2013.11.14

Эрдэс баялгийн тогтвортой бодлого шаардлагатай

Ийгл телевизийн “Халуун сэдэв” тоймчийн хөтөлбөр байнгын хороогоор хэлэлцэгдэж буй “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийн талаар тоймлон хүргэлээ.

Тоймч: Энэ оны ээлжит бус намрын чуулганаар УИХ дээр хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж баталсан.  Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн гол зорилго бол хөрөнгө оруулалтыг сайжруулж, тогтворжуулах байсан. Монгол улсад хөрөнгө оруулалт орж буй гол салбар нь уул уурхай, эрдэс баялгийн салбар байдаг.

Уул уурхай, эрдэс баялгийн салбарын бодлого сүүлийн 10 гаруй жил тогтворгүй байснаас энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж буй бизнес эрхлэгчид эрсдэлтэй байнга учирдаг. Эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын бичиг баримт гаргаснаар урт хугацааны уул уурхайн салбарт баримтлах бодлого тодорхой болно.

Тэр бодлогодоо жил жилийн төсөв, хөрөнгө оруулалтын бодлогоо уялдуулах байдлаар УИХ, Засгийн газар ажиллах нь эдийн засагт үр өгөөжтэй. Нөгөө талдаа монгол улсын хөрөнгө оруулалтын орчин ойлгомжтой, тогтвортой болно гэсэн санал дүгнэлтийг эдийн засагчид, судлаачид хэлж байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамбын байр суурийг хүргэе.

Монгол улсад хөрөнгө оруулалт орж буй гол салбар нь уул уурхай, эрдэс баялгийн салбар.

Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Дамба: Нөхцөл байдал энэ баримт бичгийг шаардаж байгаа. Учир нь монгол улс эрдэс баялгийнхаа хөгжилд тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх асуудал эргэлт буцалтгүй болсон үед энэ салбар өөрийн гэсэн төрийн бодлоготой байхгүй бол болохгүй.

Маш олон зөрчил бэрхшээлүүд тулгардаг. Энэ асуудлыг шийдэхэд бодлогын баримт бичиг чухал үүрэгтэй. Цаашилбал уул уурхайн салбартай холбоотой олон эрх зүйн баримт бичгийг өөрчлөх, сайжруулахад бодлогын баримт бичиг гол үндсэн зарчим нь болж өгөх ёстой гэлээ.