А.Долгор: Бид зөвхөн хүүхдүүдтэй бус гэр бүлтэй нь ажилладаг
"Хөгжлийн хэлхээ" ТББ-ын тэргүүн А.Долгор
2013.07.22

А.Долгор: Бид зөвхөн хүүхдүүдтэй бус гэр бүлтэй нь ажилладаг

“Хөгжлийн хэлхээ” ТББ-ын тэргүүн А.Долгортой байгууллагынх нь талаар болоод цаашдын зорилго чиглэлийн талаар ярилцлаа.

-“Хөгжлийн хэлхээ” ТББ-ынхаа талаар танилцуулахгүй юу?

-Манай байгууллага 2006 оноос хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа эхлэн, 2008 онд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээнд гишүүнээр орсноороо 2009 оноос нийслэлийн хэмжээний гуйлга хийдэг хүүхдүүдтэй ажиллаж эхэлсэн.

Бид 2009 онд олон улсын хөдөлмөрийн байгууллагын дэмжлэгтэйгээр нийслэлийн хэмжээний гуйлга хийдэг хүүхдийг илрүүлэн, тэндээсээ 30 гэр бүлийн 42 хүүхдийг  илрүүлж  нийгмийн ажил үйлчилгээ үзүүлсэн.

Манай байгууллага тэдгээр хүүхдүүдийг бичиг баримтжуулан, гэртээ очих дургүй байгаа шалтгааныг нь тодруулаад, гэрээр нь явж нөхцөл байдлын үнэлгээ гарган амьдралтай нь танилцсаны дараа эцэг эхтэй нь хамтран ажиллаж хүүхдийг гэр бүлтэй нь эргэн нэгтгэдгээрээ онцлогтой.

“Эрүүл нийгэм-иргэний оролцоо” төсөл

Одоогийн байдлаар манайх “Дүфрэнэ Горьеторийн сан”-Канадын байгууллагын тусламжтайгаар нийслэлийн хэмжээний хөдөлмөр эрхэлж байгаа болон гуйлга хийж буй хүүхдүүдтэй ажиллах нийгмийн ажил үйлчилгээний төсөл хөтөлбөрийг аваад хагас жилийнхээ тайланг хүлээлгэж өгсөн.

Бидний зорилго бол зөвхөн хүүхдүүдтэй ажиллах бус, гэр бүлтэй нь ажиллаж, гэр бүлийнх нь орлогыг нэмэгдүүлэх, эцэг эх, гэр бүлийн гишүүдийг ажилд зуучлан ажилтай болгох.

Нийгмийн ажлын үйлчилгээний үр дүнд хүүхэд тэдний гэр бүлийн  хүмүүсийн оролцох, хамгаалуулах, хөгжих, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хангаж тэднийг нийгмийн идэвхитэй, хүнлэг энэрэнгүй иргэн болгон төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Энэ хүрээнд хүүхдийн өдөр өнжүүлэх Баясгалант төв маань БЗД-ийн 19 дүгээр хороонд байрлан цагаан давааны хогийн цэгийн ба хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдүүдэд зориулагдаж, БЗД 5-р хорооны Бяцхан зөгий төвийн хувьд хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд зориулсан өдрийн үйлчилгээнд одоогоор нийтдээ 40 хүүхдэд үйлчилгээ үзүүлж байна.

-Танай байгууллагын хамгийн сүүлийн үед хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагаа юу байна вэ?

-Манай байгууллагын томоохон үйл ажиллагаа гэвэл хүнд нөхцөлд амьдарч буй орон гэргүй хараа хяналтгүй хүүхдүүдтэй ажиллаж, хүүхдийн хаяг тогтоох байгууллагаас ар гэрт нь арга хэмжээ авах шаардлагатай хүүхдүүдийг хүлээн авч байна.

“Эрүүл нийгэм-иргэний оролцоо” төслийг хэсэг залуучуудтай зохион байгуулж амны хөндийн ариун цэврийг сахих ач холбогдлын талаар таниулж, ахмадуудыг хүндлэх, хайрлах талаар суралцан тусламжийн гараа сунгахад хамтран ажиллаж, Гачуурт руу аялал зохион байгуулсан.

Хөл бөмбөгийн тэмцээний үеэр

Ер нь хүнд нөхцөлд амьдарч буй хараа хяналтгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг спорт, урлагаар нийгэмшүүлэх нь илүү байдаг. Урлагаар нийгэмшүүлэхэд цагийн багшаас эхлээд санхүү мөнгөний хувьд хүндрэлтэй учраас өөрсдийнхөө бололцоон дээр тулгуурлан спортын арга хэмжээг түлхүү зохион байгуулдаг.

Хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхийн тулд спортын дугуйлан секцэнд хамруулж байгаа. Түүний хажуугаар сургууль завсардсан хүүхдүүдийг сургуульд хамруулдаг.

Энэ онд халамжийн байгууллага Домвоскогоос халамжийн байгууллагууддын дунд зохион байгуулсан сагсан бөмбөг, хөл бөмбөгийн тэмцээнд манай  эмэгтэй баг  сагсан бөмбөгөөр хоёрдугаар байр, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээ, олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүр хүүхдийн хөдөлмөрийг устгая нэрийн дор тэмцээн явуулдаг.

Энэ тэмцээнд манай охид хөвгүүд нийлсэн 30-аад хүүхэд оролцон эмэгтэй баг тэргүүлж цом,алтан медалиар тус тус шагнагдсан.

-Танайхтай ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаасаа ялгагдах онцлог, давуу тал юу вэ?

-Манай байгууллагын давуу тал гэвэл өдрийн үйлчилгээг өвөл зунгүй тасралтгүй үзүүлдэг. Мөн кейс менежмент маш сайтай. Манай кейс менежментийг гүйцэх байгууллага байхгүй гэхэд илүүдэхгүй. Бид хараад суух биш хүрч үйлчилдгээрээ илүү онцлогтой.

Манай байгууллага өдрийн үйлчилгээг өвөл зунгүй тасралтгүй үзүүлдэг.

Үйлчилгээ үзүүлснээр эцэг эхчүүд өөрсдөө ирж зөвлөгөөгөө аваад харилцан ярилцдаг болсон төдийгүй хүүхдүүд маань гэр орондоо байршиж, гарч буй бэрхшээлтэй асуудлаа харилцан ярьж шийдвэрлэх боломж нээгдээд байгаа.

Нэг ёсондоо хараад суух биш шийдвэрлэх боломж бололцоог хамтран ярилцаж шийдвэрээ гэр бүл өөрсдөө гаргадгаараа онцлогтой.

-Цаашдын үйл ажиллагааны зорилго юу байна вэ?

-Улаанбаатар хотын хэмжээнд гуйлга гуйдаг хүүхдийг байхгүй болгох . Мөн хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүд, тэдний гэр бүлийг хөгжүүлэх,спорт урлагаар нийгэмшүүлэх  зорилготой байгаа.

Түүнчлэн хүүхдийн өөрийн байгууллагуудыг санаачилах бэлтгэл ажилдаа ороод байна. Төгсгөлд нь манай байгууллагыг дэмжин ажиллаж буй байгууллагууд, хувь хүмүүс,төрийн болоод төрийн бус байгууллагуудын хамт олондоо талархаж байгаа уламжилж байна.