Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү
2013.08.15

Б.Жавзанхүү: Энэ жил 9000 хүүхэд уралдаанд оролцсон

МҮОНТВ-ийн “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн зочноор Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал, үйлчилгээний газрын дарга Б.Жавзанхүү оролцлоо.

-Энэ жил унаач хүүхдүүдийн аюулгүй байдал хэр хангагдав. Танай байгууллагын зүгээс яаж ажилласан бэ?

-Он гарснаас хойш хавар болсон хэд хэдэн уралдааны хүүхдэд учирсан аюулгүй байдал, эрсдэлийг тооцоолж, зун намрын уралдаанд илүү анхаарал тавьж ажиллахаар ХАХНХ-ын сайдын өгсөн үүргийн дагуу Хүүхдийн төлөө үндэсний газар орон нутгийн салбар нэгжүүдтэйгээ холбоо тогтоож, онцгой арга хэмжээ авч ажиллалаа.

Өнөөдрийг хүртэл орон даяар болж буй бүх уралдаанууд, түүнд оролцож буй унаач хүүхдүүдийг бүртгэж байна. Бүртгэлээс харахад долоодугаар сарын нэгнээс хойш 250 гаруй уралдаан болсон. Түүнд давхардаагүй тоогоор 9000 орчим унаач хүүхэд оролцсон.

Бүсийн хэмжээний уралдаанд оролцсон хүүхдүүдээс 81 хүүхэд мориноосоо унаж, 11 нь хүндэвтэр гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн.

Улсын баяр наадам, Засгийн газрын шийдвэрээр явж байгаа хурдан морины бүсийн, шигшмэл гээд томоохон уралдаануудад манайхаас ажлын хэсэг гарч ажилласан.

Бүсийн хэмжээний уралдаануудад 7000 орчим хурдан морь унаж уралдаанд оролцсон хүүхдүүдээс 81 хүүхэд мориноосоо унаж, 11 нь хүндэвтэр гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн.

Үүний дараа сая дэлхийн дээд амжилтыг хоёр төрлөөр гиннест бичүүлэх санаачилгыг дэвшүүлсэн ММСУХ-ны зохион байгуулсан арга хэмжээ боллоо. Энэ уралдаанд тодорхой арга хэмжээ авч ажиллах шаардлагуудыг холбогдох талуудад дэвшүүлсэн.

Ялангуяа уралдааныг санаачлан зохион байгуулсан ММСУХ, Цагдаагийн ерөнхий газрын нийгмийн хэв журмыг хамгаалах газар, НЭМГ-ын харьяа ЯТТ-ийн төвийн ажилтан, албан хаагч, удирдлагуудтай удаа дараагийн уулзалтын дүнд хамтын ажиллагааны нарийн төлөвлөгөө, шийдвэрүүд гаргаж ажилласан.

Зохион байгуулагч талын хариуцлагатай зохион байгуулалтын үр дүнд унаач хүүхдүүдийн аюулгүй байдал, амь нас, эрсдэлээс хол байлаа.

-Унаач хүүхдийн аюулгүй байдлыг харахад өмнөх жилүүдээс илүү сайжирсан зүйл нь юу байв. Аль талдаа анхаарах шаардлагатай байна вэ?

-Энэ жилийн наадмуудад хүүхдийн гэнэтийн ослын гэж нэрлэгддэг даатгалын системд өөрчлөлт орсон. Даатгалын үйлчилгээ явуулдаг 13 байгууллагаас Хүүхдийн төлөө үндэсний газар сонгон шалгаруулж хүүхдэд илүү ээлтэй үйлчилгээ үзүүлэх, хурдан шуурхай, зохион байгуулалттай өөрчлөх, бидний тавьж буй шаардлага зөвлөмжийг шууд хүлээж авах ямар байгууллагууд байгааг сонгосон.

Гэнэтийн ослын даатгалд нийт хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь энэ даатгалд бүрэн хамрагдсан.

Эндээс зургаан байгууллагыг сонгож, нэг л шаардлага тавьсан. Тэр нь амь нас эрүүл  мэндийн даатгалын суурь үнэлгээг өөрчилж, доод тал нь таван саяас дээш тооцож, тэндээс тодорхой тооны шимтгэл хувийг нь тогтоож аваач гэсэн. Тэгээд энэ наадмуудад 20-30 мянган төгрөгийн хураамжтайгаар гурав, таван саяас дээш төгрөгийн үнэлгээтэй даатгалууд хийгдэж, нийт хүүхдүүдийн 90-ээс дээш хувь нь энэ даатгалд бүрэн хамрагдсан.

Ер нь нийтлэг байдлыг харахад манай уяачид хурдан морио жилийн турш уралдаанд бэлтгэдэг хэрнээ унаач хүүхдээ бэлтгэх, хамгаалах хэрэгслийг нь бэлтгэх асуудалд төдийлөн цаг гаргадаггүй. Сүүлийн уралдаанд 4249 морь уралдсан. Энэ хүрээнд бид 100 хувь хамгаалалтын малгайг шаардсан. Цаашид бид хамгаалах хувцасны зөв сонголт, харилцан өрсөлдөөн бүхий чанартай хувцасны хэрэглээ хангамжийг нэмэгдүүлэх тал дээр анхаарал тавих хэрэгтэй болж байгаа.