Д. Тэрбишдагва: Үндсэн хуулийн цэцэд хандахыг үгүйсгэхгүй
Эвслийн засгийн газар байгуулахын эсрэг д.Тэрбишдагва хүчтэй дуугарсан хүний нэг. Түүний байр суурийг сонирхлоо.
-Би парламентын засаглалыг ямагт хамгаална. Аль ч улсад олонх болсон нам нь мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд засгийн газраа дангаараа бүрдүүлдэг жамтай. Манай нам сонгуульд оролцохдоо дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө тооцоо, судалгаа нь дээр үндэслэж боловсруулсан. Тэгсэн хэрнээ одоо бусадтай хамтарлаа гэж сонгогчдыг хуурч болохгүй.
Монголчууд нэгдэж, нягтрахын тулд АН-тай эвсэж байгаа гэсэн зүйлийг олон хүн хэлж байна лээ. Тэгвэл хүн бүр ингэж ойлгохгүй. Үүнийг хуйвалдаан гэж л үзнэ. МАХН олонх болсон хэрнээ АН-тай эвслийн засгийн газар байгуулахаар болж байгаа нь үндсэн хуультай ч зөрчилдөж болзошгүй. Тийм учраас хуульчидтай зөвлөж байгаад цэцэд хандахыг үгүйсгэхгүй.
-Сонгуулийн үр дүнгээр МАХН олонх болсон нь тодорхой. Гэтэл сөрөг хүчинтэй эвсэл байгуулахаар боллоо. Ингэх болсон үндэслэл, шалтгааныг та юу гэж үзэж байгаа вэ?
-Монгол улсын эрх ашгийн үүднээс эвсэх ёстой гэж бага хурлын гишүүдийн олонх үзэж байгаа. Хэрвээ ингэх л байсан юм бол монголд олон нам байгаад хэрэг байгаа юм уу. Ерөөсөө нэг нам болчихвол яасан юм гэж хэлмээр санагдаад байна.
Ард түмэн МАХН-д 45 суудал өгсөн учир нь дангаараа засгийн газраа байгуул гэсэн үг шүү дээ. Гэнэтхэн ийм зүйл гарч ирсэнд манай намын олон гишүүн цочролд орсон юм шиг байна лээ. Бага хурлын гишүүдийн олонх ийм шийдвэр гаргасан учраас би хүндэтгэлтэй хандах болно.