Сэргээгдэх эрчим хүчний техникийн талын судалгаа хийгдэхгүй байна
Салхин эрчим хүч нэвтрүүлэхэд тулгамдаж байгаа асуудал сэдвээр ШУТИС-ын цахилгаан систем, эрчим хүчний удирдлагын доктор, ахлах багш Ч.Улам-Оргилтой ярилцлаа.
- Эрчим хүчний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах талаар албаныхан ярьж байна. Сэргээгдэх эрчим хүчийг дотооддоо нэвтрүүлэхэд асуудал бэрхшээл юу байна?
Судлаач хүний хувьд миний бодлоор манай улсад туршлага бага байна. Нэн ялангуяа том чадлын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, системтэй зэрэгцэн ажиллаж үеийн тооцоо судалгаа байхгүй.
Иймээс том чадлын салхин парк нэгдсэн системтэй зэрэгцээ ажиллахад технологийн хувьд баримтлах сүлжээний хуулийг боловсруулах, улсын онцлогт тохирсон горим стандарт тогтоох гэх мэт асуудал тулгарч байна.
- Манай улсад сэргээгдэх эрчим хүчийг хаана ямар нөхцөлд ямар технологоор ашиглах бэ? гэдэг тооцооны судалгаа бий юу?
Эдийн засгийн хувьд болон сэргээгдэх эрчим хүчний нөөцийн талаархи судалгаа бол байгаа харин миний бодлоор системтэй зэрэгцээ ажиллах үеийн техникийн талын судалгаа хийгдэхгүй байх шиг байна.
Технологийн хувьд манай орны орчин цаг агаарт тохирч байна уу?
Тухайн сэргээгдэх эрчим хүчний техникийн шаардлага манай улсад таарах уу гэх мэт судалгаа зайлшгүй хэрэгтэй. Тиймээс энэ салбарын мэргэжилтэн, судлаачдыг дэмжин судалгааны ажилд санхүүжилт гаргадаг байх хэрэгтэй.
Ямар нэг салбарын хөгжил шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаан дээр л тулгуурладаг. Өөрсдийн нөхцөл боломжид тулгуурлан судалгаа хийж, гадны туршлагыг хослуулан ажиллавал илүү үр дүнтэй.
- Салхины эрчим хүч ашиглахад одоогоор гаднаас тоног төхөөрөсжөө оруулж ирэн монголдоо угсрах байдлаар ашиглалт хийгдэж байна уу?
Турбинаа бол импортоор оруулж ирж байгаа. Манайд үйлдвэрлэх боломжгүй. Турбин маш нарийн онцлог, өндөр технологи ашиглаж үйлдвэрлэдэг.
“Сайншанд салхин парк”
Угаасаа импортоор авах нь хамгийн тохиромжтой. Хамгийн гол нь системтэй зөв уялдуулж ажиллуулах боломжоо судлан горимоо зөв барьж ажиллах хэрэгтэй. Монголд том чадлын салхин турбиныг үйлдвэрлэх нь байтугай авч ирэн угсрахад хүртэл хүндрэлтэй байна.
- Гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн Монголын цаг агаарт хэр тохирох бол. Мөн хэрэглэгчдэд ирэх хүчин чадал хэр байх бол?
Сүүлийн үеийн салхин турбины технологи дэлхий нийтээр маш сайн хөгжиж байгаа. Энэ утгаараа манай улсын салхины онцлогт тохирсон турбин байгаа.
- Таны бодлоор сэргээгдэх эрчим хүчийг хэрэглээндээ нэвтрүүлбэл хичнээн хугацааны дараа манай эрчим хүчний ачаалалд хувь нэмрээ оруулж эхлэх бол?
Манайх эрчим хүчний ачааллын дутагдалд ороод байна гэдэг ч “Салхит” салхин цахилгаан станцын инженерийн ярианаас харахад эрчим хүч авах боломж байхад авахгүй хязгаарлалт хийгдэж байна хэмээн ярьсан.
Тэгэхээр үнэхээр хэдий хэмжээний эрчим хүч дутагдаад байгаа, тэр үед ажилладаг ямар станц байх ёстой гэсэн нарийн тооцоо судалгаа хийх хэрэгтэй. Үнэхээр манайд хэрэглээ нь байна уу, үгүй юу гэдгийг нарийн судлах ёстой.
Ачааллын дутагдалтай хэрнээ Салхин паркаас цахилгаан авахгүй байгаа нь энэ үед баримталж ажиллах стандарт байхгүй байгаатай л холбоотой асуудал юм, Нөгөө талаас Азийн бусад орныг эрчим хүчээр хангахын тулд том том сэргээгдэх эрчим хүчний станц барина гэж байгаа нь арай өөр түвшинд яригдах бодлого юм. Манайд эх үүсвэрийн нөөц бол нь байгаа.
- Цаашлаад яг юунд түлхүү анхаарах хэрэгтэй бэ?
Салбарын боловсон хүчин, судлаачдаа бэлтгэх, нарийн мэргэшүүлэн сургах хэрэгтэй байна. Салхин цахилгаан станц гэхэд л турбины, системийн гээд нарийн мэргэшүүлж сургаж, судалгаа хийх хэрэгтэй.