2013.10.17

Г.Түмэнжаргал: Хуучин орон сууцны үнэ нилээн өссөн

Ийгл телевизийн “Тоон тойм” нэвтрүүлгийн зочноор Барилгын үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Г.Түмэнжаргал оролцлоо.

-Засгийн газраас нийлүүлэлтийг дэмжихээр гаргасан нэг их наяд төгрөг барилгын салбарын өсөлт хөгжилтөд хүчтэй нөлөө үзүүлж байгаа ч үнийн асуудал гарч ирээд байна. Тэр зээл, санхүүжилтийг авсан барилгын компаниуд хэзээ үр дүнгээ харуулах вэ?

-Шинэчлэлийн Засгийн газраас 2012-2013 онд барилгын салбарын орон сууцны эрэлт, нийлүүлэлтээр олон арга хэмжээ авсан. Найман хувийн хүүтэй урт хугацааны зээл гарсаны дараа эрэлт нилээн өссөн. Сургаар өссөн зүйлүүд бий. Нийлүүлэлтийг дэмжиж гаргасан мөнгө нь үнийг тогтворжуулах чиглэлд байсан.

Одоогийн байдлаар зах зээл дээр 50 орчим мянган орон сууц баригдаж байна. Үүнээс ашиглалтад орсон 7500 орчим орон сууц, энэ ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөж буй 15 мянга орчим орон сууц, үлдсэн нь дараа жилээс ашиглалтад орно.

Сүүлийн 10 жилийн судалгаанаас харахад жил бүрийн намар орон сууцны үнэ өсдөг. Олон жилийн дунджаас харахад энэ жил тийм их өсөөгүй. Найман хувийн хүүтэй зээлийг ихэвчлэн дууссан буюу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь гарсан барилгад өгч байгаа. Тийм барилга зах зээл дээр зуны хувьд их байдаггүй.

Барилгын ассоциаци бол гишүүн компаниудынхаа эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага.

Тэр үед хуучин буюу төсөлд хамрагдаж болох шалгуур, үзүүлэлтийг давсан орон сууцны үнэ нилээн өссөн. Хүмүүсийн эрэлт хэрэгцээ маш их байсан. Монголбанкнаас нийлүүлэлтэд зориулж гаргасан мөнгөний үр дүн зах зээлд тийм хурднаар гарч чадахгүй. Үр дүн нь дараа жилээс иргэдэд харагдана.

-Үнэ өсч буй асуудалд зээл, мөнгө авсан барилгын компаниуд үнээ нэмэгдүүлээд байгаа юм биш үү гэдэг хардлага, шүүмжлэл байна. Энэ тал дээр?

-Барилгын ассоциаци бол гишүүн компаниудынхаа эрх ашгийг хамгаалсан төрийн бус байгууллага. Бид ажлын албаны хувьд гишүүн компаниудынхаа төлөө ажиллах ёстой. Манай гишүүн компаниудаас хөнгөлөлттэй зээлд хамрагдсан компани бараг байхгүй.

-Танай гишүүн компаниудад монголын барилгын салбарын голлох компаниуд бий юу?

-Нилээн томоохон голлох компаниуд бий. Эдгээр компаниуд хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаагүй. Гишүүн биш компаниуд хамрагдсан мэдээллүүд байгаа байх. Бид гишүүн компаниудынхаа мэдээллийг л авч байгаа.

Нийлүүлэлтэд зориулсан мөнгөнөөс орон сууц барьдаг, хөрөнгө оруулдаг 40 гаруй компаниудаас нэг нь ч аваагүй. Монголын барилгын үндэсний ассоциаци нь бүх барилгын салбарыг төлөөлнө гэж хэлэхгүй. Энэ мэдээллийг Монголбанк юм уу Барилга хот байгуулалтын яам, Засгийн газар олон нийтэд зарлах ёстой.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...