С.Баярцогт:УИХ-аас завсарлага авдаг систем бол дарамт
С.Баярцогт: УИХ-ын гишүүн
2012.03.09

С.Баярцогт:УИХ-аас завсарлага авдаг систем бол дарамт


УИХ-ын ги шүүн С.Баярцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа
Ээлжит бус чуулганаар хоёр сонгуулийг хэрхэн явуулах эсэхийг шийднэ. Гэхдээ хамт явуулах нь бодит амьдрал дээр боломжгүй гээд байгаа нь мөн л улстөрийн өнцгөөс харж байгаа асуудал уу?

-Хүмүүс огт хийгээгүй зүйлээ болно, болохгүй гэж ярьж болно. 1990 оны ардчилсан сонгуулийг явуулах үед би сонгуулийн төв комиссын гишүүн байсан. Мөн Ардын Их Хуралд тойргоос нэр дэвшсэн. Тухайн үед АИХ-ын депутатуудыг сонгох сонгууль, аймаг болон сумын ардын депутатуудыг сонгох сонгууль, Улсын Бага хурлыг сонгох сонгууль гээд дөрвөн сонгуулийг зэрэг явуулсан. 1990 онд Монгол Улсын түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигчийг сонгосон. Тэгэхэд ямар ч асуудал, хүндрэл, бэрхшээлгүйгээр явуулж болдог юм байна гэдэг нь харагдсан. 1992 оны Үндсэн хуулийг батлахад УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуулийг яагаад салгасан юм бэ гэж асууж магадгүй. Яагаад гэвэл УИХ-ын сонгууль гэдэг нь төрийн байгууллагынх, орон нутгийнх гэдэг нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын сонгууль гээд салгасан. Тэр , утгаараа, Үндсэн хуулийн концевцио баривал нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагад намаас нэр дэвшүүлэх ёсгүй. Гэтэл 1992 оноос хойш байнга намаас нэр дэвшүүлж, хуучин аймаг, сумын Ардын Их Хурлын депутатын сонгууль шиг болчихсон. Нэгэнт Үндсэн хуулийн концевциос зөрчихсөн юм чинь хоёр сонгуулиа 1990 оных шиг зэрэг явуулах бололцоотой. Үүнийг шууд өнөөдөр ярьж байгаа асуудал ч биш. 2008 оны Сонгуулийн хуулийг 2004-2007 онд хэлэлцсэн. Тэр үед 2012 онд УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулдаг болъё гэдгээ шийдчихсэн. Гэтэл одоо хүндрэл, бэрхшээл тоочиж, худлаа ярих хэрэггүй юм.

-Сонгуулийг хамт явуулахаар бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй нутгийн өөрөө удирдах байгууллагын эрхэнд халдсан явдал болно. Нөгөө талаар санал өгсөн иргэдийн сонгох, сонгогдох эрхийг зөрчих юм биш үү?

-Тэр хүмүүсийн эрхийг хөндөж, зөрчсөн зүйл байхгүй. Тухайн байгууллагын бүрэн эрх дөрвөн жил. Дараагийн сонгуулиар эрх дуусгавар болдог. Тухайлбал, Улсын Бага хурал, АИХ 1990 онд байгуулагдахдаа таван жилийн хугацаатай байгуулагдаж байсан. Тэгээд өөрсдийнхөө эрхийг нааш нь татаад хуулийн дагуу хоёр жил болгоод дараагийн сонгуулиа хийж байсан. Тиймээс эрх зөрчсөн гэх тайлбар бол худлаа.

-1990 онд хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль явагдахад будлиан болоогүй гэж ярьдаг. Тухайн үед улстөржилт бага байж. Харин одоо сонгуулийн үр дүнг булхайтай болох вий гэдгээс хүн бүр эмээж байгаа шүү дээ. 2008 оны сонгуулиас болоод?

