Ж.Эрдэнэбат “Авлига шингэсэн төсөв" гэж юуг хэлж байна вэ?
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат
2013.10.17

Ж.Эрдэнэбат “Авлига шингэсэн төсөв" гэж юуг хэлж байна вэ?

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2013 оны Төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотой гишүүдийн сонирхсон асуултад сайд нар хариулт өгч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Авлига шингэсэн төсөв гэж ямар төсвийг хэлдэг юм бэ. Миний хувьд Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа 2011 онд 350 сая төгрөгөөр 75 ортой хүүхдийн цэцэрлэг бариулж байсан.

Одоо 800 сая төгрөгөөр 75 ортой хүүхдийн цэцэрлэг барьдаг болж. Үүнд авлига шингэсэн юм уу, эсвэл үнийн хөөс нь шингэсэн үү.  Юу гэж ойлгох вэ. 2013 оны төсвийн тодотголыг харахаар Орон нутгийг хөгжүүлэх сангаас хөрөнгө оруулалтыг хасаад оруулаад ирж.

2013 онд хийгдэх бололцоогүй хөрөнгө оруулалтыг 2014 онд шилжүүлж байгаа.

Хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө хасахгүй байж болдоггүй юм уу. Ирэх онд Сэлэнгэ аймагт нэг ч барилга баригдахгүй нь, ядаж шилжүүлж болдоггүй юм уу. Энэ тохиолдолд орон нутагт ажил яаж явах юм бэ” гэсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат “Орлогынхоо бололцоонд төлөвлөж 2014 оны хөрөнгө оруулалтыг төлөвлөсөн. 2013 онд хийгдэх бололцоогүй хөрөнгө оруулалтыг 2014 онд шилжүүлж байгаа. Сэлэнгэ аймгийн хувьд шилжиж байгаа хөрөнгө оруулалт байхгүй юм байна. Эргэж ярилцъя” гэсэн хариулт өглөө. 

Тэгвэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны төсөвт тодотгол хийх болсон шалтгаан нь нэг талдаа гадаад хүчин зүйлээс хамааралтайгаар бий болсон ч гэлээ өмнөх жилүүдэд тавьсан Засгийн газрын өр дарамт учруулсныг онцоллоо.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2013 оны төсөвт тодотгол хийх болсон шалтгаан нь нэг талдаа гадаад хүчин зүйлээс хамааралтай ч гэлээ өмнөх жилүүдэд тавьсан Засгийн газрын өр дарамт учруулсныг онцоллоо.

Тухайлбал, Тавантолгойн ордоос нүүрс олборлож экспортод гаргадаг ч “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын урьдчилгаанд суутгагддаг. Энэ онд чардайж зүтгэснээр дээрх өрийг дарах гэнэ.

Мөн Оюутолгой компаниас 250 сая ам.доллар урьдчилж аваад өнгөрсөн жилүүдэд иргэн бүртээ 21 мянган төгрөг болгоод тараагаад дуусгачихсан. Гэтэл гэрээнд зааснаар дээрх ам.долларыг 2013 оноос эхэлж төлөх ёстой байсан. Төлж чадахгүй байгаа учраас 2014 оноос эхэлж төлөхөөр болж төсөвт 150 сая ам.долларыг суулгасан.

Дараагийн жил буюу 2015 онд үлдсэн 100 сая ам.долларыг төсөвт суулгана. Ингэж өр ширнээсээ сална. Төсөвт бичихгүй гэхээр төлөх ёстой өр тул аргагүй, тэгтэл цөөнхийн бүлгийн зүгээс алдагдал чинь хэтэрлээ, Засгийн газар муу ажиллалаа.

Орлого чинь яагаад тасраад, зарлага чинь яагаад өсөөд байна гээд зандраад байдаг. Гэтэл Оюутолгой Монголын Засгийн газрыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна гээд дахин муудах болно. Тал талын зовлон байгаа учраас хаа, хаанаа ойлголцолд хүрэх ёстой гэсэн юм.