Ази бүс дэх хүүхдийн эрхийг хамгаална
Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа
2013.10.23

Ази бүс дэх хүүхдийн эрхийг хамгаална

Улсын Их Хурлын гишүүн, ХАХНХ-ийн сайд С.Эрдэнээр ахлуулсан баг 2013 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Энэтхэг улсын Нью Дели хотод болох “Хүүхдийн эрхийн төлөөх өмнөдийн хамтын ажиллагаа” сэдэвт Ази Номхон далайн бүсийн улс орнуудын сайд нарын түвшний дээд хэмжээний уулзалтанд   оролцохоор явлаа.  Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа,  ХТҮГ-ын харьяа Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн захирал Б.Бурмаа,  Хүүхэд хөгжил, хамгааллын төвийн захирал Д.Сайханбилэг нар орсон байна.

Өмнөд-өмнөд хамтын ажиллагааны хүрээнд Ази Номхон далайн бүсийн хүүхдийн эрхийн төлөөх хамтын ажиллагааны өндөр хэмжээний уулзалтыг Хятадын Засгийн газар 2010 онд анх санаачилсан бөгөөд уг арга хэмжээ нь хүүхдийн эрхийн чиглэлээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухайн бүсийн орнуудын сайд нарын түвшинд зохион байгуулагддаг өндөр хэмжээний уулзалт юм.

Энэтхэгийн Нью Дели хотод болох уулзалтын төлөвлөсөн зорилгууд:

1) Ази Номхон далайн бүс нутагт хүүхдийн эрхийг сайжруулах хамтын ажиллагааны дэвшилт үйл явцыг хэмжих

2) Уг сэдвийн хүрээнд Өмнөд-Өмнөд хамтын ажиллагааны үйл ажиллагаанд хүүхдийн эрхийг хангахад чиглэн ажилладаг хувийн-олон нийтийн байгууллагыг багтаасан үндэсний түншүүд болон Засгийн газрыг дэмжих

3) Ази Номхон далайн бүсийн хүүхдийн эрхийн төлөөх хамтын ажиллагаанд оролцогчдын зохицуулалт, харилцан суралцах, мэдлэгээ хуваалцах сүлжээг дэмжих хөгжүүлэх

Хурлаас гарах гол үр дүн:

1) Бээжингийн тунхаг бичгээс гарсан үр дүн авсан арга хэмжээ, Ази Номхон далайн бүс нутгийн хүүхдийн эрхийг сайжруулах хамтын ажиллагааны одоогийн байдал, энэхүү хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх

2) Уулзалтын сэдвийн хүрээнд дэд бүсийн хамтын ажиллагааг сайжруулах, ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх

3)  Цаашдын үйл ажиллагааны гол асуудал, дүгнэлт, санал зөвлөмжийг тусгасан тунхаг бичиг гаргах

3 өдөр үргэлжлэх энэхүү хуралд бүс нутгийн орнуудын Сайд нарын түвшний албан тушаалтнууд оролцож туршлагаа солилцох юм.