-1990 онд монголчууд нэг хүний төлөө санал өгдөг байснаа больж анх удаа намууд, олон нэр дэвшигчийн төлөө санал өгдөг болсон. Тухайн үед монголчуудын хувьд сонгуульд санал өгөх нь цоо шинэ зүйл байсан. Одоо бол зургаа дахь том сонгууль явагдах гэж байна. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн гээд бараг 20-иод сонгууль хийгээд үзчихсэн, туршлагатай болчихлоо. Тийм тохиолдолд сонгогчдын зүгээс алдаа гаргана гэж байхгүй.

-Сонгуулийн үр дүнг сонгогч алдаа гаргаж будлиантуулдаггүй. Харин улстөрчид өөрсдөө будлиантуулдаг биз дээ?

-Тийм ээ. Сонгуулийн дүнг сонгогч будлиантуулдаггүй. Сонгуулийг зохион байгуулж байгаа хүмүүс будлиулж байна уу, үгүй юу гэдэг л асуудал байгаа юм. Эдгээрийг эмх цэгцтэй болгох ёстой. Өмнөх сонгуулийн үр дүнгээр хот, төвлөрсөн суурин газруудад тийм дутагдал гарч байсан гэдэг. Тийм дутагдлуудыг арилгах боломж одоо бүрэн байна. Ухаалаг үнэмлэхээр нэг хүн ганц л удаа санал өгдөг, үр дүнг нь хүний оролцоогүйгээр, машинаар тоолдог, камераар хянадаг болчихвол будлиан гарахгүй байх бүрэн боломжтой. Түүнээс Сонгуулийн тухай хуулиас болоод үр дүн нь булхайтай болох гээд байгаа юм биш.

-Таны байнга жишээ татаад байгаа 1990 оны сонгуулийн үед нэр дэвшигчид нь ч будлианы талаар боддоггүй л байсан байх даа?

-Нэр дэвшигч өөрөө будлиантуулъя гэж бодсон ч хянаж, зохион байгуулж байгаа байгууллага, ажиглаж буй улстөрийн нам, олон нийтийн байгууллага, иргэдийн оролцоо их өөр л дөө. Энэ хяналтын механизм манайх шиг цөөхөн хүн амтай, бие биеэ таньдаг шахам улсад ийм зөрчил гарахгүй. Хоёр, гуравхан сая хүний дунд л сонгууль болж байна. Хэт зохиомол байхгүй бол будлиан хутгах бололцоогүй.

-Тэгэхээр ярьж байгаагаас тань үзэхэд нам/уд сонгуулийг хэрхэн явуулах асуудлыг ердөө л улстөржүүлж, олны анхаарлыг татаад байгаа юм биш үү?

-Энэ чинь улстөржүүлэх биш шүү дээ. Аль таван жилийн өмнө гарчихсан шийдвэр.

-Тэгээд?

-Нэгэнт гаргасан шийдвэрээ хэн өөрчилье гэж байна. МАН  л байгаа биз дээ. Түүнээс АН  өөрчилье гэж хэлээгүй. Бид  сонгуулийн систем нь хоёр өөр механизмыг л нэг болгоё  гэж байгаа. Тэгэхээр тухайн намуудад өөр өөр сонирхол байна гэж ойлгож болохгүй.

-Хоёр  сонгуулийг зэрэг зохион байгуулах эсэхээ ээлжитбусчуулганаар шийднэ гэжбайсан. Гэхдээ УИХ-ын чуулганаар оруулсан, оруулаагүй хоёрнам зөвшилцчихсөн биш үү?

-Аливаа том асуудлыг тухайн нам бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлэх нь буруу. Өөрөөр хэлбэл бид том зарчмын хуулийг өөрчилж болно. Гэхдээ өөрсдөө хэрэглэхгүй. Дараагийн сонгогдсон парламентын үед хэрэглэнэ. Тэр утгаараа 2007 онд сонгуулиа зэрэг хийе, гэхдээ бид энэ удаа хийхгүй гээд явчихсан. Энэ бол хамгийн зөв зарчим. Тэгэхгүй хоёр нам тохироод, өөрчилнө гэвэл буруу.

