“Хүрээ” Ротари клубын хамт олон  хүүхдүүдэд тусаллаа
Хүүхдийн хамгаалал үндэсний төвийн ажилтан танилцаж байна.
2013.10.07

“Хүрээ” Ротари клубын хамт олон хүүхдүүдэд тусаллаа

2003 оноос эхлэн Их Британий “Хүүхдийг ивээх сан”-ийн төлөөлөгчийн газрын санаачлагаар орон гэргүй, хараа хяналтгүй хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд туслах зорилготой Олон нийтэд түшиглэсэн “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-үүд анх нээгдсэн юм.

Нийт 5 төв хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж, 2010 оноос Хүүхдийн төлөө үндэсний газрын харьяалалд шилжин ажиллаж байна.

Олон нийтэд түшиглэсэн “Хүүхдийн хөгжил, хамгааллын 5-р төв” Чингэлтэй дүүргийн 17-р хорооны нутаг дэвсгэрт байрладаг ба хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлд үйлчилгээ үзүүлдэг. Тус төвд өдөрт 35-40 хүүхэд тогтмол ирж сургалт, зөвлөгөө, нөхөн сэргээх үйлчилгээнд хамрагддаг. Олон нийтэд түшиглэсэн “Хүүхэд хөгжил, хамгааллын 5-р төв”-ийн усан хангамж, ариутгах татуургын системийг байгуулах төслийг Япон улсын “Кисаразу Ротари” клуб болон Монгол улсын “Хүрээ Ротари” клуб хамтран хэрэгжүүлсэн ба  төслийн нийт өртөг 25,000 USD болсон байна. Тус төвөөр үйлчлүүлдэг хүүхдүүд гэр хороололд амьдардаг ч “Хүүхдийн хөгжил, хамгааллын төв”-ийн байрандаа халуун усанд орж, гадаа хүйтэн байсан ч дулаахан тохилог орчинд бие засаж, гараа  угааж чадахаар боллоо. Түүнчлэн хүүхдүүдэд зориулан төгөлдөр хуур хөгжим бэлэглэсэн байна. Хүүхдийн сайн сайхны төлөө хамтран ажилласан Ротаричууддаа хүүхдүүдийнхээ өмнөөс талархал илэрхийлье!