С.Эрдэнэ: Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих нь манай яамны тэргүүлэх чиглэл
УИХ-ын Гишүүн, Хүний Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Сайд С.Эрдэнэ
2013.07.17

С.Эрдэнэ: Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих нь манай яамны тэргүүлэх чиглэл

Дэлхийн хүн амын өдөр долоодугаар сарын 11-ний өдөр тохиосон. Энэхүү өдрийг тохиолдуулан  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг “Ярилцах танхим”-даа урьж, ярилцлаа.

-Монгол түмний баяр наадам эхлэхтэй зэрэгцэн Дэлхийн хүн амын өдөр тохиолоо. Та сайхан наадав уу?

-Сайхан наадлаа. Хүннү гүрэн үүсэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам сайхан болж өнгөрлөө. Энэ жилийн наадам нар хур тэгширсэн сайхан өдрүүдэд тохиосон болохоор ч тэр үү монголчуудын маань сэтгэл тэнэгэр байна.

-Дэлхий дахинаа жил бүрийн долоодугаар сарын 11-ний өдрийг Дэлхийн хүн амын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд хүн амын өдрийг хэрхэн  тэмдэглэн өнгөрүүлсэн бэ?

-НҮБ “Дэлхийн хүн амын байдал-2012” тайлан, илтгэлийн үндсэн сэдвийн хүрээнд “Тохиолдлоор бус, төлөвлөлтөөр: Гэр бүл төлөвлөлт, хүний эрх ба хөгжил” гэсэн уриалгыг дэвшүүлсэн. Хүн амын дийлэнх хэсгийг нөхөн үржихүйн насны иргэд эзэлдэг, хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хөгжлийн үзэл баримтлал бүхий манай улсын хувьд энэхүү асуудал нь анхаарлын төвд тавигдах асуудал бөгөөд энэхүү уриалгыг дэмжиж,

2013 оны Дэлхийн хүн амын өдрийг “Өсвөр насны охидын жирэмслэлт” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Монгол Улсын хувьд 2012 оны байдлаар 15-19 насны нийт 120 гаруй мянган охид байна. 15-19 насны 1000 охид тутамд ноогдох өсвөр насны охидын төрөлтийн тоо 1990 онд 39 байсан бол 2005 он гэхэд бараг 2 дахин буурч 15 -д хүрсэн. 

Дэлхийн хүн амыг тоолж байна

Ер нь сүүлийн зургаан жилийн туршид  15-19 насны 1000 охин тутмын 19-20 нь төрж байна.  Өөрөөр хэлбэл энэ  төрөлтийн түвшин 2005 оноос хойш буурахгүй байгаа юм. Өсвөр насанд охид төрөх нь охидод төдийгүй тэдний гэр бүлийнхэнд төдийлөн таатай биш байдаг. Ялангуяа охид сурч боловсрох, ирээдүйд сайн сайхан амьдрах боломжоо алдаж, цаашдаа ажилгүйдэл, ядууралд өртөх эрсдэлтэй болдог.  

 -Тэгвэл өсвөр насны охидын жирэмслэлтийн асуудлыг төрөөс хэрхэн анхаардаг вэ?

-Өсвөр насныхан  хүн амын чухал бүлэг юм. Тэднийг онцгой анхаарах ёстой. Өсвөр наснаас эхлэн бусадтай ялангуяа өөрсдийн үе тэнгийнхэнтэй тогтоосон нийгмийн харилцааг өргөтгөх, үерхэх нөхөрлөх, дурлах, нийгэмд хувь нэмэр оруулах, өөрийгөө тодорхойлох, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, алдартай хүмүүстэй өөрийгөө жиших гэх мэтээр нийгэм, бие сэтгэхүйн онцлогууд хөгжиж ирэх чухал үе байдаг.

Өнөөдөр Монгол улсад өсвөр үе залууст хөгжих, дээрх хэрэгцээнүүдийг хангах орчин, нөхцөл огт бүрдээгүй байдал нь залуусыг өөр сөрөг зүйлсд хандуулах үндсэн нөхцөл болжээ гэж дүгнэж байна.

