Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянга боллоо
Энэ сараас эхлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 мянган төгрөг болон нэмэгдэж байна. Өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон МҮЭХ, Хөдөлмөрийн яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гурван талт хэлэлцээрийн үр дүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ийнхүү өөрчлөгдөж байгаа юм.
МҮЭХ-ний ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: 192 мянган төгрөг болгон нэмэгдүүлснээр, улсын хэмжээний дундаж цалин нэмэгдэх ёстой. Салбарууд өөрсдийнхөө цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх ёстой. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал ч хөндөгдөх магадлалтай гэлээ.
МҮЭХ-ноос хоёр жил тутам цалингийн доод хэмжээг нэмнэ гэж байгаа ч нөгөө талаараа эрүүгийн хариуцлагын хуулийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулж, хооронд нь уялдуулан эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх зарчим оновчтой биш гэдгийг үйлдвэрчний эвлэлээс мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл хариуцлага алдаж гэмт хэрэг хийсэн этгээдэд цалингийн доод хэмжээг баримталж, хариуцлага хүлээлгэдэг зарчмыг өөрчлөх хэрэгтэй гэж холбогдох албаныхан үзэж байна.