Мөнгөө бөөнд нь авч болно гэв
2010.11.24

Мөнгөө бөөнд нь авч болно гэв

УИХ дахь намын бүлгийн удирдлагууд, ажлын хэсгийнхэн, Ерөнхий сайдын хамт хуралдсан уулзалтын дараа УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас дараах тодруулгыг авлаа.

-Сар бүр иргэдэд олгох мөнгийг бэлэн бусаар олгох Ардчилсан намын бүлгээс гаргасан саналыг хэрхэн хүлээн авсан бэ. Энэхүү шийдэл ирэх оны төсөвт хэрхэн нөлөөлөх вэ?

-Ажлын хэсэг Хүний хөгжил сангийн хувь хишгийн тухайд нэгдсэн саналд хүрлээ. Бүгдийг нь бэлэн мөнгөөр тараавал, ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх, инфляци өсөх сөрөг талтай. Тиймээс хоёр сонголттой байхаар тохирсон. Нэгдүгээрт иргэд  хамтарч жижиг дунд үйлдвэр эрхлэх, эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхийг хүсвэл 252 мянган төгрөгөө бөөнд нь авч болно. Харин бэлнээр авахыг хүсвэл сар бүр 21 мянган төгрөгөө авна. Хоёрдугаарт  Ниймгийн даатгалын санг чөлөөлүүлж, гэр хорооллын дэд бүтэц, орон сууцруу чиглүүлэх асуудалд санал нэгдлээ. Төсвийн урсгал зардал нэг их биш, 93 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа. Хөрөнгө оруулалтын асуудлыг нь шийдэж чадсан. Энэ үр дүнгээрээ төсвийн нийт алдагдал 8.6 хувьтай байгаа.

-Ирэх оны төсөвт Батлан хамгаалахын сайдын багц хамгийн бага гарсан. Үүнээс болж сайд нь төсвөө нэмэхгүй бол ажлаа өгье гэсэн гэх яриа хүртэл гараад байгаа. Төсөвт нь өөрчлөлт оруулах уу?

-Манай орны нэг хүнд ногдох  нийт бүтээгдэхүүн 1200 ам.доллар, ер нь бол буурай хөгжилтэй орон. Үүнийг нэмэгдүүлэх шаардагатай, Ингэхийн тулд төсвийн хөрөнгө оруулалтын том төсөл оруулж ирэн, хөрөнгө оруулалтаасаа салгаж, Хөгжлийн банкаар дамжуулан оруулж ирэх хэрэгтэй гэсэн нэгдсэн саналд хүрлээ. Харин ажлын хэсгүүдийн саналаар нэмж оруулах 93 тэрбум төгрөгийг зайлшгүй шаардлагатай аялал жуулчлал болон батлан хамгааларын салбарт нэмж өгөхөөр болж байна. Үр дүн нь ойлгомжтой. Гэнэтийн ашгийн 68 хувийн татварыг ирэх оноос тэглэж байгаатай холбогдуулан өсгөн нэмэгдүүлэх татварыг нэмэхээр Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн. Өөр ч боломж бий. Батлан хамгаалахын салбарт төсөвт нь нэмж арван тэрбум  төгрөг олгохоор болсон. 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.