НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжтой
Нью Йорк хотноо чуулж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үдээс өмнө НҮБ-ын индэрт хоёронтоо гарч үг хэллээ.
2013.09.27

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжтой

Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломжтой

Нью Йорк хотноо чуулж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 68 дугаар чуулганы есдүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үдээс өмнө НҮБ-ын индэрт хоёронтоо гарч үг хэллээ. Эхний нь өглөөний 9.00 цагт эхэлсэн Цөмийн зэвсгийг хураах асуудлаарх дээд хэмжээний уулзалт байсан бол үүний дараа өрнөсөн Ерөнхий санал шүүмжлэлд оролцон өөрийн улс орноо төлөөлөн байр сууриа илэрхийлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй уулзаж дараах тодруулгыг авлаа.

-Монгол Улсын НҮБ-ын идэвхтэй гишүүн орны нэг. Тиймээс ч Аюулгүйн зөвлөл болон Хүний эрхийн зөвлөлийн гишүүн орон болохоор яриа хэлэлцээг идэвхтэй хийж байна. Монгол Улсын хүчин чармайлт үр дүнд хүрэх боломжтой юу?

-Монгол Улс НҮБ-ын гишүүн орноор 1961 элссэн. Энэ хугацаанд НҮБ-ын идэвхтэй гишүүн орон байсаар ирсэний хувьд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл болон Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох боломж байгаа гэж бид үзэж байгаа. Ийм боломжийг бий болгохын тулд хангалттай хүчин чармайлт гарган ажиллаж чадаагүй.

2022 он гэхэд Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн, 2015 он гэхэд Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдох зорилт тавин ажиллаж байна.

Монгол Улс ардчилсан замыг сонгон хөгжсөнөөс хойш хүний эрх, эрх чөлөөг дээдлэх, сахин хамгаалах чиглэлээр тодорхой амжилт гаргаж чадсан. Өөрийн гэсэн туршлагыг ч хуримтлуулсан. Тиймээс Монгол Улс Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллах нь хамгийн боломжтой төдийгүй ач холбогдолтой.

-Монгол Улсын Ерөнхийлөгч есдүгээр сарын 26-ны өдөр НҮБ-ын индэрт хугас өдөрт хоёронтоо гарч үг хэллээ. Нэг улсын төрийн тэргүүн НҮБ-ын индэрт хугас өдөрт хоёр удаа гарч үг хэлсэн нь ховор тохиолдол боллоо?

-Тийм ээ. Энэ бол ховор тохиолдол, түүхэн өдөр боллоо. Өглөө 9.00 цагт эхэлсэн Цөмийн зэсвгийг хураах асуудлаарх дээд хэмжээний уулзалтыг нээсний дараа хамгийн эхэнд Ираны шинээр сонгогдсон Ерөнхийлөгч Хассан Роухани үг хэлсэний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэллээ. Манай Ерөнхийлөгчийн дараа Японы Ерөнхий сайд Шинзо Абе үг хэллээ. НҮБ-ын ерөнхий чуулганд үг хэлэх дараалал эрт байна гэдэг бол тухайн орны нэр хүндийг илтгэх бас нэг илэрхийлэл. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх байр сууриа бат илэрхийлсээр ирсэн, цөмийн зэвсэггүй бүс гэсэн статусыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орон өнгөрсөн баталгаажуулсан. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч цөмийн зэсвэггүй бүсийг олноор байгуулах нь дэлхийг цөмийн зэсвгийн аюулаас ангижруулах хамгийн дөт зам гэсэн байр сууриа илэрхийллээ.

Жич: Монгол Улсын цөмийн зэвсэггүй бүс статустай болох санаачилгыг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1992 оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индэр дээрээс анх танилцуулж байжээ.