Л.Гантөмөр:Цахим үнэмлэхийг дөрөвдүгээр сараас олгоно
2012.02.29

Л.Гантөмөр:Цахим үнэмлэхийг дөрөвдүгээр сараас олгоно

УИХ-ын гишүүн Л.Гантөмөртэй ярилцлаа.

Ардчилсан намын бүлэг өчигдөр удтал хуралдаж иргэний цахим үнэмлэх олгох болон хурууны хээ таних төхөөрөмж худалдан авах ажлын явцтай танилцсан байна. Бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, СЕХ-ны дарга Н.Лувсанжав, ИБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа нар оролцож. мэдээлэл өгсөн гэсэн юм. Иргэний ухаалаг үнэмлэх олгох ажлыг ирэх дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болжээ. Төлөвлөсөн хугацаанаас хожимдсон хэдий ч сонгууль болохоос өмнө нийт сонгогчдын цахим үнэмлэхийг хэвлэж дуусах боломжтой гэдгийг мэдэгдсэн. Ингэснээр цахим үнэмлэхийг хэвлэх, тараах ажлыг нэгэн зэрэг хийх болж байна. Түүнчлэн, хаягийн зөрчилтэй иргэдийн тоо тодорхойгүй байгаа нь санаа зовоож байгаа гэнэ. Уг нь 2010 оны иргэний шинэчилсэн бүртгэлээр иргэний бүртгэлийг сайжруулсан ч Улаанбаатар дахь хаягийн зөрчилтэй иргэдийн тоо 40-50 мянгын хооронд гэсэн бүдэг бадагхан мэдээ өгсөн байна. Тиймээс АН-ын бүлгээс хэд, хэдэн чиглэлээр Засгийн газар болоод УИХ-ын Иргэний бүртгэлийн дэд хороонд үүрэг өгчээ.

 

Шинэ оны өмнөхөн ИБЕГ-ын дарга асан Б.Мөнхбаатар УИХ-ын сонгуульд нэр дэвших үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөнийг АН-ын бүлэг хараандаа авчээ. Түүний оронд даргын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын нарийн бичгийн дарга Б.Амарсанааг томилсонд АН-ын бүлгийн гишүүд ёс зүйгүй үйлдэл болсон гэж үзэж байгаагаа хэлэв. Л.Гантөмөр гишүүн "Сонгууль болохоос урьтаж энэ мэт асуудлыг шийдвэрлэхгүй бол сонгууль будилаантдаг хамгийн том шалтгаан нь иргэний бүртгэл байдаг учраас аль нэг намын, улстөрийн өндөр албан тушаалтныг ИБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилох нь зохисгүй" гэсэн юм. Түүнчлэн УИХ дахь Монгол Ардын Намын бүлгийг хуралдахыг шаардав. Ээлжит бус чуулган тавхан хоног хуралдах тул хоёр сонгуулийг хэрхэн явуулах тал дээр ойлголцох цаг хэрэгтэй гэжээ. Тиймээс Монгол Ардын Нам бүлгийн хурлаа зарлаж, ээлжит бус чуулганаас өмнө хэд хэдэн удаа хуралдах ёстой гэж АН-аас тулгаж эхэллээ.

Ингээд Л.Гантөмөр гишүүнээс сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодрууллаа.

- Иргэний цахим үнэмлэх олгох ажил ямар шатанд явж байна вэ?

- Иргэний ухаалаг үнэмлэх олгох талаар сүүлийн дөрвөн жил ярилаа. 2009 онд УИХ-ын тогтоол гарч 2011 оны төсвийн тодотголоор хөрөнгө мөнгийг шийдсэн. Ингээд 2012 оны УИХ-ын сонгуульд иргэний цахим үнэмлэх ашиглана гэж тогтсон. Сонгууль дөрвөн сарын дараа болох гэж байхад иргэний цахим үнэмлэх олгох  ажил эхлээгүй л байна. Холбогдох албан тушаалтнуудын өгч байгаа мэдээллээр хуваариас хоцорч яваа ч сонгуулиас өмнө амжуулна гэсэн байдалтай байна.

- Цахим үнэмлэхээ хэвлэж эхэлсэн үү?

Хэвлэх машин нь бэлэн болсон. Иргэний шинэчилсэн бүртгэл хийгдчихсэн. Энэ бүртгэл, Улаанбаатар хот дахь хаягийн зөрчилтэй хүмүүсийн мэдээлэл   нэгтгэгдэж амжаагүй байгаа юм билээ. Одоо цахим үнэмлэхний бэлдэц нь дутуу байгаа. Дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт хэвлэгдээд дуусчихна гэсэн.

-Цахим үнэмлэхийг хэзээнээс олгох вэ?

- Засгийн газрын өгч байгаа мэдээллээр цахим үнэмлэхийг дөрөвдүгээр сараас олгож эхлэх юм байна. Үнэмлэхийг хэвлэж эхлэхтэй зэрэгцээд иргэддээ тараана гэсэн мэдээлэл авлаа.  Мөн  иргэний бүртгэлтэй холбоотой дэд хороог З.Энхболд гишүүн ахлан ажиллаж байгаа. Гэхдээ энэ дэд хороо ажлаа хиймээр байна.

-Сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Түүнээс өмнө иргэдэд олгож амжих болов уу. Хариуцлагын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Хийе гэсэн хүн ямар ч ажлыг амжуулж болдог. Үнэмлэх олгох ажил нэг талаар төрийн ажил боловч иргэний оролцоо чухал. Иргэд ухаалаг үнэмлэхээ заавал олж аваарай гэж захимаар байна. Цахим үнэмлэхийг авах, олгох  тал  дээр Засгийн газар, иргэдийн хамтын ажиллагаа чухал. Бид нэг удаа сонсоод өнгөрөхгүй. Байнга хяналт тавьж ажиллана. Ойр ойрхон  холбогдох   байгууллагын үйл ажиллагаатай танилцана гэж төлөвлөсөн.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.