Өсвөр үе, Залуучуудыг авьяас болон давуу талуудад нь тулгуурлан хөгжүүлдэг болох хэрэгтэй байна. Тэдэнтэй ажилладаг багш нар, нийгмийн ажилтнууд, хүүхдийн байгууллагын ажилтнуудад өсвөр үеийнхний тэдний нас, хөгжлийн онцлог байдалд нь тулгуурлан өв тэгш хөгжүүлэн, төлөвшүүлэх хандлагад сурган хэвшүүлэх ажил мөн дутагдаж байна.

Хүн бүрт хөгжих боломжийг бүрэн олгох тэдгээрийн үйл ажиллагааг иргэдийн өөрсдийнх нь оролцоон дээр тулгуурлан бага өртгөөр, сонирхолтой хэлбэрээр хийхэд нийгмийн үйлчилгээг сайжруулах хэрэгтэй. Өсвөр насны охидын жирэмслэлт, төрөлтийн түвшин, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, түүний хүндрэлийг бууруулахад анхаарч Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн бодлогод тусган хэрэгжүүлдэг ч хангалтгүй байна.

Гол асуудал нь  өсвөр насныханд нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай, шуурхай үйлчилгээг цаг алдалгүй  хүргэх, багаас нь зөв зан үйлийг  төлөвшүүлэх  ёстой байдаг.  

Өсвөр насныханд нөхөн үржихүйн сургалт хэрэгтэй

Тиймээс бид шинэчлэн боловсруулж буй төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогоороо өсвөр насныхныг өөрийгөө илэрхийлэх, манлайлах чадвартай, бүтээлч, хариуцлагатай иргэн болж төлөвших нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ тэдний насанд хүрэх шилжилтийн үеийн онцлогыг  тооцож тэдэнд нөхөн үржихүйн болон эрүүл амьдралын боловсрол, зөв зан үйл, хандлагыг төлөвшүүлэхийг чухалчлах болно.

-Монгол Улсын хүн амын дунд хэд орчим  насныхан зонхилж байна вэ. Насны бүтцийн хувьд ямар байдалтай байна вэ?

-Нийт хүн амын тоонд насны бүлэг тус бүрийн хүн амын эзлэх хувийн жин жил тутамд өөрчлөгдсөн байдаг. 1990-ээд оноос өмнө Монгол Улсын хүн ам насны бүтцийн хувьд залуу бүтэцтэй орны тоонд ордог байсан. 2012 оны байдлаар нийт хүн амын 27.7 хувийг 0-14 насны хүүхэд, 66.5 хувийг 15-59 насныхан, 5.8 хувийг 60 ба түүнээс дээш насныхан эзэлж байна.

Тиймээс одоо насны бүтцийн хувьд ерөнхийдөө идэр бүтэцтэй орон гэж үзэж болно. Манай улсад НҮБ-ийн Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр 2012 онд хийгдсэн “Монгол Улсын хүн ам зүйн өөрчлөлтийн нийгэм, эдийн засгийн хөгжил, нийгмийн бодлого дах нөлөөлөл” судалгаанд тодорхойлсноор хүн ам зүйн хувьд цонх үе тохиож байгаа юм.

Өөрөөр хэлбэл, тэжээлгэгч насны хүн ам тогтвортой эсвэл буурч байхад хөдөлмөрийн насны хүн ам өсөж байгаа үе буюу хөдөлмөрийн насны бүлэг (15-64 нас) нилээд хэдэн арван жил 68 орчим хувийг эзлэн тогтвортой байхыг энэ судалгаа харуулсан. Энэ нь нийгэм эдийн засгийн хөгжилд таатай нөхцлийг бүрдүүлэхийн зэрэгцээ төрөөс хүн ам зүйн бодлогод онцгой анхаарал шаардлага бий болсныг харуулж байна.

Нийт хүн амд эзлэх 0-4 насныхан 2000 оныхоос бага зэрэг өссөн нь 2006-2009 онуудад төрөлт нэмэгдсэнтэй холбоотой. Харин 5-19 насны бүлэг дэх хүн амын хувийн жин өмнөх 10 жилийнхээс буурсан нь 2005 оноос өмнөх жилүүдэд төрөлт бага байсантай холбон тайлбарлаж болох юм. 20-24 насны хүн амын тоо хэмжээ харьцангуй их байгаа нь 1980-аад оны болоод 1990-ээд он хүртэлх төрөлтийн өндөр түвшинтэй холбоотой юм.

