гэдэг зарчмын асуудлыг би өнөөдөр ярьсан. Түүнээс биш аль нэг нам хүчнийг эсэргүүцсэндээ энэ бүгдийг яриагүй. Би цэвэр хувь хүнийхээ үзэж өнгөрүүлсэн туршлага, олсон мэдлэг боловсрол дээр тулгуурлаж эдгээр асуудлыг хөндсөн.

-МАХН-ын бага хурлын гишүүд болох хоёр зуу гаруй хүнээс 15-хан хүн хамтарсан Засгийн газар байгуулах асуудлыг эсэргүүцсэн нь бусдын анхааралд ихээхэн өртөхөд хүргэлээ. Танаас бусад 14 хүн ч мөн ийм үзэл бодолтой байгаа юу?

-Өнөөдөр илээр санал хураалаа. Энэ ч утгаараа зарим хүмүүс хэтэрхий нэг хүнийг дагаж, өөрийнхөө үзэл бодлыг хамгаалж чадахгүйд хүрээд байна. Гэвч эдгээр хүмүүсийг дээрээс нь шахаж, шаардсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс нууцаар санал хураасан бол арай өөр үр дүн гарч болох байсан. Байдал нэгэнт иймдээ тулсан болохоор бусдыг хардаж, сэрдэх маягаар ярих шаардлага надад алга. Бодит үнэнийг хэлэхэд МАХН-ын 200 гаруй гишүүн АН-тай хамтарч ажиллая хэмээн санал нийлж байгаа болохоор би намын ардчиллыг дэмждэг хүний хувьд олонхын саналыг хүндэтгэн, хүлээн зөвшөөрч байна. Миний харж байснаар эсэргүүцсэн 15 хүнтэй гаднаа биш ч дотроо санал нэгтэй олон байсан. Өнөө өглөө гэхэд л хурал эхлэхээс өмнө олон хүн юу болж байна, яах бодолтой байя гэж асууцгааж байсан ч явцын дунд илээр санал хураах болоход бидний 15 хүнээс бусад нь хамтарсан Засгийн газар байгуулах тал дээр санал нэгдсэн. Бидэнтэй санал нэг байсан тэдний бодолд юу нөлөөлөөд өөрчилж орхисныг хэлж мэдэхгүй байна.

-Тэгэхээр нууцаар санал хураасан бол хамтарсан Засгийн газар байгуулахыг эсэргүүцэх олон хүн байсан гэж та хэлэх гээд байна уу?

-Аажимдаа нэг хүний засаглал бий болж, нэг хүнээс хараат байдалд хүрч байгаад би хувьдаа эмзэглэж байна. Түүнээс биш үнэхээр нууцаар санал хураасан бол арай өөр үр дүн гарах байсан гэдэгт, итгэлтэй байгаа. Одоо нэгэнтээ олонхын санал хүлээж авсан учраас Ерөнхий сайдын асуудал нэг хүн дээр яригдах нь мэдээж. Өөрчлөгдөн, шинэчлэгдэж байгаа МАХН-ын гишүүний хувьд Ерөнхий сайдын асуудал нэг хүн дээр яригдаж байгаа энэ үед би ганцаараа эсрэг санал өгөх нь утгагүй болохоор олонхоо дагаад С.Баярыг Ерөнхий сайд болоход нь дэмжинэ.

-Мэдээж С.Баяр сайд ганцаараа нэр дэвшиж байгаа санал хураах шаардлага байсан юм уу. Тэгээд ч та ганц хүний эсрэг санал өгөөд яах ч билээ?

-Тийм ээ, С.Баяр сайд ганцаараа нэр дэвшиж байгаа болохоор миний хувьд ганцхан хүний эсрэг санал өгнө гэж байхгүй. Энэ чинь намын ардчилал шүү дээ. Намын бага хурлын олонх гишүүд ийм санал гаргасан гэдэг утгаараа дэмжихээс өөр арга байхгүй.

