Хүүхдийн төлөө үндэсний газрын мэргэжилтэн Б.Ариунтуяа
2013.08.29

Цэцэрлэг хүрэлцээгүйгээс хүүхдийн эрх зөрчигдөж байна

Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй хүүхэд, цэцэрлэгт явж байгаа хүүхэдтэйгээ ижил эрхтэй төдийгүй, цэцэрлэгт хамрагдахгүй үлдсэнээрээ эрх нь зөрчигдөж байгааг Хүүхдийн төлөө газрынхан хүлээн зөвшөөрч байна.

Харин өнгөрсөн хугацаанд энэ асуудал руу чиглэсэн ямар ажил хийж хэрэгжүүлсэн талаар тодрууллаа.

ХТҮГ-ын мэргэжилтэн Б.Ариунтуяа:

Манай байгууллага үүргийнхээ дагуу хүүхдийн сурч, боловсрох эрхийг хангуулах тал дээр л ажилладаг. Тэгэхээр энэ нь гэр цэцэрлэгийн асуудал байгаа. Тиймд Боловсролын яамтай энэ чиглэлээр хамтарч ажиллана.

-Хүүхдийн эрхийн зөрчлийн чиглэлээр өмнө нь ямар ажил зохион байгуулж байсан бэ?

-Өмнө нь бид аймаг, дүүргийнхээ хэлтсүүдээр дамжуулан гэртээ хүүхдээ харж буй эцэг эхчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгдөг байсан.

Гэр цэцэрлэгийн асуудлаар Боловсролын яамтай хамтарч ажиллана.

Мөн 0-6 насны хүүхдүүдийн стандартын дагуу хөнгөвчилсөн сургалтууд явуулдаг. Үүнийг л гэр цэцэрлэг нэгтгэнэ. Тиймд бид энэ чиглэлээр арга зүйгээ улам сайжруулах тал дээр ажиллана.

-Жилд хичнээн сургалтыг зохион байгуулж, хичнээн эцэг эх хамрагдсан бэ?

-Өнгөрсөн жил Налайх дүүрэгт 0-6 насны эмзэг бүлгийн 300 гаруй эцэг эхэд 10 гаруй удаагийн үнэ төлбөргүй сургалтыг зохион байгуулсан. Бид боломжоороо албан бус сургалтын төвүүдтэй хамтарч ажиллах хэлбэрээр явж байгаа.