О.Баасанхүү: Гэмт хэргийн тухай гэх нэрнээсээ эхлээд муу ёрын хууль болсон
УИХ-ын гишүүн О.Баасанхүү
2013.12.04

О.Баасанхүү: Гэмт хэргийн тухай гэх нэрнээсээ эхлээд муу ёрын хууль болсон

“Ярилцах цаг” булангийн энэ удаагийн зочноор УИХ дахь хуульч гишүүдийн нэг О.Баасанхүүг урилаа.

-Иргэдийн зүгээс хүлээлт дагуулсан Өршөөлийн тухай хууль яагаад сураггүй болчихов. Ун­шигчид манай редакц руу олноороо хандаж бай­гаа учраас энэ асуул­таар ярилцлагаа эхэлье?

-Өршөөлийн хууль улсын нууцад хамааралтай асуудлын нэг. Миний хувьд тодорхой төвшингийн хүмүүсээс асуусан. АН-ынхан “Гэмт хэргийн тухай хууль батлагдах гэж байхад Өршөөлийн хуулиар яадаг юм, наадахыг чинь оруулахгүй, хэлэлцэхгүй” гэсэн гэнэ лээ. Хамгийн зовлонтой юм нь, өнөөдөр хуулийн хийдэл ийм маягаар яваад байна. Уг нь Их хурлын гишүүн хууль санаачилсан л бол заавал авч хэлэлцэх ёстой.

Үндсэн хуулиараа тийм л үүрэгтэй байгаа. Манайд болохоор даргын зөвлөл гэж нэрлээд, УИХ-ын гишүүдийн дээр бас нэг толгой байдаг. Тэр даргын зөвлөл яриад энийг хэлэлц, тэрийг болохгүй гэхчлэн хууль санаачлагчийн эрхэнд халдаж байна. Жишээ нь, зарим хүн өргөдөл өгөөд ч хариуг нь авч чадахаа байлаа. Р.Амаржаргал гишүүнийг  харж байгаа  биз дээ, даргын зөвлөл боль гэсэн гэж байна.

-Тэгэхээр УИХ-ын дарга үүрэгдээд байна уу, зөвлөлийнх нь байр суурь яваад байна уу?

-Даргын зөвлөл гэдэг нь яг дарга нь юм уу, зөвлөл нь юм уу бас мэдэгдэхгүй байна шүү дээ. Яагаад гэвэл, би тэр зөвлөлийн хуралд нь суудаггүй. Тэгэхээр өнөөдөр тэр даргын зөвлөл дээр яг юу яригдсаныг мэдэхгүй. Хууль санаачилж, идэвхтэй дэмжиж буй хүмүүсээс нь асуухаар даргын зөвлөл дээр Гэмт хэргийн тухай хууль санаачлаад, тэр нь хэлэлцэгдээд явж байхад Өршөөлийн хуулиар яах гэсэн юм бэ гэсэн маягаар царцаасан байна гэж ойлгосон.

-Өршөөлийн тухай хуулийн агуулга эхнээсээ ойлгомжтой байгаа.  Шоронжсон байдлыг аль болох халах, нийгмийг эмчлэх, зөөлрүүлэхэд хуулийн үзэл санаа илүүтэй хандсан санагдах юм. Тэгвэл яагаад энэ байр сууриасаа ухрах болов гэдэг асуулт гарна байх? 

-Шоронжсон нийгмээ өөрчлөх бодол зарим хүнд байдаггүй юм шиг байна. Тэр нь хэд хэдэн шалтгаантай бололтой. Өнөөдөр шоронд ял эдэлж буй хүний тоогоор улсын төсөв яригдана. Яллагдагч, хүмүүжигчийн тоо өсвөл төсөв нэмэгдээд байна гэсэн үг. Тэгэхээр төсөв өндөртэй байгууллагыг удирдах нь  өөрөө гоё  байхгүй юу. Тухайлбал, хүмүүжигчид нэг ширхэг 00-ын цаас өгнө гэж тусгасан бол тэрийгээ өгсөн ч юм уу, үгүй ч юм уу.

