Д.Ганбат: Хүүхдийн амиар баярлана гэдэг байж боломгүй зүйл
УИХ-ын гишүүн Д.Ганбат
2013.07.24

Д.Ганбат: Хүүхдийн амиар баярлана гэдэг байж боломгүй зүйл

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УИХ-ын чуулганы завсарлагаанаар та ямар ажил амжуулж байна вэ. Тойрогтоо хэрхэн ажиллаж байна?

-Мөрдөх албаны тухай болон хэд хэдэн хууль дээр ажиллаж байна. Мөн орон нутагт ажиллаж иргэдтэйгээ уулзсан. Хэд хоногийн өмнө Тайвань улс руу яваад ирлээ.

Энэ улсад жижиг дунд үйлдвэр хэрхэн ажиллаж байгаатай танилцсан. Тайвань улсад Монголын нууц товчоо их хувиараа байдаг шүү дээ. Энэ түүхэн судар бичгийн хадгалалт хамгаалалтыг нь сонирхсон.

-Төсвийн тухай хуульд зарим нэгэн өөрчлөлт оруулахаар болсон.  Яг ямар зүйл заалтыг нь өөрчилж байгаа юм бэ?

-Төсвийн тухай хуульд Баянхонгор, Арвайхээр хоёрын хоорондох замын нэрийг буруу оруулчихсан байсан. Тэрийг нь өөрчилж оруулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Өвөрхангай-Нарийн тээлийн зам гэж оруулж байгаа юм л даа.

-Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-д нэрсийн жагсаалтаар орж ирсэн гишүүдэд бие төлөөлөгч байх хэрэгтэй юү гэдэг дээр маргаан гарч байсан. Та үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-д нэрсийн жагсаалтаар орж ирсэн, тойрогтоо нэр дэвшсэн гишүүдийн хооронд асар их ялгаа байгаа. УИХ-ын гишүүн тойрогтоо нэр дэвшсэн бол тэнд нь төлөөлөгч байх ёстой шүү дээ. Харин УИХ-д жагсаалтаар орж ирсэн гишүүд төлөөлөгч хэрэггүй гэж бодож байна.

Жагсаалтаар орж ирсэн гишүүдэд төлөөлөгч хэрэггүй гэдэгтэй би санал нэг байгаа. Тэд тойрог сонгоод төлөөлөгчтэй болно гэдэг асуудал ямар ч утга учиргүй зүйл. Харин тэрний оронд томоохон хуулиуд дээр цаг заваа гаргаж ажиллах хэрэгтэй гэж бодож байна.

Монгол Улс сонгуулийн 48 тойрогт хуваагдсан байдаг. Эдгээр тойрогтоо гишүүд ажиллаж байна шүү дээ. Харин тойрогтоо ажиллаж байгаа гишүүддээ төлөөлөгч нэмээд өгөх нь үр дүнтэй ажил болно гэж үзэж байна.

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн шийдвэрээр Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон. Ийм шийдвэр гаргасан нь түүхээ гуйвуулсан оролдлого гэж үзэх нэгэн ч байна?

-Сүхбаатарын талбайг Чингисийн талбай болгосон утга агуулгын хувьд зөв шүү дээ. Үнэхээр Чингис хааны нэрийг архины бөөрөн дээр наахын оронд ийм зүйл дээр өгөх нь зөв юм. Тэгэхгүй бол Чингис хааныг Казакстанууд, Өвөрмонголчууд булаацалдаж байна. Тэгэхээр үүнийг их буруу зүйл гэж үзэхгүй байна.

Чингис хааны нэрийг архины бөөрөн дээр наахын оронд ийм зүйл дээр өгөх нь зөв.

Чингис хааны нэрээр талбайг нэрлэх болсныг иргэдэд зөв тайлбарлах хэрэгтэй. Тухайлбал, Чингис хааны нэрийг архин дээр тавьчихсан байхад ямар ч хэл ам хийдэггүй шүү дээ. Би энэ талаар хууль өргөн барьчихсан байгаа. Сүхбаатарыг бас архин дээр тавьчихвал ямар байх билээ.

Энэ талаар ярьж, дуугарч байгаа хүн байхгүй байгаа биз дээ. Тиймээс Чингис хааныхаа нэрийг зөв зүйтэй зүйл дээр тавиад хуульчилаад явах хэрэгтэй. Монгол Улсын түүх ганцхан хувьсгалаар хязгаарлагдахгүй шүү дээ. Өнөөдөр үүн дээр маргах нь сонин биш. Ажил их байна

-Хилийн боомтын тухай хуулийн ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Энэ хуулийг УИХ-ын чуулган завсарлахаас өмнө нэлээд хэлэлцсэн. Яагаад батлагдсангүй вэ?

-Хууль батлагдах шатандаа явж байсан боловч хилийн боомтын талаар намын бүлгүүдийн хооронд ойлголцлын зөрүү гарсан. Тиймээс хойшилсон.

-Та УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга. УИХ-аас хүний эрхийг хамгаалах талаар ямар ажил хийж байгаа вэ. Хамгийн наад захын жишээ гэхэд хэд хоногийн өмнө болсон баяр наадмын үеэр хэд хэдэн морь унаач хүүхэд осолдож, нас барлаа шүү дээ. Үүн дээр хэрхэн анхаарах вэ?

-Үүн дээр бид анхаарах хэрэгтэй. Өвөл хөлдүү газар морь уралдуулахыг болиуллаа. Энэ бол бас том алхам. Бид цаашид их зүйлийг бодолцох хэрэгтэй. Уламжлал хэдийгээр байгаа боловч үр хүүхдийн хагацал зовлонгоор баярлана гэдэг байж боломгүй зүйл.

Тиймээс даатгалын системийг нь сайжруулах хэрэгтэй л дээ. Тэгэхгүй бол өнөөгийн цаг үед таарахаа больж байна. Үүнийг хэрхэн анхаарах талаар хүний эрхийн байгууллагууд нэлээд ажиллах хэрэгтэй гэж бодож байна.