-Яг одоо хүн амын дийлэнх хэсгийг залуу насныхан эзэлж байгаа юм байна. Энэ  үед залуучууддаа чиглэсэн ямар бодлого, арга хэмжээг төрөөс авч хэрэгжүүлж байна вэ?

-Манай Улсын таван хүн тутмын нэг нь 15-24 насны залуучууд, нийт хүн амын 37.5 хувийг 15-34 насныхан эзэлж байна. Залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх бодлогыг дэлхий нийтээр баримтлах боллоо.

Энэ нь хөгжиж буй улс орны хүн амд залуучуудын эзлэх хувь нэмэгдсэн, дэлхий нийтийн хөгжилд даяарчлалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болж, залуучуудын санаа бодлыг сонсож, шийдвэр гаргах болон хөгжлийн үйл явцад тэдний идэвхтэй санаачилга, дуу хоолой, оролцоог хангах, эрхэд суурилсан хандлагыг хэрэгжүүлэх шаардлага гарч байгаатай холбоотой юм.

Манай улс 2006 онд батлагдсан “Өсвөр үе, залуучуудын хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа ба Залуучуудын хөгжлийн талаар баримтлах шинэчлэлийн бодлого, зорилтоо тэдний оролцоотой тодорхойлох зорилгоор үе шаттай арга хэмжээнүүдийг төлөвлөн ажиллаж байна. 

2013 онд, “Өсвөр үеийнхний хөгжлийн форум 2013”  болон  “Залуучуудын хөгжил–шинэчлэлийн бодлого, зорилт” үндэсний чуулганыг зохион байгуулсан. Залуучуудын чуулганыг угтан “Залуучуудын хөгжилд хамтдаа” сарын аяны хүрээнд залуучуудын хөгжлийн асуудлаарх салбар дундын оролцоо, хамтын ажиллагааг бий болгох, харилцан мэдээлэл солилцох, үйл ажиллагааны уялдаа холбоог хангах зорилго бүхий хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна.

Залууст зориулсан бодлого хэрэгтэй

-Та сая төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого боловсруулж байгаа гэж дурьдлаа. Тэгвэл та одоогийн Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого 2004 онд батлагдсан хэрэгжиж эхэлснээс хойш одоо хэрэгжилтийн гурав дахь үе шатандаа буюу ес дэх жилдээ хэрэгжиж байна.

Энэ бодлого нь  хүн амын төрөлт, нас баралт, байршил, шилжих хөдөлгөөн, гэр бүл, жэндэрийн тэгш байдлыг хангах, өсвөр үе, залуучууд, хүүхэд, ахмад настан, тахир дутуу иргэдийн асуудлууд, мөн хүн амын эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, орлого ядуурал, орон байр, хоол хүнс, байгаль орчны чиглэлээр  зорилго, зорилтуудыг  дэвшүүлсэн.

Энэхүү бодлого нь олон салбарыг хамарсан, хүн  хөгжлийн цөм гэдгийг харуулсан, хүний эрх, Үндсэн хууль, соёлын үнэ цэнийг дагаж мөрдөхийг заасан, жендерийн тэнцвэртэй байдлын чухлыг дурдсан, үндэсний бодлого, хөтөлбөрт хүн амын асуудлыг чиглүүлэх хэрэгцээг гаргаж  ирсэн зэрэг сайн талуудтай ч зарим нэг залруулах асуудал бий.

-Ямар дутагдалтай асуудал бий гэж, та заримаас нь дурьдана уу?

-2004 онд батлагдсан бодлого салбар дундын зохицуулалт шаард­лагатай зорилтууд дээр хариуцагч болон хамтран хэрэгжүүлэгчийг заагаагүй, салбар дундын уялдааг хангах асуудал хангалтгүй тусгагдсан.