Эрх нь хасагдсан хүмүүс өөрсдийнхөө төлөө ямар нэгэн  үг хэлэх бололцоо байдаггүй.Өөр нэг асуудал бол  ард түмэнд залхмаар харагдаж байгаа учраас өнөөдөр шоронг бөөгнөрүүлж нэгтгэх гэж байна. Тэ­дэнд 1500 хүнтэй шорон байгуулахад, тэр нөхдүүдэд газар нь гоё харагдаж байх шиг. Зайсангийн ам гоё харагдаж байна, Ам­галангийн орчим аятайхан байна, “Ганц худаг”-ийн газар ч гэсэн ний нуугүй хэлэхэд гоё харагдаж байгаа байхгүй юу, хүмүүст.

Монголд 1500 хоригдолд зориулсан том шорон хэрэггүй шүү дээ.

Тэгэхээр газарт нь болдог юм уу, юунд нь болж ямар учраас шоронг бөөгнөрүүлэх гээд байна вэ гэж харж байна. Түүнээс биш Монголд 1500 хоригдолд зориулсан том шорон хэрэггүй шүү дээ. Өнөөдөр манай улсад 6000 гаруй хүн ял эдэлж хүмүүжиж байна. Энэ тоог 2.5 сая хүн амд  харьцуулахад хэчнээн  шорон барих болж байна вэ. Ийм шоронжсон байдлыг багасгах хэрэгтэй.

Нөгөө талаас манайд ялын бодлого учир дутагдалтай байгаа. Бусад улс оронд сургалтаар ялын бодлогоо шийддэг. Та энэ төрлийн хичээлд суу, үгүй бол шоронд суу. Энэ багш танд хичээл заана гэхчлэн хуваарь гаргах жишээтэй. Манайд ийм бодлого байхгүй. Тэр хүнийг шорон руу  явуулж, цааш нь хийж байвал болоо гэдэг. Төрийн албан хаагчид зэрэг толгойтой, мэдлэгтэй хүмүүс өнөөдөр шоронд орж байна шүү дээ.

Тэнд тэгж ялзлахын оронд тэдний хэл ус, мэддэг чаддагийг хаана ашиглаж  болох вэ, гол нь тэднээр  төлбөрийг нь яаж төлүүлэх вэ гэсэн бодлого гарч ирэхгүй байна. Тэд улсад хохирол учруулсан бол барагдуулах ёстой. Төлсөн бол заавал ял эдлүүлэх гэж улайрах хэрэггүй л байхгүй юу. Ялын бодлогын хувьд манайх цогц бодлогогүйн улмаас учир дутагдалтай зүйлүүд байгаад байна. Тиймээс төр хүчтэй юм бол уучил, өршөөл үзүүл гэсэн зарчмаар би Өршөөлийн хуулийг дэмжиж байгаа.

- Гэмт хэргийн тухай хуульд  Өршөөлийн хуулийн агуулга, авууштай талуудыг  тусгасан юм болов уу?

-Нэрнээсээ эхлээд муу ёрын хууль гэж би үзэж байгаа. Гэмт хэргийг тайлбарласан хууль байж болохгүй. Гэмт хэргийг тайлбарлана гэдэг чинь гэмт хэргийг сурталчилж байна гэсэн үг. Гол нь гэмт хэргийг зогсоох, эсэргүүцэх ёстой. Монголчууд тэнэг хүмүүс биш. Эрүүдэх, эрүүгийн хэрэгт дуудах  гэсэн нь иргэдийн эрхэнд ноцтой халдаж буй хэрэг. Тэр нь тодорхой хэмжээний шийтгэлийн асуудал яригдана.

Тэр утгаараа би ийм аюултай юм хийх юм бол надад эрүүдэх гэдэг юм уу,ийм ял ирэх нь гэсэн айдсыг цаад хүмүүст тодорхой хэмжээгээр өгөх нь буруу биш. Харамсалтай нь манайд гэмт хэрэг гэж юу вэ гэдгийг тайлбарлаж  байна. Тэгэхээр энэ нь гайгүй гэмт хэрэг юм байна, тэр нь ноцтой юм байна гэж хэлснээр тэнд  гэмт хэргийн далд сурталчилгаа явагдаж байна. хууль доторх санкцуудыг харахад бакалаврын төвшний хүүхдүүдэд ч бичиж ирэхээргүй юм байгаад үнэхээр урам хугарсан.

Би үүнийг ганцаараа хэлж байгаа юм биш, эрдэмтэн, багш нар, судлаачид, шүүгчээр ажиллаж байсан хүмүүс, одоо төрд алба хашиж буй эрхмүүд юу хэлж байна гэвэл, энэ гэмт хэргийн хууль ямар аймшигтай муу хууль болж вэ гэж байна. Би хуулийн төслийг харсан, тэр болгоны төлөө бухимдах хэцүү. Монголын ард түмэн тэнэг биш учраас түүнийг нь   захын хүн  хэлнэ байх.

-Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах таны боловсруулсан төслийг Л.Эрдэнэчимэг гишүүн эсэргүүцэж  өөрийг тань лоббид автсан хэмээн  мэдэгдсэн.Энэ талаар таны тайлбарыг сонсъё?

-Аливаа хууль батлагдаж гарсан л  бол төгс гэсэн ойлголт байхгүй. УИХ-ын гишүүний  бүрэн эрх нэгэнт  Их хурлын гишүүн болсон гэдэг утгаараа  үндсэн гурван чиг үүрэгтэй. Тэр нь хууль санаачлах,  хуулийг сайжруулах, хуульд хяналт тавих үүрэг юм. Тамхины хяналтын тухай хуулийг би мэргэжлийн хүний хувьд, дээр нь иргэд сонгогчдын санал, судалгааны материалд үндэслэн сайжруулъя гэж бодсон.

Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд юу гэж үзэж байна вэ гэвэл,  хууль төгс төгөлдөр сайн болсон, засч болохгүй гэхчлэн  янз бүрийн зүйл ярьж дэвэргэж байна. Түүнээс биш би энэ хуулийн тухай ярих ямар ч сонирхол алга. Улайраад тэмцээд байгаа юм  байхгүй. Өнөөдөр бодит байдал ямар байна вэ гэвэл, гадаадад зорчиж буй хүмүүс илүүтэй мэдэх байх, манайхаас өөр улс оронд ямар байгааг. Онгоцны буудалд л гэхэд тамхи татах тусгай цэг бий.

Тухайн орнууд бүгд  тэр  асуудлаа шийдэж, хаана цэг байж болох вэ тэр газарт нь зөвшөөрлийн бүс, цэг бий болгосон байдаг. Тэгвэл манайд, жишээ нь УИД тамхи зардаггүй. Гэтэл их дэлгүүр нь тамхи худалдаалдаггүй улс орон дэлхийн хаана ч байхгүй. Тиймээс  би ядаж тэр орны их дэлгүүр тамхи зардаггүй шүү дээ гээд гаргаад ирээч гэж байгаа юм. Нөгөөтэйгүүр, хүмүүнлэгийн ажлын тухай асуудал бий. Тэр нь юу вэ гэвэл, хүн хор хийж зараад ашиг авч байгаа бол ашгийг нь багасгах хэрэгтэй. Хүн ашиггүй бизнес хийхгүй шүү дээ.

Хуульд хязгаарлалтын бүсийн тухай асуудал бий.

Ашгийг нь багасгах хоёр л хэлбэр бий. Нэг нь татвар, нөгөө нь тэд хүмүүнлэгийн ажил руу хөрөнгө оруулалт хийх ёстой. Харин түүнийгээ ил гаргаж зарлаж, сурталчилж болохгүй. Ядуу хүнд хувцас өгөх, хүнд өвчтэй нэгэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, тэгэхдээ манайх тамхи импортлогч компани шүү, дэмжээрэй гэж болохгүй. Тэр хүний хэрэгцээ л хангагдсан бол болоо. Тэгэхээр үүнийг яагаад хориглоод байгааг  нь би гайхаж байна. Ми­ний өргөн барьсан хуулийн үндсэн санаа ийм л байгаа.

-Нам өөр ч нэг  тан­химд тохой нийлүүлэн сууж хууль санаачилж, бат­лалцаж байгаагийн хувьд ойлголцож болохгүй ямар шалтгаан байгаа юм бэ? 

-Хуульд хязгаарлалтын бүсийн тухай асуудал бий. Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи зарахгүй, татахгүй гэх юм уу, хориг тавьсан байгаа. Миний хувьд нэгдүгээрт, татварыг нэмье. Гурван жилд нэг удаа онцгой албан татварыг нэмэгдүүлж байя. Хоёрдугаарт, тамхи татдаг цэгтэй больё, гуравдугаарт 500 метр гэж хориг тавьж байгааг 600  метр ч болгож болно, 100 метр ч болгож болно, гагцхүү судалгаан дээр ярья.

