Төрийн далбааны "төрсөн өдөр"-ийг тэмдэглэнэ
Өнөөдөр төрийн далбааны төрсөн өдөр
2013.07.10

Төрийн далбааны "төрсөн өдөр"-ийг тэмдэглэнэ

Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон далбаандаа хүндэтгэлтэй хандаж сурах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор төрийн далбааны өдөртэй болох хуулийн төслийг 2008 онд УИХ баталсан билээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нарын санаачлан батлуулсан уг хуулийн дагуу Төрийн далбааны өдрийг жил бүрийн долдугаар сарын 10-нд тэмдэглэдэг болсон.

Төрийн далбааны өдрөөр Сүхбаатарын талбайд цэргийн парад жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод буй. Тэгвэл энэ жилийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг Төрийн далбааны өдөртэй хамтатган тэмдэглэх юм байна.

Дашрамд дурдахад, Төрийн далбааны өдрийг ганц манай улс тэмдэглэдэггүй, дэлхийн олон улс оронд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна. Тухайлбал, Аргентин зургадугаар сарын 20, ОХУ наймдугаар сарын 22, АНУ зургадугаар сарын 14-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь ч түүхэн уламжлалтай холбоотой байдаг аж.

Төрийн далбааны өдрийг ганц манай улс тэмдэглэдэггүй, дэлхийн олон улс оронд бүх нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг юм байна.

Манай улсын хувьд 1945 оны долдугаар сарын 10-нд Х.Чойбалсан БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчдийн 43 дугаар хурлыг зохион байгуулж, түүн дээр Москвад хийсэн айлчлалын талаар ярьж, Монголын тусгаар тогтнолыг Хятадаар хүлээн зөвшөөрүүлэх талаар ЗХУ-аас тавьж буй хүчин чармайлт бүтэмжтэй болох тийш хандаж байгааг тэмдэглэжээ.

Энэ үеэр “БНМАУ-ын төрийн далбааны маяг, найрууллын тухай” асуудлыг хэлэлцэж, тусгайлан хэлэлцүүлжээ. Өөрөөр хэлбэл, тус хурлаар “БНМАУ-ын далбаа нь 2x1 хэмжээтэй улаан ба хөх өнгийн эдээр үйлдэх бөгөөд үүнд уртын гуравны нэг хувийн хэмжээгээр дундаа агаарын адил хөх өнгөтэй байх ба гуравны хоёр хувь нь болох түүний хоёр тал нь улаан өнгөтэй байна.

Ишинд уях талын улаан дэвсгэрийн дунд талд алтан шар өнгийн таван хошуу байх ба түүний доод талд мөн адил шар өнгөөр үйлдэгдсэн бөгөөд бадамлянхуа цэцэггүй соёмбо байна” хэмээн заажээ. Тэгэхээр Монгол Улсын Төрийн далбааны төрсөн өдөр нь долдугаар сарын 10 ч гэж болох аж.