Бодлогын зорилго, зорилт хэт ерөнхий,  асуудал шийдвэрлэхэд буюу үр дүнд чиглээгүй, бодлогыг хэрэгжүүлэх арга зам, түүнийг үнэлж дүгнэх механизмыг зааж өгөөгүй тул бодлогын хэрэгжилтийг үнэлэх дүгнэхэд төвөгтэй зэрэг дутагдлыг нэрлэж болно.

-Энэ  бүхэн Хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэхэд хангалттай үндэслэл болно гэж үү?

-Эдгээр дутагдлыг залруулах шаардлага байгаагийн дээр сүүлийн арван жилд Монгол Улсын үндэсний хөгжил, эдийн засгийн хөгжилд чухал өөрчлөлтүүд гарсан,  2010 оны хүн амын тооллого хийгдсэн, хүн амын  хэтийн шинэчилсэн тооцоотой уялдуулах,  манай улсад тохиож буй хүн ам зүйн урамшууллын цаг үеийг улс орны хөгжилд оновчтой үр дүнтэй ашиглах зэрэг шинэ нөхцөлүүдтэй уялдуулах, түүнчлэн хүн амын талаар тулгамдсан асуудлыг шийдэх шаардлага бий.  

-Хүн амын тулгамдсан асуудалд ямар асуудлууд орох вэ?

-Хүн ам зүйн талаас  шилжих хөдөлгөөн, ялангуяа залуучуудын хувьд хөдөөнөөс хотруу, гадаадруу шилжих хөдөлгөөн,  эрчүүдийн өндөр нас баралт, насжилт зэрэг бодлогоор авч үзэх олон тулгамдсан асуудлууд байгаа юм.

Хүн ам зүйн цонх үеийг боломж болох хөдөлмөрийн насны хүн амыг  оновчтой ашиглах, төрөх насны эмэгтэйчүүд олон байгааг ашиглаж төрөлтийг дэмжих бодлогыг хэрэгжүүлснээр хүн амаа өсгөх, улмаар  насжилтыг угтах бэлтгэлийг хангах шаардлагатай байна. 

Ялангуяа ойрын арван жилд хурдацтайгаар өсөн нэмэгдэх насжилтын асуудлыг анхаарч, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг урьдчилан тооцож нийгмийн халамж үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх, шинэ төрлийн нийгмийн үйлчилгээнүүдийг бий болгох, одооноос ирээдүйн ахмадуудыг орлоготой, хуримтлалтай, биеэ авч явах чадвар, чадамжтай болгох чиглэлээр дорвитой арга хэмжээнүүдийг төлөвлөн хэрэгжүүлэх шаардлага байна. 

Хүн амын асуудлыг хөгжлийн асуудлаас салгахын аргагүй.  Түүнчлэн хүн амын аж амьдралын түвшин, амьдралын чанарыг дээшлүүлэх,  ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, орон гэргүй, тэнэмэл иргэдийн асуудал, архидалт, хүүхэд, охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл, бүх нийтийн  эрүүл мэнд, хүн амын насан туршийн боловсрол, залуучуудын ёс суртахуун,  хүмүүжил  зэрэг нь шийдэх асуудлуудын тоонд зайлшгүй орно.

Дэлхий нийтээр охид, эмэгтэйчүүдийн асуудлыг онцгойлон анхаарч байна. 2013 оны гуравдугаар сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон “Охид, эмэгтэйчүүдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг арилгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх сэдэвт “Эмэгтэйчүүдийн аж байдлын комисс”-ын 57 дугаар чуулганаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл,

ДОХ/ХДХВ-ын асуудалд анхаарал хандуулах, эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах, орон нутаг болон улсын түвшинд хүчирхийлэлтэй холбоотой хүмүүсийн хандлага ба зан үйлийг өөрчлөхөд олон нийтийг дайчлах, татан оролцуулах, эрэгтэй, эмэгтэй хүний үүрэг хариуцлагын эрх тэгш хуваарилалт зэрэг асуудлуудыг улс орнууд хөндөж ярилцаж байсныг бид өөрийн орны нөхцөл байдалтай холбон анхаарах болно. 

