Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлт
МУ-ын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
2013.10.15

Монгол улсын Ерөнхийлөгчийн илгээлт

/”Гэр бүлийн үнэ цэнэ, хөгжил-шинэчлэл” үндэсний чуулганд оролцогчдод/

Чуулганы хүндэт төлөөлөгчид, “Гэр улс”-ын эрхэм гишүүд ээ! Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. 

Гэр бүлийн үнэ цэнэ, хөгжил-шинэчлэл чуулганы онцлог нь гэр бүлийн гишүүд, төр, иргэний нийгмийн байгууллагууд зэрэгцэн суугаад монгол гэр бүлийн өмнө тулгамдаж буй асуудал, цаашид төрөөс баримтлах бодлогын талаар ярилцан хэлэлцэж байгаад оршино. Гэр бүл гэдэг бол төр улс дахь “гэр улс”, улс үндэстэн оршин тогтнох язгуур үндэс мөн.

Нүүдлийн соёл иргэншилтэй манай орны хувьд гэр бүлийн амьдралд эцэг эх, үр хүүхдээ дээдлэх, эв эеийг хичээх, эрдэм номыг шүтэх, өв уламжлалаа нандигнах соёл, зан заншил нь монгол гэр бүлийн өвөрмөц үнэт зүйл юм.

Гэр бүл нь амьдралын их сургууль, хүмүүнлэг нийгмийн эх сурвалж мөн. Гэр бүл дэх хүмүүсийн харилцаа нь хүүхдийн төлөвшил, хүний хөгжлийн үндэс төдийгүй цаашлаад улс үндэстний аюулгүй байдал, овог удмын үнэт зүйл, улс нийгмийн харилцааг боловсронгуй болгох арга хэрэгсэл болдог.

Харилцааны энэхүү эрдэм нь хүнийг хайрлан хүндлэх, энэрэн хүлээн зөвшөөрөх, ойлгон уучлах, асран халамжлах, хүнд итгэн туслах зэрэг олон хэлбэрээр илэрдэг, хэмжээ нь ихэддэггүй, ач тус нь багаддаггүй гайхалтай ид шид юм. Хүнийг “хүн” болгож, нийгмийг соён гэгээрүүлэх гэр бүлийн үүргийг үнэлээд ч баршгүй.

Гэр бүл бүхэн өөрийн үнэт зүйлсээ дээдлэн хөгжүүлж, үр хойчдоо уламжлан үлдээж байх нийгмийн үүрэгтэй. Гэсэн ч орчин үед амьдралын хэв шинжүүд өөрчлөгдөн гэр бүлийн янз бүрийн хэв маяг шинээр үүсэж байгаа нөхцөлд цөөн хүн амтай манай орны хувьд гэр бүлийн боловсролыг шинжлэх ухааны үндэслэлтэй, гэр бүлийн хэрэгцээнд нийцүүлэн олгох нь улс орны төдийгүй хүний хөгжлийн чухал асуудал юм.

Удам холдвол ухаан сайжирна гэдэг. Монгол гэр бүл бүхэн ургийн бичиг хөтлөх уламжлалаа дээдлэн монгол хүний удмын санг эрүүл авч явах үүргээ биелүүлж, түүнийг ч төр засгийн зүгээс бодлогоороо хөхиүлэн дэмжих шаардлагатай байна. 

Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлогыг гэр бүлд итгэл найдвар хүлээлгэх замаар нийгмийн хөгжлийн аливаа асуудлыг гэр бүлд төвлөрүүлж шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.

Өөрөөр хэлбэл хүүхдийн хүмүүжил төлөвшил, залуучуудын ажил мэргэжил, ажлын байр, ахмад үеийнхний асрамж хамгаалал, эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэм дэх тэгш оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэмжлэг туслалцаа зэрэг нийгмийн эрсдэл, бэрхшээлтэй бүх асуудлыг эхлээд гэр бүлийн хүрээнд шийдвэрлэгдэх боломжоор хангах нь зүйтэй юм. 

Цаашид төрөөс гэр бүлийн талаар болон хүн амын хөгжлийн талаар баримталж байгаа бодлогын хэрэгжилт, үр дүнд шинжилгээ хийж, нийгэм, хүн ам, гэр бүлийн хөгжлийн чиг хандлагатай уялдсан “Гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийн цогц бодлого” боловсруулах шаардлага байна.

Яам, агентлагаас эхлээд аж ахуйн нэгж, албан байгууллага, бизнесийн салбар бүхэн “Гэр бүл төвтэй хүний хөгжил”-ийн асуудлыг бүх түвшинд өөр өөрийн шугамаар дэмжин ажиллах ёстой. Нэн тэргүүнд холбогдох байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжийг байгуулж, гэр бүлд зөвлөгөө өгөх төвүүдийг сум, хорооны түвшинд гэр бүлд аль болох ойр ажиллуулахыг хөхиүлэн дэмжиж байна.

Нэгэн хүүхэд зөв хүмүүжвээс нэгэн өрх дэгжихэд тусаа өгч, нэгэн өрх дэгжвэл нэг хороо, баг хөл дээрээ зогсоход нэмэр болж, нэгэн хороо баг хөл дээрээ зогсвол нэгэн аймаг, хот хөгжихөд дэм болж, нэгэн аймаг, хот хөгжвөл нийт улс мандахад хүч болох учиртай.

Ээжийнхээ энэрэлд энх тунх, аавынхаа ачлалд алдар бүтэн, үр хүүхдийн заяа буян тэгширч, өрх гэр бүл бүхэнд аз жаргал, баяр баясгалан бялхаж байх болтугай.

Гэр бүлийн үнэ цэнэ, хөгжил-шинэчлэл үндэсний чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.

МОНГОЛ УЛСЫН  ЦАХИАГИЙН

ЕРӨНХИЙЛӨГЧ  ЭЛБЭГДОРЖ

2013 оны 10 дугаар сарын 14

Улаанбаатар хот