Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, харилцан ашигтай хамтран ажиллана
Уул уурхайн сайд Д.Ганхуягын “МЕТАЛС МОНГОЛИА 2013” Олон улсын чуулга уулзалтыг нээж хэлсэн үг.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчдөө,
Монгол Улсын хөгжил дэвшлийн зүтгүүр болох уул уурхай, хүнд үйлдвэр, металлургийн салбарын хөгжлийн талаар хэлэлцэх олон улсын чуулга уулзалтад оролцогч гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, зочид, төлөөлөгч Та бүхэнд Монгол Улсын Засгийн газар, Уул уурхайн яамны нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.
Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ судалгаанд үндэслэн "ХАА, уул уурхай ба эрчим хүч, тээвэр ложистик ба үйлчилгээний салбар" хэмээн тодорхойлсон. Өнөөдөр Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар тэргүүлэх байр суурийг эзэлж байна. Тухайлбал дотоодын нийт бүтээгдэхүүнийн 20 гаруй хувь, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 74 хувь, хөрөнгө оруулалтын 85 хувийг тус тус эзэлж, төсвийн орлогын 25 орчим хувь, түүнчлэн экспортын орлогын 90 орчим хувийг бүрдүүлж байна. Энэ салбарт нийт 400 орчим уурхайд 50 мянга гаруй хүн ажиллаж байна.
Шинэчлэлийн Засгийн газар ил тод, хариуцлагатай, харилцан ашигтай, байгаль орчинд сөрөг нөлөө багатай уул уурхайг экспортын чиг хандлагатайгаар хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Энэ хүрээнд, уул уурхайн салбарын бизнесийг дэмжих, хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангах, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах зорилго бүхий хуулийн төслүүд болон Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын төслийг боловсруулж Улсын Их хурлын хэлэлцүүлэгт оруулаад байна.
Эдгээр төслийг боловсруулахдаа мэрэгжлийн холбоод, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчид, олон улсын байгууллага, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн төлөөллийг оролцуулан "Бүгдээрээ хэлэлцвэл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй" гэсэн зарчмыг баримтлан ажилласан болно.Цаашид энэ зарчмыг үргэлжлүүлэн баримтлахын тулд Төрөөс эрдэс баялагийн салбарт баримтлах бодлогын төсөлд "Салбарын хууль эрх зүйн орчны аливаа өөрчлөлтийн төслийг боловсруулахдаа уг харилцаанд оролцогч бүх талууд судалгаанд үндэслэн хэлэлцдэг харилцан хүндэтгэлтэй хандаж нэгдсэн саналд хүрдэг байх" зарчмыг тусгасан болно.
Эрхэмсэг хатагтай ноёдоо,
Улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийн түвшинг дээшлүүлэхэд уул уурхайн салбар тэр дундаа хар болон өнгөт төмөрлөгийн салбар чухал үүрэгтэй байдаг. Тиймээс Уул уурхайн яамнаас Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын хүрээнд Мэргэжлийн холбоод, аж ахуйн нэгжийн төлөөлөл, салбарын эрдэмтэн, мэргэжилтнүүдийн өргөн оролцоотойгоор “Монгол төмөр", “Монгол зэс”, “Алт”, “Жонш”, “Геологийн судалгаа”, “Нүүрс” "Холимог металл" зэрэг хөтөлбөрүүдийг боловсруулж байна. Эдгээр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сэтгэл гарган, санаачлагатай оролцохыг Та бүхэнд уриалж байна.
Уул уурхайн яам, Монголын төмөрлөг үйлдвэрлэгчдийн холбоотой төмрийн хүдрийн боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, экспорт борлуулалтын “Нэг цонх”-ны бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор “Монголын төмөрлөг үйлдвэрлэлийн салбарт хамтран ажиллах санамж бичиг” байгуулаад байна. Цаашид "Монгол төмөр" хөтөлбөрийн хүрээнд дотоодын хэрэгцээгээ хангах, улмаар экспортлох хүчин чадал бүхий гангийн үйлдвэр байгуулах зорилготой ажиллаж байна. Ингэснээр төмрийн хүдрээ экспортлоод эргүүлээд төмөр хийц импортолдог өнөөгийн байдал үндсээрээ өөрчлөгдөх болно. Мөн зэс хайлуулах үйлдвэр барих ажлыг хурдавчлах зорилго бүхий яамд дундын ажлын хэсэг ажиллаж байна.
Мөн 2016 онд, дунд хугацаанд экспортын орлогыг дахин нэмэгдүүлэх зорилтыг тавин ажиллаж байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх, цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн дунд, урт хугацааны "хөгжлийн стратеги"-ийг боловсруулж байна. Энэ үед “Металс Монголиа 2013” олон улсын чуулга уулзалт зохион байгуулагдаж байгаа нь цаг үеэ олсон, сайшаалтай үйл хэрэг юм.
Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах дунд хугацаанд экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэх "хөгжлийн стратегийн" нэг хэсэг нь Эрдэс баялгийн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх замаар боловсруулалтын түвшинг олон улсын түвшинд хүргэх зорилт байх болно. Зах зээл дээр эцсийн болон тодорхой түвшинд боловсруулалт хийгдсэн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл бага байдаг.
Мөн шинэчлэлийн Засгийн газар тээвэр, ложистикийн зардлыг бууруулах ажлыг дэс дараатай хэрэгжүүлэх болно. Саяхан Монгол Улсын Их хурал бизнес, хөрөнгө оруулалтын орчинг хөрөнгө оруулалтын хэмжээнээс хамааруулан тодорхой хугацаанд тогтвортой байлгах зорилго бүхий "Хөрөнгө оруулалтын тухай" хуулийг батлан гаргалаа. Энэ хуульд хөрөнгө оруулагчид ихээхэн талархаж, сүүлийн саруудад Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх гэсэн санал, санаачлага идэвхтэй өрнөж байгааг цохон тэмдэглэмээр байна.
Шинэчлэлийн Засгийн газар хөрөнгө оруулагчдад нээлттэй байж, харилцан ашигтай хамтран ажиллаж байна. Мөн эдийн засаг дэх төрийн оролцооноос, төрийн оновчтой зохицуулалт, улмаар төр-хувийн хэвшлийн туншлэл уруу шилжих бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна. Манай ард түмний дунд "Сэтгэлд гал байвал, тулганд элч байдаг" гэсэн мэргэн үг байдаг. Бид хамтдаа нийгэм, түүнчлэн уул уурхайн салбарт тулгамдсан асуудлуудыг аль болох богино хугацаанд шийдэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн ажлуудыг дэс дараатай хэрэгжүүлэхийн төлөө хичээн ажилласаар байна.
Энэхүү чуулга уулзалтаас Монгол Улсын ирээдүйн хөгжлийн стратегийн талаар олон хувилбар бүхий үнэ, цэнэтэй санал дүгнэлтүүд гарна гэдэгт найдаж байна.
Чуулга уулзалтын үйл ажиллагаанд амжилт хүсье.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.