А.Долгор: Гудамжинд байсан хүүхдүүд гэртээ буцсан
“Хөгжлийн хэлхээ” ТББ-ын тэргүүн А.Долгортой хүүхэд, гэр бүлийн хөгжлийн талаар ярилцлаа. Чухамхүү гэр бүлийн хөгжил нь орон нутгийн цаашлаад улс орны хөгжлийн гол түлхүүр нь юм.
-Улс орны хөгжил бол хүүхэд, гэр бүлийн хөгжлээр тодорхойлогддог. Хөгжил гэж юу вэ?
Бидний ирээдүй бол хүүхэд. Ганцхан хүүхэд гэж орилдог цаг өнгөрсөн. Хүүхэд нь сайжирлаа ч ар гэр нь хэцүү, аав ээж нь ажилгүй, архи уудаг бол яах вэ. Тиймээс гэр бүлд нь хандсан үйл ажиллагааг түлхүү явуулах хэрэгтэй. Энэ ч утгаар манай байгууллага гэр бүл рүү нь хандсан, зөвлөгөөг өгдөг.
Хүүхдийг нь халамжийн цэцэрлэгтээ авсаныхаа хариуд аав ээжийг нь ажилд орж, гэр бүлийн өдрийг тэмдэглэж бай гэж шаарддаг. Үүний үр дүнд гудамжинд байсан хүүхдүүд гэртээ буцсан. Манайд өнөөдрийн байдлаар цэцэрлэгийн насны 85 хүүхэд гэр цэцэрлэгт хүмүүжиж, 25 хүүхэд ерөнхий боловсролын сургуульд сурч байна. Манайх Баянзүрх дүүрэгт гурван төвтэй. Гэр цэцэрлэгүүд бий.
Манайд хамгийн удаан буюу найман жил явж байгаа 16 настай охин байгаа. Бид 18 нас хүртэл нь үйлчилгээ үзүүлээд, түүнээс цаашаа зөвлөгөө өгөөд явдаг.
-Гэр бүл рүү чиглэсэн ямар үйлчилгээ явуулж байна вэ. Ямар үр дүнд хүрч байна?
Үйлчлүүлж байсан хүүхдийнхээ дүү нар луу хандаад байгаа. Зургаан хүүхдийн ээжийг ажилтай болгосон. Сургуулийн жижүүр, үйлчлэгч гээд ажилд оруулсан. Гэр оронгүй байсан нэг ээж маань ажилд ороод, зээл аваад гэртэй болсон.
ТББ нийгмийнхээ дунд орж ажилладаг. Төртэй хамтарч ажиллах шаардлага бий.
Нэг хэсэг борооны дараах мөөг шиг олон төрийн бус байгууллагууд бий болсон ч төсөл хөтөлбөр нь дуусахаар зогсчихдог. Харин бид үнэхээр мөнгө харж эхлээгүй учир өдгөө найман жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж, асар их туршлагыг хуримтлуулж байна. Гэхдээ цаашдаа төр засгийн дэмжлэг шаардлагатай байгаа.
Гэр оронгүй айл
Анх солих хувцас ч үгүй ирж байсан айлууд одоо өөрийн гэсэн хашаа оронтой болсон нь манай байгууллагыг түшсэний л ач. Бид хөөцөлдөж байж хашааны гэрчилгээг нь авч өгсөн тохиолдол өчнөөн бий. Төр төрийн бус байгууллагатай хамтарч ажилламаар байна. Одоо гэр хороолол дунд байдаг манай нэг өдөр өнжүүлэх төв гэрэлгүй л сууж байна. Угаасаа тэр хороололд тог тавиагүй. Бид гэрэл тавиулах гээд дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд бичиг өгсөн. Хариу нь ирээгүй л байна. Бид иргэд, төр хоёрын хоорондын гүүр болж ажилладаг.
-Ер нь ТББ-уудыг төрөөс ямар бодлогоор дэмжээсэй гэж хүсч байна вэ?
-Манай улс төсөл хөтөлбөр сайтай, хөтөлбөрүүд маш их батлагдсан байдаг ч мөнгө байдаггүй. Миний хамгийн их хүсдэг зүйл гэвэл манайх өдрийн үйлчилгээ үзүүлээд таван жил болж байгаа ч энэ хооронд улсын дэмжлэг авч чадахгүй явж байна.
Нийгмийн халамжийн хуулин дээр олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ гээд дотроо арван төрлийн үйлчилгээ байдаг. Энэ үйлчилгээнүүдийг зорилтот бүлэгтээ хүргэж чадвал болохгүй зүйл байхгүй. Мөнгө нь батлагдаад зорилт нь заагдсан ч авч болохгүй нь сонин байгаа.
