УИХ-ын гишүүд төмөр зам, тээврийн асуудлаар уулзалт хийлээ
ОХУ-д ажлын айлчлал хийж буй УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид Оросын төмөр зам нээлттэй хувьцаат компанийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов болон ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Цыденов Алексей Самбуевич нартай уулзлаа.
УИХ-ын гишүүн Г.Батхүү төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн логистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий, парламентад суудалтай бүх улс төрийн намуудын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулсан тухай товч мэдээлээд тус Ажлын хэсгийн хийх гэж буй ажлаас танилцуулж санал бодлоо солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүд Н.Батцэрэг, Ц.Цолмон, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Ш.Алтангэрэл, Төмөр замын холбооны дарга Л.Пүрэвбаатар нар байлцлаа.