-Таны яриад байгаа зарчим сая зөрчигдсөн. Одоогийн парламент Сонгуулийн тухай хуулиа өөрсдөө батлаад, УИХ-ын сонгуулиа хийх гэж байгаа биз дээ?

-2007 онд Сонгуулийн тухай хууль батлагдахад манай ажлын хэсгээс холимог системээр явуулах санал оруулсан ч унасан. Дараа нь МАН-аас мажоритари системээр оруулаад бас унасан. Тэгээд хоёр гишүүн санал гаргаад 1992 оны Сонгуулийн хуулийг авсан юм. Тухайн үед би энэ бол хамгийн муу Сонгуулийн хууль гэж хэлж байсан. Яагаад гэвэл дэлхий дээр цөөхөн улс хэрэглэдэг.

Тэд нь хөгжөөгүй улсууд байдаг.

Мөн монгол хүний бүх муу чанарыг гаргана гэж ч хэлж байсан. Яагаад гэвэл тухайн нэр дэвшигч нөгөө намынхаа болон өөрийнхөө 'намын хүн-тэй өрсөлдөнө. Тэгэхээр баахан өрсөлдөөн бий болоод, намын доторх ч эв нэгдлийг алга болгоно гэдгийг хэлсэн. Үндсэндээ 2008 оны Сонгуулийн хуулийн систем маш муу систем байсан. Тиймээс тухайн үед маш их шүүмжлэл дагуулж, үүнийг өөрчлөх ёстой гэдгийг ч ярьцгааж байсан. Тэгээд үр дүн нь бидний нэрлээд байгаа долоодугаар сарын нэгэн болсон. Үүнийг давтахгүйн тулд, энэ муу системээ сольё гээд холимог систем рүү орсон. Дараа нь олонх 2007 онд хоёр сонгуулиа хамт хийнэ гээд баталчихсан хуулиа өөрчилнө гээд байгаа. Тэгэхээр улстөрд тохиолдлын зүйл гэж байдаггүйг олж харах хэрэгтэй.

-Сүүлийн үед АН ч сөрөг хүчин гэхээсээ илүү завсарлага гэдэг шантаажаар санасандаа хүрээд байгаа мэт л харагдаад байх юм?

-2007 оны сүүл, 2008 оны эхээр бид завсарлага авдгийг болиулъя гэдэг саналыг УИХ-ын гишүүн Батбаяр гишүүн оруулж ирж байсан. Тэгэхэд тухайн үед МАН-ынхан өөрсдөө ялагдана гэж бодоод «Та нарыг тэгж жаргаахгүй» л гэсэн. Өнөөдөр энэ завсарлага авдаг систем бол цөөнхийн дарамт шүү дээ. Уг нь олонх болсон нь ажлаа хийгээд явах ёстой. Цөөнх нь шүүмжлэх ёстой. Энэ завсарлага авдаг систем Монголын төрийн шийдвэр гаргадаг системийг хүчгүй болгож байгаа юм. Үүнийг анх МАН хэрэгжүүлж байсан. 1996 онд УИХ-ын чуулган дөнгөж эхлээд УИХ-ын даргаа томилж, дэд даргаар Ц.Элбэгдоржийг болгоё гэсэн чинь МАН гурван сар хурал хаясан. Үүнийг мэддэг хүн тун ховор байдаг. Тэр бүү хэл тухайн үед хамт сууж байсан гишүүн ч санадаггүй, мартчихсан байдаг. Уг нь завсарлага авах гэдгийг цөөнхөө сонсдог байх зарчмаар оруулж ирсэн. Гэтэл хязгааргүй болгочихсон юм. Үүнийг байхгүй болгох эсвэл хугацаатай, тодорхой асуудалтай болгох хэрэгтэй. Түүнээс АН тэгээд завсарлага гээд байдаг юм биш. Хууль нь өөрөө буруу байгаа юм.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.