Анх намайг энэ үйлчилгээг авахаар очиход тусгай зөвшөөрөлтэй бол өгнө гэсэн. Тусгай зөвшөөрлийг нь бараг хагас жил хөөцөлдөж байж аваад үйлчилгээгээ авах гэтэл нэг хүүхдэд долоо хоног үзүүлэх үйлчилгээгээр яах юм. Одоо долдугаар сарын нэгнээс 22 хоног болохоор нь аваач гэж хойшлуулсан ч авч чадахгүй л байна.
Одоогоор өдрийн үйлчилгээ нь сэргээн засах үйлчилгээтэй хамт тендер зарлаад байгаа болохоор өдрийн үйлчилгээ дангаараа байвал зүгээр гэж бодож байгаа. Энэ талаар удирдах шатны хүмүүс анхааралдаа аваасай гэж хүсч байна.
-Өнгөрсөн долоо хоногт “Гэр бүлийн үнэ цэнэ” чуулган Төрийн ордонд болсон. Та үүнд оролцсон уу?
Үгүй. Өнгөрсөн хойно нь мэдсэн. Энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй. Хүн амын хөгжлийн цогц бодлогыг гаргахаар чуулж байгаа л гэсэн. Гэхдээ зөндөө олон баримт бичиг байдаг. Хүүхэд хамгааллын маш том баримт бичигтэй хэрнээ бариад хийсэн ажил өнөөдөр цөөхөн.
Бичиг гаргаад л орхиод байж болохгүй. Үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хамтарч ажиллах, мэдээллийн орон зайгаа бүрдүүлэх хэрэгтэй. Дүүргийн зүгээс ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийг хамарсан ажлуудыг сайн хийдэг хэрнээ сургууль завсардсан хүүхдүүдэд чиглэсэн ажил хийдэггүй. Тэднийг аль болохоор оролцуулах талд анхаармаар байна. Дүүрэг, аймгууд арга хэмжээ зохионо гэхээр дандаа л дуу хөгжим, урлагийн наадам, спортын тэмцээн зохиохоор л хязгаарлагдаж байнай.
Хүмүүсийг хөгжүүлэх шаардлага байгаа. Гэр бүлийн мэдлэг, мэдээллийг сайжруулах шаардлагатай. Гурван хүүхэдтэй, 40 настай мөртлөө төмс арилгаж чаддаггүй ээжийг би харж л байсан. Манайх ээжүүдэд зориулж, тогоочийн сургалт явуулдаг. Удахгүй кемчиний сургалт болно. Энэ мэтээр бид амьдрах ухааныг зааж сургаж байна. Ажилгүй гэр бүлийн 30-40 хувь нь ажилтай болсон.
-Халамж хамгаалал гэхээр яалт ч үгүй төрийн хийх ажил гэдэг. Гэхдээ бас иргэд өөрсдийн идэвхи санаачлагыг дээшлүүлмээр санагддаг?
Би Монголын ахмадуудыг уриалмаар санагддаг. Жил бүр манай төвийн хүүхдүүдэд Америкийн хөгшчүүд өөрсдийн гараар нэхсэн малгай, ороолт бээлийг явуулж тусалдаг. Их мундаг. Хөгшин гэж зүгээр суулгүй, хүнд тустай зүйл хийж байна шүү дээ. Манайхан ийм зохион байгуулалтад орж болно.
Би гадны их олон туршлага судалж байхад Солонгосын туршлага их таалагдсан. Хүмүүс нийгмийн хариуцлага гээд дэвтэр гаргадаг. Тэгээд сард өөрийнхөө хэрэглэж байсан хувцаснаас нэг хувцасыг үнэлээд тавьдаг. Тэрийг нь авдаг байгууллага тусдаа байдаг. Тухайлбал хүн хэрэглэх боломжтой гутлаа 500 төгрөгөөр үнэлээд бусдад өгдөг гэсэн үг. Тэрийг монголд хэрэгжүүлье гэж боддог. Гэхдээ сүүлийн үед монголчууд хүнд тусалвал өөрт буян ирдэг гэдгийг ойлгоод байгаа. Манай төвд гурил, будаа, хувцас хунар өгдөг хүмүүс, албан байгууллагууд байгаа.
-Та таван жилийн дараа гэхэд юутай болохыг мөрөөдөж, зорьж байна вэ?
Хөгжлийн хэлхээ төвийн үйл ажиллагааг бүх дүүрэг хийдэг салбартай болсон баймаар байна.
Мэргэжлийн маш сайн боловсон хүчинтэй, өөрийн гэсэн төвийн байртай болсон. Манайхыг зориод ирсэн хүмүүст хэрэгтэй зүйлээр нь тусалж чаддаг. Хүмүүст танил болсон, маш том хайрыг мэдэрдэг газар болоосой гэж бодож байна.
Ярилцсанд баярлалаа.