Цэргийнхэн 40 айлын орон сууц сүндэрлүүллээ
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчид 40 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулжээ. Хурандаа Ж.Баатарзориг захирагчтай тус ангийн барьсан орон сууцыг Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, Баянхонгор аймгаас УИХ-д гишүүнээр сонгогдсон Д.Ганбат,
ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЗХЖШ-ын ЦХҮГ-ын дарга, бригадын генерал Д.Даваа, Д.Жаргалсайхан нар албаны бусад хүмүүсийн хамт Баянхонгор аймагт очиж үзэж сонирхсон байна.
Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийнхан 40 айлын орон сууцаа Улсын комисст хүлээлгэн өгч, улмаар өөрсдөө хүлээн авах баяр ёслолын арга хэмжээндээ тэднийг урьсан байжээ.
Баянхонгор нутгийг үлгэр жишээ хот болгоход та нөхдийн үүрэг маш их.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Их бүтээн байгуулалтын ажилд цэргийнхэн оролцож, мэдэгдэхүйц ажил хийж байгаад баяртай байна. Баянхонгор нутгийг үлгэр жишээ хот болгоход та нөхдийн үүрэг маш их” гэж хэлсэн бол
аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан “Монгол цэргийн сүлд хийморь болсон анги манай аймагт байгуулагдсанд бид их баяртай байгаа. БХЯ, ЗХЖШ-ын зүгээс их анхаарсны үр дүнд 40 айлын тохилог сайхан орон сууцаар аймаг чимэглэгдлээ. Цаашдаа анги, хамт олонтойгоо байнгын нягт хамтын ажиллагаатай байх болно” гэж байв.