Бодит хамгаалалт, хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийхийг шаардах тухай
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж;
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд;
Монгол Улсын Их Хурлын Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж; Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэ;
Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа;
Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат;
Монгол Улсын Их Хурлын Эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг;
Монгол Улсын Ерөнхий сайд Н. Алтанхуяг;
Монгол Улсын Хуульзүйн сайд Х. Тэмүүжин;
Цагдаагийн Ерөнхий Газрын дарга, бригадын генерал Б. Билэгт нарт
Бодит хамгаалалт, хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийхийг шаардах тухай
Хууль байна… Гэвч хохирогч хамгаалагдаж чадахгүй байна!!!
Хэрэг 1. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 21 настай бүсгүй найз залуудаа зодуулсны улмаас бүх эрхтэн нь няцарч, цөс нь хагарч, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг гарлаа. Энэ бүсгүй цагдаагийн байгууллагад хандсан ч туслалцаа авч чадсангүй.
Хэрэг 2. 2013 оны 9 сард Говьсүмбэр аймагт багш эмэгтэйг нөхөр Г нь барилгын багажаар зодож, бүх ясыг нь хугалж амь насыг нь хөнөөжээ. Тэрээр эхнэртэйгээ 21 жил ханилах хугацаандаа байнга зодож, 31 шүдийг нь булга цохиж, хүнд гэмтлүүд удаа дараа учруулж байжээ.
Хэрэг 3. Хөвсгөл аймагт 16 настай Б-г 3 жилийн турш авга эгч нь амбаартаа хорьж тарчлааж байсан. Долоо хоногийн турш хоолгүй байсан хүү амбаарынхаа модыг онгойлгож, хажуу айлаасаа идэх юм хулгайлан идэж байгаад баригдсанаар 2013 оны 5 сард энэ хэрэг илэрсэн.
Хэрэг 4. 2013 оны 5 сарын 04-ны шөнө эцэг нь 5 настай хүүгээ заазуурдсан. Тэрээр 2 настай охиноо “ална” хэмээн тогоо руу шидэж байжээ. Тэрээр 2012 оноос хойш хэрэг болох хүртэл 10 удаа эрүүлжүүлэгдэж, 5 удаа Захиргааны хариуцлагын хуулийн дагуу баривчлах, торгох арга хэмжээ авахуулж байжээ.
Хэрэг 5. 2012 оны 9 сарын 13-ны шөнө Х гэгч нь төрөөд 10-хан хонож байсан нялх биетэй эхнэрээ зодож биед нь олон тооны гэмтэл учруулан, хоолойг нь боомжилж амь насыг нь хөнөөсөн.
|
Хэрэг 6. 2012 оны 4 сард 22 настай хохирогч Г нь нөхөртөө 12 удаа хутгалуулж амиа алдсан. Тэрээр цагдаа, шүүхийн байгууллагад өөрийгөө хамгаалуулахаар удаа дараа хандсан ч туслалцаа авч чадаагүй. (Хэргүүдийн талаарх мэдээллийг хавсаргав)
Гудамжинд юмуу өөр газар үйлдэгдвэл гэмт хэрэг болдог, гэр оронд, дотны харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдвэл зөрчил, эсвэл юу ч биш болдог энэ ялгавартай байдлыг арилгаагүй цагт энэ төрлийн хэргийг эрт үед нь таслан зогсоож чадахгүй нь дээрх хэргүүдээс тодорхой болж байна.
Цагдаагийн байгууллагын ажилтнууд гэр бүлийн хүчирхийллийн дуудлагад ач холбогдол өгдөггүй, “гэр бүлийн хэрүүл, маргаан бидэнд хамаагүй” гэж үзэн төвөгшөөх, дуудлагаар ирсэн ч хоорондоо зохицохыг зөвлөн орхиж явах хандлага давамгайлсаар байна.
Хэдийгээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжээд 9 жил болж байгаа ч уг хуулийг батлахдаа бусад хуульд оруулах өөрчлөлтийг хамт батлаагүйгээс энэ мэт өрөөсгөл зохицуулалт өдийг хүртэл үйлчилж ирлээ.
Эрүүгийн хуулинд заналхийлэх, тарчлаах, гэмтэл учруулах зэрэг үйлдлүүдийг гэмт хэрэгт тооцдог ч гэр бүл, ахуйн хүрээнд үйлдэгдсэн тохиолдолд ихэнхдээ хэрэг үүсгэдэггүй, үүсгэсэн ч удалгүй хэрэгсэхгүй болгосоор байна.
Энэ бүхнээс харахад хохирогчид байнгын дарамт, зовиур шаналал, өвдөлт авчирч, улмаар амиа хорлох, амь насаа алдахад хүргэдэг ч гэр бүл, дотны харилцааны онцлогоос шалтгаалан далд үйлдэгдэж, давтагдан даамжирдаг шинжийг нь харгалзсан хуулийн хамгаалалт шаардлагатай байна.
Хүчирхийлэлд өртөгч цоожтой хаалганы цаана аюултай нөхцөл байдалдаа 24 цагийн турш ямар ч хамгаалалтгүй байдаг эрсдлийг харгалзан, ноцтой үр дагавар авчрах үйлдлүүдийг “гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг” гэж тов тодорхой зүйлчлэн хуульчлаагүй цагт хохирогч хэзээ ч хамгаалагдаж чадахгүй. Гэр бүлийн дотоод асуудал гэдгээр хаацайлагдаж үлдсээр, эцэст нь хэн нэгнийх нь амь нас хохирсоор байх болно.
Үйлдэл нь яг ижил хэрнээ хаана үйлдэгдэж байгаагаас шалтгаалан хариуцлага нь өөр болдог хуулийн шударга бус хандлагыг өөрчлөх цаг болжээ.
Хамгийн түгээмэл үйлдэгддэг ч хамгийн бага мэдээлэгддэг далд гэмт хэргийн хохирогчийг бүрэн хамгаалж, гэм буруутанд оновчтой хариуцлага хүлээлгэж чадахуйц хуулийн шинэчлэлийг тэргүүн ээлжинд хийхийг ШААРДАЖ БАЙНА!!!
“Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай” хуульд заасан хугацааны дотор гаргасан шийдвэр, хийхээр төлөвлөж байгаа алхмуудын талаарх хариугаа бидэнд бичгээр өгнө үү! Таны өгсөн амлалт, хариултыг бид олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэн иргэдэд танилцуулах болно.
Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төв
Алхам алхамаар хөгжлийн төлөө
“Бүх нийт боловсролын төлөө” Иргэний нийгмийн үндэсний эвсэл
Бүсгүйчүүд 21-р зуун
ДемоКрейзи залуусын төв
Казак эмэгтэйчүүдийн Арулар холбоо
Иргэдийн Альяанс төв
МОНФЕМНЕТ үндэсний сүлжээ
Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах “Гүнж” төв
“Монгол Өрх” сэтгэл заслын холбоо
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ
ЛГБТ Төв
Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэг
Монголын Эмэгтэйчүүдийн сан
Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд
Өсвөр үе, хөгжлийн төв
Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах төв
Хөгжлийн хэлхээ төв
Хөөрхөн зүрхнүүдийн аян
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийн холбоо
Хүйсийн тэгш эрхийн төв
Хүүхэд хамгааллын үндэсний сүлжээ
Хүүхэд хүүхдийн төлөө
Хүний эрх хөгжил төв
Тэргэнцэртэй иргэдийн холбоо
Эрчүүд эрүүл гэр бүл төв