-Хүн амын хөгжлийн цогц бодлого их өргөн хүрээний асуудлуудыг хамардаг юм байна. Олон салбарын асуудлууд ч байх шиг байна. Ийм өргөн хүрээний бодлогын хэрэгжилтийг хэрхэн хангах вэ?

-Тийм ээ. Хүн амын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал нь олон салбар дундын бодлого, зохицуулалт шаардсан үндэсний хөгжлийн цөм асуудал юм. Хүн амын хөгжлийн цогц бодлогын утга учир нь эндээс гарч ирнэ. Бид хүн амын хөгжлийн салбар дундын уялдаа, зохицуулалтыг хангах үүднээс Хүн амын асуудлаарх үндэсний хороог Засгийн газрын шийдвэрээр энэ онд байгуулсан. 

Хүн амын тогтвортой хөгжлийг хангах; хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдсэн нийгмийн хамгааллын цогц бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангахтай холбоотой асуудлыг Үндэсний хороогоор хэлэлцүүлж өөрийн үйл ажиллагааг бусад салбаруудын үйл ажиллагаатай уялдуулж байх, мөн бусад салбарын яамд хүнд чиглэсэн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхдээ энэхүү хороогоор хэлэлцүүлэн, бүх яамд саналаа нэгтгэх, үйл ажиллагаагаа уялдуулах боломжтой болсон.

-Энэ бүх асуудлыг хамарсан цогц  бодлогод баримлах гол зорилго,  зарчим нь ямар байх вэ?

-Хүн амын тогтвортой өсөлтийг дэмжиж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн хамгааллын цогц бодлогыг боловсруулж хэрэгжилтийг хангана гэсэн манай яамны алсын хараатай бид  хүн амын хөгжлийн цогц бодлогыг  уялдуулна.

Хүн ам цөөтэй орны хувьд хүн амын өсөлтийг хангах, Монгол Улсын нийгэм эдийн засаг, ногоон хөгжлийн чиг хандлагыг хүн амын зүйн шилжилт, насны бүтцийн өөрчлөлттэй уялдуулах, хүн ам зүйн шилжилтийн урамшууллын цаг үеийг улс орны хөгжилд үр дүнтэй ашиглах,

байгал цаг уурын хүчин зүйлийг зөв тооцож, өөрчлөлтөд дасан зохицон хүн амын нүүдлийн соёл иргэншлийг хадгалах, гадаад, дотоод шилжих хөдөлгөөнийг улс орны хөгжлийн тэргүүлэх чиглэл, бодлогын дагуу зохицуулах, хурдацтайгаар өсөн нэмэгдэж буй насжилтын асуудлыг онцгой анхаарч, ирээдүйн ахмадуудыг  хуримтлалтай, бие даах чадвар, чадамжтай болгох, хүн амын бүлгүүдийн нэн тэргүүний хэрэгцээг тэдний насныхны онцлогт тохируулан хангахын зэрэгцээ тэдний хөгжлийг гэр бүлгийн хөгжлийн хүрээнд хангахыг зорьж байна.

Бодлого нь  хүн ам зүй, хүн амын бүлгүүдийн хөгжил, гэр бүлийн хөгжлийн хүрээний асуудлыг цогцоор нь  агуулна.  Гэр бүлийг улс орны хөгжил, хүн амын нөхөн үржихүйн үндсэн нэгж гэж үзэж, шаардлагатай хамгааллыг бүрдүүлж, хүүхэд, залуучууд, ахмад настан зэрэг хүн амын бүлгүүдийг гэр бүлийн хүрээнд хөгжүүлж, хамгаалж, тэднийг эсэн мэнд, аюулгүй, амар тайван аж төрөх нөхцөлийг  бүрдүүлэх, нийгмийн хамгааллын доод хэмжээгээр хангахдаа хүний эрхийг дээдлэх, ялгаварлан гадуурхахгүй байх, хүйсийн тэгш байдлаг хангах, гэр бүлийн хөгжлийг эрхэмлэх, үндэсний өв соёл, зан заншлыг дээдлэх, тогтвортой хөгжил, ногоон хөгжлийн зарчмыг баримтална.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.