-Байдал нэгэнт иймдээ тулсан тохиолдолд ард түмэн МАХН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан хүн бүрт 1.5 сая төгрөг өгөх асуудал хэрхэн шийдэгдэх бол гэж чих тавьж байгаа. Энэ асуудал яаж шийдэгдэнэ гэж бодож байна?

-Би МАХН-ыг сонгуульд ялснаар 1.5 сая төгрөг ард түмэнд өгөх асуудал бүтнэ гэж бодож байсан. Одоо хамтарсан Засгийн газар байгуулж байгаа болохоор 1.5 саяыгаа ярих юм уу, эсвэл АН-ын мөрийн хөтөлбөртөө тусгасан 1 сая төгрөгийг ярих нь уу. Би сайн хэлж, мэдэхгүй байна, магадгүй бүр МАХН-ын амласан 1.5 сая төгрөг, АН-ын өгнө гэсэн 1 сая төгрөг, нийлээд 2.5 сая төгрөг хэрэгжих байлгүй дээ. Тэрнээс биш манайх 1.5 саяыгаа өгнө гэхээр тэднийх бас 1 саяыг өгнө гээд маргаад салахгүй. Тэгэхээр нэгэнтээ хамтарч байгаа юм бол 2.5 саяыг өгөх юм байлгүй. Энэ асуудлыг хэрхэн төсөөлж байгааг би сайтар ойлгохгүй л байна. Гэхдээ хамтрах асуудлын зөвхөн эхний шийдвэр өнөөдөр яригдаж байгаа. Цаашдаа гэрээ, хэлэлцээрээс авахуулаад зөндөө олон ажил явагдана шүү дээ.

-Та хэзээд намынхаа өөрчлөлт, шинэчлэлтийн асуудал дээр хамаг анхаарлаа тавьсаар ирсэн. Өнгөрсөн жил “Элсний 13″ гэж хэлэгдэж хүртэл намынхаа шинэчлэлийн төлөө явж байсан бол энэ удаа мөн л хамтарсан Засгийн газар байгуулахын эсрэг зогссоноор олны анхааралд өртөөд авлаа?

-Би МАХН-ын шинэчлэлийн төлөө баттай зогсоно. Одоо ч гэсэн МАХН шинэчлэгдэн, өөрчлөгдөж байгаа. Шинэчлэгдэж, өөрчлөгдөж байгаа байдал цаашид ч үргэлжлэх ёстой. Харин МАХН-ынхаа мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ, МАХН ялчихлаа гэж хэлэнгүүтээ нөгөө намтай хамтарна гэдэг байж боломгүй асуудал. Би үүнийг өөрчлөлт, шинэчлэлтээс ухарсан явдал боллоо гэж үзэж байгаа.

-Та бид хоёрыг яриад суух зуур хурал дээр хэлсэн үгэнд тань талархаж утастах хүмүүс огт тасрахгүй байна. Та хурал дээр яг эдгээр асуудлыг хөндөж үг хэлсэн үү?

-Ерөнхийдөө дээр ярьсан зүйлтэй агуулга нэг асуудлыг хөндөж ярьсан. Тухайлбал “Би Монголын ард түмэн, сонгогч олныгоо хуурч чадахгүй. Яагаад гэвэл би хоёр сарын өмнө сонгогч түмнийг итгэл үзүүлээч гэхэд надад итгэл үзүүлсэн. Итгэл үзүүлэхдээ манай намыг ялуулаач. Тэгвэл бидний дэвшүүлсэн мөрийн хөтөлбөр биелнэ” гэж хэлчхээд одоо болохоор “Үгүй би чадахгүй. Хоёулаа хамтарчихвал чадаж болох юм” гэж хэлж зүрхлэхгүй. Надад ард түмнийг ингэж хуурах зүрх, зориг байхгүй. Хоёрдугаарт парламентын засаглалтай улс оронд аль нэг нам парламентын сонгуульд ялж, олонх болчихсон тохиолдолд хоёр том хүчин эвсэж болохгүй гэдэг утга санааг илэрхийлсэн юм л даа.

