Ордынх нь хил хязгаарыг тогтоож өгөх шаардлага бий
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр гишүүд асуулт асууж хариулт авав.
УИХ-ын гишүүн Р.Бурмаа: Бодлоготой болох асуудлыг дэмжиж байгаагаа илэрхийлээд хоёр зүйлийг тодрууллаа. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын 3.1.12-т улсын болон бүс нутгийн хөгжилд нөлөө бүхий томоохон хэмжээний ордыг нэгдмэл байдлаар ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлнэ гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ.
Мөн өмнөх заалтад нь баялгийн үнэлгээний тогтолцоог нэвтрүүлнэ гэж. Одоо ямар үнэлгээний тогтолцоо явдаг вэ. Үндсэн хуульд газрын доорх баялаг бол ард түмний өмч гэж бий. Энэ нийтийн өмчид бүртгэх, үнэлгээ үнэлж, тооцох тэр зүйл заалт бий юу. Энэ санаандаа ер нь юуг оруулж байна вэ. Баялгийн үнэлгээний тогтолцоог шинээр нэвтрүүлэх юм уу. Энэ хоёр заалт дээрээ тайлбар хийхгүй юу гэлээ.
Баялгаа дэлхий нийтийн жишгээр үнэлж байгаа.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Өнөөдөр ашиглаж байгаа ордууд нь ихэвчлэн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд. Зарим нь жишээлбэл, Оюутолгой хувийн хэвшлийн хөрөнгөөр хайгуул хийсэн. Ордынх нь хил хязгаарыг тогтоохгүй бол хувааж, тасдаад байгаа.
Энэ бодлого бол УИХ-ын тогтоол. Шийдэгдэх юм бол бодлогыг хэрэгжүүлэх нь хууль болон гарна. Тэр хуулиар хил хязгаарыг нь тогтоож явна. Баялгаа дэлхий нийтийн жишгээр үнэлж байгаа. Үнэлэх гурван аргачлал бий.
Зах зээлийн, мөнгөн гүйлгээний, зардал, өртөгт суурилсан. Тиймд энэхүү олон улсын аргачлалыг нэвтрүүлнэ. Тийм юм байхгүйгээс болоод ордоо ашиглахдаа зээл тавиад байгаа гэсэн хариултыг өглөө.