Эрдэс баялгийн бодлогыг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж ажлын хэсгээс оруулж ирсэн 80 гаруй зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж дуусгаснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүд, уул уурхайн компаниуд нь тухайн орон нутаг дахь байгалийн баялгийг ашиглахдаа улсын баяр наадмыг нь ивээн тэтгэх, эсвэл гүүр барих зэргээр бага зэрэг ажил хийсэн болж нүд хуураад улмаар сум орон нутгийн удирдлагыг лоббидож хууль бус үйл ажиллагаанд шилждэг.
Ийм байдлыг гаргуулахгүйн тулд наад зах нь эрдэс баялгийн бодлогодоо тодорхой заалт оруулж өгөх ёстой гэж үзэж байв. Түүнчлэн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Б.Бат-Эрдэнэ, Р.Бурмаа нар газрын гүн дэх усаа хамгаалах ёстой. Энэ үүднээс уул уурхайн компаниудыг газрын гадаргын усыг ашиглах чиглэлд заалт оруулах ёстой гэсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан байгалийн баялгийг сорчилж ашиглах байдал ажиглагдах боллоо, энэ тохиолдолд хариуцлага тооцдог байх, Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд ураны шар нунтаг боловсруулах тухай заалт оруулсан байсан, үүнийг эсэргүүцэж байна. УИХ-ын протколд энэ асуудлыг оруулж өгөхийг хүсч байна.
Засгийн газраас оруулж ирсэн төсөлд ураны шар нунтагийг боловсруулах гэсэн заалт байсныг бүрмөсөн хассан юм байна.
Уул уурхайн компаниуд хайгуул хийх шатанд асар их зүйлийг олдог. Тухайлбал, нефтийн хайгуул хийж байгаад нүүрс илрүүлэх, эс бөгөөс уул уурхайн компаниуд олборлолтын шатанд палентологийн үнэт олдворуудыг олдог. Түүнийгээ улсад мэдэгддэггүй. Хэрвээ ийм зөрчил гаргаж нуун дарагдуулбал Эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх ёстой. Мөн орон нутгийн иргэдээс зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн бол тухайн уул уурхайн компанид хариуцлага тооцдог байх тусгай заалтуудыг тусгаж өгсөн цагт Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого чамбайрна” гэж байлаа.
Дээрх хуулийн төслийг боловсруулах үүрэг хүлээсэн ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн тайлбараар бол Засгийн газраас оруулж ирсэн төсөлд ураны шар нунтагийг боловсруулах гэсэн заалт байсныг бүрмөсөн хассан юм байна. Бусад зохицуулалтууд холбогдох хуулиуд хийгээд уг төсөлд үндсэндээ суусан болохыг онцоллоо.
Гэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал хураалгах шатанд гүний усыг ашиглахгүй байх тухай заалт гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж чадалгүй унасан юм.
Түүнчлэн ажлын хэсгээс оруулж ирсэн байгаль орчинд халтай үйл ажиллагаа эрхэлсэн уул уурхайн компанийг төрийн бус байгууллага шүүхэд өгч, шийдвэр нааштайгаар гарсан нөхцөлд орлогынх нь тодорхой хувиар урамшуулах тухай заалт гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээсэнгүй уналаа. Учир нь урамшуулалд хувь заахаар эргээд хөрөнгө оруулагчид дарамт учруулдаг байдал руу шилжвэл яах вэ гэх болгоомжлол үүсэв.
Гэхдээ төр энэ талаар гомдол гаргаад явахад ямар ч амжилт олдоггүй. Харин иргэний нийгмийн байгууллага хийгээд байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллагууд шүүхэд гомдол гаргахад ялдаг. Тодорхой жишээ гэвэл “Петро чайна Дачин тамсаг” компанитай холбоотой гомдол шүүхэд очоод 1.3 тэрбум төгрөгийн торгууль төлөх үүрэг хүлээсэн. Нэгэнтээ уул уурхай болон газрын тос олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа зарим компаниуд байгаль орчинд хохирол учруулахуйц үйл ажиллагаа явуулсан нь шүүхээр нотлогдсон нөхцөлд тухайн гомдол гаргагчийг урамшуулах нь зүй ёсны хэрэг.
Энэ үүднээс төр бодлогоор дэмжиж, тусгай сангаас тэдний үйл ажиллагааг дэмжих нь зөв алхам болно. Гол нь мэргэшсэн төрийн бус байгууллагууд байх ёстой гэж үзсэн ч одоогоор энэ асуудал дэмжигдэх боломжгүй гэж үзэн, унав. Энэ мэтчлэн нийт 80 гаруй саналын томъёоллоор санал хураалгаж дууссанаар энэ өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ.