2012.02.28

Л.Гантөмөр: Сонгууль будлиантдаг хамгийн том шалтгаан бол иргэний бүртгэл

 
Ардчилсан намын бүлэг өчигдөр удтал хуралдаж иргэний цахим үнэмлэх олгох болон хурууны хээ таних төхөөрөмж худалдан авах ажлын явцтай танилцсан байна. Бүлгийн хуралдаанд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, СЕХ-ны дарга Н.Лувсанжав, ИБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа нар оролцож, мэдээлэл өгчээ. Ингээд АН-ын бүлгээс ямар шийдвэр гаргасан талаар тус бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөс тодрууллаа.

-Иргэний цахим үнэмлэх олгох ажлын явц ямар байна вэ?

-Иргэний ухаалаг үнэмлэх олгоно гэж 2008 оноос хойш ярьсан. Ингээд 2009 оноос УИХ-ын тогтоол гарч 2011 оны төсвийн тодотголд мөнгө нь тавигдаад асуудал явж байгаа. Үүнтэй уялдуулаад 2012 оны УИХ-ын сонгуулийг иргэний цахим үнэмлэхээр сонгууль өгнө гэж тогтсон. Сонгууль дөрвөн сарын дараа болох гэж байна. Гэтэл иргэний цахим үнэмлэх олгох ажил эхлээгүй байна. Тэгэхээр цаг хугацааны хувьд тулчихлаа. Холбогдох албан тушаалтнуудын өгч байгаа мэдээллээр хэдийгээр хуваариас хоцорч яваа ч сонгуулиас өмнө амжуулна гэсэн байдалтай байна. Хэвлэх машин бэлэн болсон. Бэлдцээ татах л дутуу гэсэн. Иргэний шинэчилсэн бүртгэл хийгдсэн. Энэ бүртгэл дээр тодорхой тооны хүмүүсийн мэдээлэл нэгтгэгдэж амжаагүй байгаа юм билээ. Ялангуяа Улаанбаатар хотод хаягийн зөрчилтэй хүмүүс байна. Гэхдээ яг нарийн тоог нь хэлэхгүй байна. 40-50 орчим мянган иргэн гэсэн бүдүүн багцаа гаргачихсан байгаа юм байна.

-Ер нь цахим үнэмлэхийг хэзээнээс олгох боломжтой бол. Оны эхэнд олгоно гэж байсан?
-Засгийн газрын өгч байгаа мэдээллээр цахим үнэмлэхийг дөрөвдүгээр сараас олгож эхлэх юм байна. Зургадугаар сарын эхний 10 хоногт хэвлэгдээд дуусчихна гэсэн. Үнэмлэхийг хэвлэж эхлэхтэй зэрэгцээд иргэддээ тараана гэсэн мэдээлэл авлаа. Харин АН-ын бүлгээс цахим үнэмлэх олгох ажил ямар нэгэн хэлбэрээр тасалдах учиргүй, Засгийн газар үүнд хариуцлагатай ажиллах ёстой гэсэн чиглэл өглөө. Мөн иргэний бүртгэлтэй холбоотой дэд хороо байгуулагдаж, З.Энхболд гишүүн ахлан ажиллаж байгаа. Гэхдээ энэ дэд хороо ажлаа хиймээр байна.

-Сонгууль болоход бага хугацаа үлдлээ. Түүнээс өмнө иргэдэд олгож амжих болов уу. Хариуцлагын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Тэд хугацаа богино үлдлээ, бид амжихгүй гэж хэлж чадахгүй байсан. Гэхдээ хийе гэсэн хүн ямар ч ажлыг амжуулж болдог. Үнэмлэх олгох ажил нэг талаар төрийн ажил боловч иргэний оролцоо чухал. Иргэд ухаалаг үнэмлэхээ заавал олж аваарай гэж захимаар байна. Цахим үнэмлэхийг авах, олгох тал дээр Засгийн газар, иргэдийн хамтын ажиллагаа чухал. Бид нэг удаа сонсоод өнгөрөхгүй. Байнга хяналт тавьж ажиллана. Ойр ойрхон холбогдох байгууллагын үйл ажиллагаатай танилцана гэж төлөвлөсөн.

-ИБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр МАН-ын албан тушаалтан очсоныг АН-ын бүлэг эсэргүүцэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ИБЕГ-ын дарга Л.Мөнхбаатар МАН-аас УИХ-д дэвшинэ гэсэн үндэслэлээр ажлаа өгсөн. Уг нь энэ байгууллагад дэд дарга гэсэн албан тушаалтан байдаг юм байна. Харамсалтай нь дэд даргыг нь үүрэг гүйцэтгэгч болгохгүйгээр МАН-ын нарийн бичгийн дарга байсан хүнийг томиллоо. Энэ нь буруу гэдгийг ХЗДХ-ийн сайдад уламжилсан. Ийм улс төржсөн томилгоогоо зогсоогооч ээ гэсэн. Үнэхээр сонгууль будлиантдаг хамгийн том шалтгаан бол иргэний бүртгэл байдаг. Хороо, суман дээрээ нэр давхарддаг, зарим нь хоёр гурван үнэмлэхтэй явж байдаг. Ийм хариуцлагатай ажилд улс төрийн намын өндөр албан тушаалтанг томилж байгаа нь ёс зүйгүй хэрэг. Энэ ажлыг мэргэшсэн, төрийн жинхэнэ албан хаагч явуулах ёстой. Агентлагийн даргын томилгоог төрийн албаны зүгээс хийх ёстой. Үүрэг гүйцэтгэх ажлыг дэд дарга нь хийдэг. Тэгэхээр МАН-ын зүгээс ойрын үед бидэнд хариулт ирүүлэх байх.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.