Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталлаа
УИХ-ын чуулган
2014.02.27

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталлаа

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулсан Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн оны гуравдугаар сарын 26-ны өдөр Иргэний танхимд хэлэлцүүлэх явцад Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэхээс өмнө “Төрөөс эрдэс баялгийн салбарын талаар баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

Тиймээс уг баримт бичгийг боловсруулах чиглэлийг Уул уурхайн яаманд өгсөн билээ. Энэ  дагуу салбарын эрдэмтэд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага болон холбогдох яам, агентлагийн төлөөлөл бүхий бүрэлдэхүүнтэй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийн төслийг боловсруулсан юм.

“Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын баримт бичгийг боловсруулахдаа олон улс, гадаад орны бодлогын баримт бичгийг судалж, бодлогын баримт бичгийг боловсруулдаг зарчмыг баримталсан.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, ард иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого” хэрэгжсэнээр улсын эдийн засаг оруулах уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэж, эрдэс баялгийн бүтээгдэхүүний экспортын Нэг цонхны бодлого бодитойгоор хэрэгжиж, эдийн засгийн хөгжил дан ганц салбараас хамааралгүйгээр олон тулгуурт эдийн засгийн хөгжлийн үндэс бүрдэнэ гэж үзсэн билээ.