Яагаад гэвэл, хуульд маш олон судалгаа яригдаж байна. Тэр судалгааныхаа хүрээнд ярья гэж байгаа. Дараа нь  хүмүүнлэгийн ажлын тухай  асуудал хөндөж, амьдралд хэрэгцээтэй, иргэдэд шаардлагатай зүйлүүдийг ярьсан. Гэтэл үүний төлөө бухимдаж, сандарч  хэвлэлийн хурал дараалан зарлаад л,  учир начиргүй дайрч давшилж байгааг би ойлгохгүй байна.

-Гэхдээ хөдөө сум, багийн төвд хязгаарлалтын бүсийг 500 метр гэж үзэх нь хэрэгжих боломжгүй учраас таны боловсруулсан төсөл хуулийг амьдралд ойртуулъя гэснээрээ дэмжигдэх юм биш үү?

-Аливаа сайн юмны хажуугаар саар мундахгүй гэж үг бий. Бид аль, алийг нь зохицуулахын төлөө явах ёстой. Өнөөдөр бодох ёстой асуудлууд байна. Иргэд нэг сумаас аймгийн төв рүү тамхи авах гээд давхиж байна. Тэднийг тамхи авахын төлөө тэгж явааг нь хохь нь гэж болох ч нөгөө талаас нь авч үзэхэд бензин шатахуунаас эхлээд зардал чирэгдэл нь их байна.

Гадагшаа явж байгаа хүмүүсийг харахад нисэх буудал, гааль, хилийн боомтын татваргүй барааны дэлгүүрээс тамхи ихээр авч байна. Тамхи худалдаалдаг бизнес хумигдаагүй. Харин ч далд хэлбэрт орж улам нэмэгдсэн. Ер нь Тамхины хяналтын хууль гарснаар тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан. Тэр утгаараа өнөөдөр юу гэж үзэж байна вэ гэвэл, хориглосон бүсийн зай талбай нь 500 метр байна уу, 300 метр байна уу  гэдэг дээр судалгаа хийе л дээ. Тэр нь амьдрал дээр болж байна уу, болохгүй байна уу гэдгийг харъя.

-Тэгэхээр таны санаачилсан хуулийн төслийн гол  ач холбогдол юу вэ?

-Хууль хэрэгждэг болно. Ач холбогдол нь  ерөөсөө л тэр. Л.Эрдэнэчимэг гишүүний хувьд баар, цэнгээний газар дотор тамхи татдаг цэг бий болгох гээд байна, гадаа нь  сав гаргаж хажууд нь тамхиа татаад зогсч бай гэлээ гэж яриад байгаа. Өөрөө  харин ч хуулийнхаа эсрэг юм ярьж байна гэж би үзэж байгаа. Баар, цэнгээний газрын гадаа тамхи татаж болохгүй шүү дээ, тэр чинь олон нийтийн газар, гудамж талбай. Тийм биз дээ.

Тэгэхээр дотор нь  тамхи татаж болохгүй гэж байгаа юм чинь гадаа нь болохгүй гэсэн үг. Баар цэнгээний газар гэж зөвхөн доторхоо хэлдэггүй. Зочид бууд­лын гадаа тамхи татаж болохгүй. Байшин дотор­хийг нь зочид буудал гээд гаднахыг нь биш гэ­дэггүй биз дээ. Тэр утгаараа өмчлөлийн бүсэд нь тамхи татах хориотой, тийм л байгаа шүү дээ. Гэтэл өнөөдөр дотор нь тамхины цэг бий болгох гэж байгаа учраас аймшигтай гэж хүмүүсийг төөрөгдүүлж байна. Нөгөөтэйгүүр, сургууль, цэцэрлэгийн хажууд тамхины худалдаа хийлгэх гэлээ гэж байна.

Би сургууль, цэцэрлэгийн хажууд тамхи заруулах гээгүй, 100 метрийн тухай ч яриагүй. Миний үндсэн санаа би минимум төвшинг нь тавилаа, гишүүд яриад яагаад 500 метр гэж байгаа юм, ямар учраас 300 метр гэж байна вэ гэдгийг судалгаан дээр ярилцая гэсэн. Ингээд ярихаар тэр нь сурталчилгаа болоод байгаа юм. Тэр утгаараа би аль болох ярилцлага өгөхгүйг хичээдэг. Харамсалтай нь миний хамгийн их хүндэлдэг ганган Чимэгээ  гишүүн маань миний эсрэг хөдлөөд байгааг  л гайхаж сууна.