2013.11.08

Г.Батхүү: УИХ тодорхой, ойлгомжтой төмөр замын хөгжлийн хөтөлбөр гаргах хэрэгтэй

 Ийгл телевизийн “Бадарчийн Жаргалмаа” нэвтрүүлгийн зочноор УИХ-ын гишүүн Г.Батхүү оролцлоо.

-“Евро, Азийн тээвэр-Бүс нутгийн оролцоо” сэдэвт Олон улсын бага хурал зохион байгуулагдсан. Энэ хурлаар ямар асуудлыг шийдвэрлэж чадсан бэ?

-Транзит тээвэр гэдэг нэг орноос хамаарахгүй, бүс нутгийн буюу ядаж хоёроос гурван орны асуудал байдаг. Хамгийн дөт замаар, байгалийн сайн нөхцөлтэй, гол мөрөн уул даваа багатай нутгаар Ази Европыг холбох транзит тээврийг хөгжүүлэхийн тулд бүс нутгийн орнуудын санал бодол, оролцоо ямар байх талаар энэ хурлыг УИХ санаачлан зохион байгуулсан.

Ази Европыг холбох транзит тээврийг хөгжүүлэхийн тулд бүс нутгийн орнуудын санал бодол, оролцоо ямар байх талаар энэ хурлыг УИХ санаачлан зохион байгуулсан.

Арга хэмжээнд ОХУ, БНХАУ, Япон, Солонгос, Герман гэх мэт олон орны төлөөлөгчид ирсэн. Мөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Юнисефийн хөтөлбөр, энэ бүсэд хамаарагдаж буй орнуудын элчин сайд нар оролцсон томоохон арга хэмжээ бүтэн өдөр болж, орон бүр өөрийн байр суурийг илэрхийлсэн.

НҮБ-ын дэргэдэх эдийн засгийн хорооны гаргасан дүгнэлт, Орос, Хятадын талын илтгэлийн байр суурь бусад орнуудын байр суурийг харахад төмөр замын транзит тээвэр, хийн болон нефтийн хоолой мөн агаарын зам, авто замын транзит тээвэр монголоор явах нь дэлхийн бүх улс оронд ашигтай. Тиймд монголоор явуулах сонирхолтой, хамтарч ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн.

-Өөрийнхөө газар нутаг дээгүүр тээврийн үйлчилгээ явуулах гэж буй улс орны хувьд төмөр зам барилаа гэхэд бид ямар давуу эрх эдлэх боломжтой вэ?

-Транзит төмөр замыг барих гол шалтгаан нь нэгдүгээрт бид Ази Европыг холбосон транзит тээврийн оролцогч орон байх ёстой. Ингэснээрээ олон орны эрх ашгийг нэгтгэсэн, хамгаалсан, дэлхийн олон орон монголын эрх ашгийг хамгаалсан байх ёстой.

Нөгөө талаараа монгол улс нутаг дэвсгэр дээгүүрээ транзит тээврийг өнгөрүүлснээрээ ихээхэн хэмжээний орлого олох боломжтой. Гуравдугаарт, монголд байгаа өөрсдийнхөө баялгийг дэлхийн аль ч зах зээл дээр нэг, хоёр орноос хараат бусаар өрсөлдөх чадвартай, хямд тээврийн зардалтайгаар борлуулж их хэмжээний орлого олох боломжтой.

Дөрөв дэх давуу тал нь импортоор авч буй их хэмжээний бүтээгдэхүүнээ тэр дундаа нефтийн болон бусад бүтээгдэхүүнийг бас нэг, хоёр орноос хараат бишээр хямд байгаа зах зээлээс нийлүүлэх боломж бүрдэнэ.

-Нарийн өргөн цариг гэж ярьсаар тав, зургаан жил болчихлоо. Энэ хооронд ОХУ, Хятад юм уу Солонгостой гэрээ хэлэлцээр хийгээд монгол улсыг тойруулан төмөр замаа барих боломж ч нээлттэй байх шиг байна.

-Энэ чиглэл рүү ерөнхийдөө явж эхэлж байна. Гэхдээ Орос, Хятадын талын илэрхийлж буй байр сууриар Оросын төмөр замуудын нэгдэл, Хятадын компани хоорондоо гэрээ хийж, гарын үсэг зурснаа илэрхийлсэн. Гэрээнд зурсан гарын үсгээр монголын талтай хамтарч ажиллахаар санал санаачилга гаргана.

Монгол улс нутаг дэвсгэр дээгүүрээ транзит тээврийг өнгөрүүлснээрээ ихээхэн хэмжээний орлого олох боломжтой.

Хэрэв монголын тал оролцох сонирхолгүй байвал монголгүйгээр барих замын асуудал яригдаж байгаа. Зөвхөн монголыг хүлээхгүй төмөр замын урсгал монголыг тойроод явж байна. Хэрэв үүнээс хоцорвол цаашид юу ч үгүй үлдэнэ. Нэгэнт хөрөнгө оруулалт хийгээд монголыг тойрч барьсан төмөр замаараа тусгай бүс нутгийн орнууд тэр замаараа л ачаагаа тээвэрлэхийг хүснэ.

Бид цаг алдахгүй үүнд оролцох ёстой. Энэ дээр урт хугацааны шийдвэрийг гаргахын тулд УИХ-ын даргын захирамжаар парламентад суудалтай бүх намын төлөөллүүд орсон ажлын хэсэг гарсан. Манай төмөр замын салбарт төрөөс баримтлах бодлого 2015 онд хугацаа нь дуусна.

Энэ хөтөлбөрийн хүрээнд тодорхой, ойлгомжтой болгох олон зүйлүүд бий. Монголыг харахдаа дэлхийн зарим хөрөнгө оруулагчид монгол хөрөнгө оруулалт хийхэд найдвартай, тогтвортой биш гэдэг байр суурь руу нилээн явж буй энэ цаг үед УИХ тодорхой, ойлгомжтой төмөр замын хөгжлийн хөтөлбөрийг гаргах хэрэгтэй байна.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...