ҮХАА-н яам гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзлаа
2013.09.18

ҮХАА-н сайд Х.Баттулга гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзлаа

ҮХАА-н сайд Х.Баттулга гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзаж, ирэх жил гурилын хүрэлцээ үнэ ханш, улаан буудайн нийлүүлэлт зэрэг сэдвээр нээлттэй ярилцлаа.

Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, тариаланчидтай уулзан мөн энэ сэдвээр ярилцсан юм. Тариаланчид тарьсан ургацаа өндөр үнээр нийлүүлэх хүсэлтэй байгаа бол гурил үйлдвэрлэгчид аль болох хямд үнээр улаан буудай худалдан авсан тохиолдолд л гурил хямд байх боломжтой хэмээн ярьж байна.

Өнгөрсөн жил нэгдүгээр гурилын бөөний үнийг 550 төгрөгт барьсан, үүний тулд Монголбанктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлж, гурил үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл, тариаланчдад нийлүүлсэн буудайн тонн тутамд нь урамшуулал олгосон.

2012 онд тариаланчид буудайгаа тонн-ыг нь 280 мянгаар худалдаж, тушаасан тонн буудай тутамдаа 100 мянган төгрөгийн урамшуулал авч байсан юм. 

Хэрэв энэ жил тариаланчдын хүсч байгаа шиг буудайн үнэ эрс өсвөл дагаад гурилын үнэ өснө, нөгөө талаараа ОХУ гэх мэт гадаадаас буудай гурил, аль аль нь орж ирж дотоодын зах зээлийг эзэлвэл тариаланчид ч, гурил үйлдвэрлэгчдэд ч эрсдэлтэй гэдийг уулзалтад оролцогчид дурдав.