Бодлогын баримт бичгийг үндэсний томоохон хөтөлбөрүүдэд суурилан боловсруулжээ
Чуулганы өнөөдрийн хуралдаанаар “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг гишүүн Л.Энх-Амгалан танилцууллаа.
"Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулахдаа олон улс, гадаад орны бодлогын баримт бичгийг судалж, бодлогын баримт бичгийг боловсруулдаг зарчмыг баримтлан боловсруулсан бөгөөд батлагдсаны дараа холбогдох хөтөлбөр, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулан мөрдөх юм.
Уг баримт бичиг нь нийтлэг үндэслэл, эрдэс баялгийн салбарт баримтлах зарчим, эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын чиглэл, эрдэс баялгийн бодлогыг хэрэгжүүлэх арга зам, хүрэх үр дүн гэсэн дөрвөн үндсэн бүлгээс бүрдэж байгаа.
Бодлогын баримт бичгийг Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон бусад холбогдох томоохон үндэсний хөтөлбөрт суурилж боловсруулсан.
“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр улсын эдийн засаг оруулах уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр улсын эдийн засаг оруулах уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын “Нэг цонх”-ны бодлого бодитойгоор хэрэгжиж, эдийн засгийн хөгжил дан ганц салбараас хамааралгүйгээр олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн үндэс бүрдэх юм гэдгийг Уул уурхайн сайд хэллээ.
Төсөл санаачлагчийн илтгэл, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Б.Болор, Я.Содбаатар, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Р.Бурмаа, Н.Энхболд, С.Дэмбэрэл, Д.Арвин, Ц.Цолмон нарын тавьсан асуултад Уул уурхайн сайд Д.Ганхуяг хариулт өгснөөр чуулганы хуралдааны үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв.
Чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг сонссоны дараа “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж санал хураалт явуулах байсан ч гишүүдийн ирц хүрээгүй учир Мягмар гариг хүртэл хойшлууллаа.