ХТҮГ  “Монгол морь 3000” арга хэмжээнд хамтран ажиллаа
Унаач хүүхэд хамгийн чухал
2013.08.13

ХТҮГ “Монгол морь 3000” арга хэмжээнд хамтран ажиллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор дэлхийн дээд амжилтыг 2 төрлөөр Геннист бүртгүүлэх “Монгол морь 3000” үндэсний уралдаан, арга хэмжээг ММСУХ амжилттай зохион байгууллаа.

Уг уралдаан, арга хэмжээний үеэр унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах зорилгоор ХТҮГ-ын даргын тушаалаар ХХҮГ-ын дарга Б.Жавзанхүү, ХГБҮГ-ын дарга Х.Баавгай нараар ахлуулсан хүүхэд хамгааллын үндэсний баг бүхий ажлын хэсэг Хүй долоон худагт 5 өдөр зохион байгуулагчидтай хамтран ажиллаа.

Уг арга хэмжээнд аймаг бүрээс уяачдын гал ирж 12 аймаг, 4 дүүрэг болон нийслэлийн ХГБХГ-ын хүүхдийн эрхийн ажилтнууд ирж ажилласан бөгөөд хурдан морь унаач хүүхдүүдийг гал галаар нь бүртгэн

  • Аюулгүй байдлыг хангах, гэнэтийн ослын даатгалд хамруулах
  • Хамгаалалтын хувцас өмсөж уралдах талаар зөвлөмж өгч шаардлага тавих
  • Уралдааны гарааны ам бүрт цагдаагийн байгууллагын хэв журмын ажилтнуудтай хамтран хамгаалалтын хувцас, хэрэглэлд хяналт тавьж, үдэн гаргах
  • Тодорхой тооны ажилтнууд уг уралдааны явцад морь унаач хүүхдэд тулгарах эрсдлээс урьдчилан сэргийлэх, тусламж үзүүлэх зэрэг үүрэгтэй ажиллаа.

“Монгол морь 3000” үндэсний уралдаанд 4279 хурдан морь бүртгүүлснээс 4249 морь барианд орсон байна. Уг уралдаанд хүүхэд бүр хамгаалалтын малгайтай уралдсан бөгөөд ЯТТ 103-т ирсэн мэдээллээр 26 хүүхэд мориноос унаж, 3 хүүхэд зөөлөн эдийн гэмтэлтэй, бусад хүүхдүүд бэртэж гэмтээгүй байна.

ХТҮГ-ынхан ЯТТ 103-ийн эмч нартай хамтарч ажилласан бөгөөд мориноос унасан хүүхдүүдэд эмч нар анхан шатны тусламж үзүүлж, хүүхдийн байгууллагын мэргэжилтнүүд аюулгүй ажиллагаа, сэтгэл зүйн зөвөлгөө өгч  асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгсөн.

“Монгол морь 3000” Монголын үндэсний уралдаан Хүүхдийн эрх аюулгүй байдлыг хангасан монгол бахархлыг дэлхийд цуурайтуулсан сайхан арга хэмжээ болж өндөрлөлөө.