-Гэхдээ эвссэн тохиолдолд хамгийн их сөргөөр нөлөөлөх зүйл юу гэж та хэлэх вэ. Магадгүй хамтарсан Засгийн газар байгуулчихвал улс орны байдал улам ч дээрдэх юм бил үү?

-Эвсэж болохгүй байсан гэдэгт би итгэлтэй байна. Хэрвээ эвссэн тохиолдолд сөрөг хүчин байхгүй болчихно. Парламентын хамгийн чухал зүйл чинь сөрөг хүчин шүү дээ. Сөрөг хүчинтэй байсны эцэст бид өөрсдийнхөө алдаа дутагдлыг сонсож, засаж залруулна. Харин сөрөг хүчингүй болчихвол бүх зүйл найраан дунд орно. Ингэж болохгүй. Энэ хоёр нам хэтэрхий найраанд орчихвол үнэхээр улс орны эрх ашгийн төлөө явах уу, эсвэл өөрсдийнхөө хувийн эрх ашгийн төлөө зүтгэх үү гэдгийг би хэлж мэдэхгүй байна. Тэгээд ч сөрөг хүчин байхгүй болчхоор иргэний хөдөлгөөн болоод бусад хөдөлгөөн, ард түмний санал шүүмжлэл ардчилсан нийгэм гэдэг утгаараа бүр ч илүү гараад ирнэ. Энэ мэт.олон асуудал үүсэхгүй байх аргагүй. Монголын ард түмэн бүгдээрээ л элэг нэгтэй хүмүүс. Тиймээс Монголын ард түмэн эвтэй, найртай байх тусмаа бидний ирээдүй хойчид хэрэгтэй. Харин Парламентын засаглалын үед хэн нэгэн нам эвсэл нь буруу зүйл хийвэл сөрөг хүчин түүнийг засаж, залруулах үүрэгтэй. Хамтарч ажиллана гэдгийг заавал эвлэлдэн, хамтарч Засгийн газрыг байгуулах ёстой гэж ойлгохоос илүү улс орны эрх ашигтай холбоотой зүйл дээр хамтрах нь чухал гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал зөв хууль гаргаж, Ашигт малтмалын чиглэлийн ч юм уу улс орны шийдэх том бодлогын асуудал дээр хамтрах нь илүү хэрэгтэй байсан. Ганцхан хамтарсан Засгийн газар байгуулснаар бүх зүйл сайхан болчихно гэж төсөөлж болохгүй.

-Хамтарсан Засгийн газар байгуулаад улстөрийн байдал найраанд орчих юм бол сонгууль явуулах ч шаардлагагүй болох нь ээ?

-Тэр ойлгомжтой Шүү дээ. Хэрвээ хамтарсан Засгийн газрыг ингээд байгуулчих байсан юм бол Монголын ард түмэнд ямар нэгэн нам хүчний шаардлага алга. Ерөөсөө л “Монголын ард түмний эрх ашиг” гэсэн ганцхан нам байхад болох байж. Бас хамтарсан Засгийн газар байгуулснаар ард түмэнд тун их эргэлзээ төрүүлж орхилоо. “Монголын ард түмний эрх ашгийн төлөө бид хамтран ажиллаж байна” гээд байгаа эдгээр хүмүүс тийм л байсан юм бол сонгууль явуулахаа болчхоод “Монголын ард түмний төлөө маш сайхан хамтраад ажиллая” гээд 76 улстөрчийг эв найрамдалтайгаар сонгочхож болох байсан юм биш үү.

-Тун удахгүй Орон нутгийн сонгууль болох гэж байна. Энэ байдлаараа Орон нутгийн сонгууль хэрхэн болж өндөрлөх бол?

-Би орон нутгийн сонгуульд хамгийн их санаа зовж байна. Ард түмэнд хоёр нам хоёулаа өөр өөр юм ярьж, ярьчхаад өнөөдөр эвсчихлээ гээд очиход юу гэж хүлээж авахыг хэлж мэдэхгүй байна.







0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.