Бяцхан жаалуудын ирээдүйн хөгжилд анхаарав
“Хөгжлийн хэлхээ” төвөөс “Бяцхан жаалууд” загварын өдөрлөг зохион байгууллаа.
2013.08.23

Бяцхан жаалуудын ирээдүйн хөгжилд анхаарав

Өнгө өнгийн бөмбөлөгнүүд өлгөж, гялгар цаасан хайчилбаруудаар гоёсон бяцхан тайзыг харсан хэнд ч болов хүүхдэд зориулсан ямар нэг үзүүлбэр болох гэж байгаа нь ойлгомжтой.

Хөөрхөн болжмор жив жив жив

Жиргэж нисээд див див див

Амаа ангайгаад жив жив жив

Ангаахайн дэгдээхэй див див див гэсэн хүүхдийн дуу заалаар нэг хангинана.

Эцэг эхчүүд зургийн аппарат, камер, гар утсаа бэлтгэн хэзээ эхлэхийг нь тэсэн ядан хүлээнэ. Энэ бол “Хөгжлийн хэлхээ” төвийн дэргэдэх “Бяцхан зөгий”, Баясгалан ” өдөр өнжүүлэх төвийн  хамтран зохион байгуулж буй “Бяцхан жаалууд” загварын өдөрлөг эхлэх гэж байгаа нь билээ.

“Хөгжлийн хэлхээ” төвийн тэргүүн, хатагтай  А.Долгор өдөрлөгийг нээж үг хэлснээр үзүүлбэр эхэлсэн юм. Хоёроос таван насны гучаад хүүхэд монгол үндэсний хувцастай намбалаг гэгч нь ар араасаа алхсаар гарч ирлээ. Тэдний дундаас буриад зоны басганы хувцас өмссөн охин их л ялгарч харагдана.

Хоёроос таван насны гучаад хүүхэд монгол үндэсний хувцасаар гоёжээ.

Эцэг эхчүүд өөр өөрсдийнхөө хүүхдийн гарах ээлжийг хүлээж өндөлзөнө. Мөн халх эхнэрийн хувцас өмссөн охин, ноёны хувцас өмссөн хүү хоёул сугадалцан гарч ирж тайзыг хоёронтоо тойроод орлоо.

Дараа нь чөлөөт хувцасны загвар гарч бяцхан багачууд маань үлгэрийн киноны гол дүрд гардаг шиг цагаан цэнхэр, улаан ногоон “эрвээхэй” даашинзаар гоёж, хөвгүүд нь ханхүүгийн дүрд хувирчээ.

Тэдний дунд алхаж яваа хоёрхон настай охин хүртэл өөрийгөө жинхэнэ загвар өмсөгч болсон хэмээн бодож гараа ташаандаа барин их л хичээнгүй алхах нь хүн бүрийн өхөөрдлийг төрүүлнэ.

Үзүүлбэр дуусахад хүүхдүүдийн нүдэнд өөрсдөөрөө бахархсан инээмсэглэл тодорч, эцэг эхчүүдийн нүүрэнд “Хөгжлийн хэлхээ” төвийн багш, зохион байгуулагчдад баярласан сэтгэл илхэн харагдана.

“Бяцхан жаалууд” загварын үзүүлбэр нь хүүхдүүдийн гоо сайхан, биеэ зөв зохистой авч явах дадлыг багаас нь хэвшүүлэхэд ихээхэн ач холбогдолтой үйл ажиллагаа болсон гэдэгт эргэлзэхгүй байна.