2013.11.15

Т.Наран: Төр судалгаагүй, тунхагийн шинжтэй шийдвэр гаргахаа болих хэрэгтэй

"Монгол нүүрс ассоциаци"-ын гүйцэтгэх захирал Т.Нарантай нүүрсний экспортын байдал ямар байгаа талаар ярилцлаа.

-Манай улс урд хөршөө санасан хэмжээндээ экспортолж      чадахаа байлаа. Яагаад?

-Цаг хэцүү боллоо, өрсөлдөөн үүслээ гэхэд худалдан авагч, нийлүүлэгч бие биенээ дэмжиж бэрхшээлээ даван туулаад гарна. Тийм учраас урт хугацааны гэрээ хэлцэл хийх ёстой.

Манайхан ийм гэрээ хэлцэлгүй учраас зах зээлд өрсөлдөөн нэмэгдэж, үнэ хямдрангуут худалдан авагч маань арай хямдыг сонгоод алга болж байгаа юм. Одоохондоо манай улсад Хятадаас өөр зах зээл алга. Уг нь, Ази тив бол нүүрсний их том хэрэглэгч. Жишээлбэл, Энэтхэг, Япон, Өмнөд Солонгос, Тайвань, Сингапур, Хон конг гээд нүүрсний олон том хэрэглэгч бий. Гэтэл бид Хятадын зах зээлээс цааш харахгүй байна шүү дээ.

-Нүүрсний үнэ хямдарсан ч бид экспортоо нэмэгдүүлнэ л гэдэг. Өнөөдөр манай уурхайнуудын хүчин чадал ямар байдаг юм бол?

-Одоо ажиллаж байгаа уурхайнууд жилд 100 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай. Гагцхүү ашигтай борлуулах зах зээлийн л асуудал бий. Өнгөрсөн онд 30 сая тонн нүүрс олборлосон. Үүнийхээ 18 сая тонныг нь экспортолж дотооддоо долоон сая тонныг нь хэрэглэсэн. Дотоодын нүүрсний хэрэглээ төдийлөн өсөхгүй байгаа.

Манай улсад нүүрс ашиглах томоохон үйлдвэр одоохондоо нэмэгдээгүй хэрэг. Тэгэхээр гадны том хэрэглэгчдэд нүүрсээ нийлүүлж чадахгүй бол ихээр олборлох нь утгагүй болно.

-Танай ассоциаци, УУЯ- тай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Үүнд ямар, ямар асуудал тусгасан бэ?

-Нүүрсний салбарын хямралын нөхцөл байдлыг яаж хамтарч даван туулах талаар тусгалаа. Төр засаг аливаа судалгаанд үндэслэн бодит, үнэн, зөв шийдвэр гаргаж байх хэрэгтэй.

Тэгэхгүйгээр тунхагийн шинжтэй зүйл гаргаад зорилгоо хэрэгжих юм шиг төсөөлж болохгүй. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн онд Монгол Улсын Засгийн газар 30 сая тонн нүүрс экспортолно гэж төлөвлөсөн. Ингээд нэг тонн нүүрсээ дунджаар 100 ам.доллараар борлуулна гэж тооцсон юм. Гэтэл энэ нь үндэслэлгүй болох нь батлагдаж 18 сая тонныг л экспортоллоо. Энэ онд бас дахиад 30 сая тонныг гадаад зах зээлд борлуулна гэсэн. Тэгээд ч биелэхгүй бол 20 сая тонн болгосон ч биелэхгүй байх. Одоо дөнгөж 10 сая тонн гараад явж байна.

-Яагаад ингэж үндэслэлгүй тооцоод байна вэ?

Жилд 30 сая тонн нүүрс экспортолно гэвэл энэ нүүрсээ хэнд өгөх юм.

-Зах зээлийн судалгаа хийхгүй байна. Жилд 30 сая тонн нүүрс экспортолно гэвэл энэ нүүрсээ хэнд өгөх юм. Тэр хүн нь үнэхээр авах уу, үгүй юү, бид ийм хэмжээний нүүрс олборлоод нийлүүлж чадах уу гэдгээ найдвартай болгох ёстой. Түүнээс биш энд тоглолт хийгээд хэрэггүй. Өөрсдийгөө л хуурсан хэрэг болно. Зах зээлийн яг бодитой, маш сайн судалгааг өнөөдөр хувийн хэвшлийнхэн хийдэг. Яагаад гэвэл, тэД нэг тонн нүүрсэнд хэдэн төгрөгийн зардал гаргаж, хэдий хэмжээний ашиг олох уу гэдгээ нарийн тооцоолдог.

Зүгээр л ямар ч судалгаагүй ажиллаад алдагдал хүлээхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Тухайлбал, Хятадын зах зээлд хэн, ямар үнээр хэчнээн тонн нүүрс нийлүүлж байна. Ирэх сар, хойтон жил зах зээлийн байдал ямар байхыг сайтар тооцож чаддаг. Төр засаг энэ бодит мэдээллийг авч дүгнэж цэгнэж шийдвэр гаргах хэрэгтэй.

Өнөөдөр хувийн хэвшил, төр засгийн энэ уялдаа байхгүйгээс худлаа шийдвэр гардаг, тэр нь биелдэггүй юм. Тэгээд хувийн компаниудын хийсэн судалгаа үр ашиггүй болдог. Бодит судалгаа хийхэд хүн хүч, хөрөнгө мөнгө цаг хугацаа шаардана. Монголчууд өч төчнөөн мөнгө зарж хийж байгаа тэр судалгааг төр засаг ашиглах хэрэгтэй.

-Эрчим хүчний нүүрсний салбар өрийн сүлжээтэй, алдагдалтай ажилласаар байгаа. Энэ талаар ямар нэг арга хэмжээ авахаар уг санамж бичигт оруулсан уу?

-Санамж бичигт эрчим хүч, экспортын нүүрсийг тэгнэ, ингэнэ гээгүй. Ер нь, нүүрсний салбарт өнөөдөр тулгарч буй асуудлуудыг хамтарч шийдвэрлэе, төлөвлөгөө, хөтөлбөр гаргаад түүнийгээ мөрдөөд явах тухай л юм. Үүнд, эрчим хүчний нүүрс ч ялгаагүй багтах байх.

Нүүрсний үнэ ханшаас эхлээд шийдвэрлэх ёстой олон асуудал бий. Төр, хувийн компани хоёр язгуур нэг эрх ашгийн төлөө хамтарч ажиллах нь чухал. Хэн нь нүүрс экспортлох нь сонин биш. Түүний мөнгө нь ганцхан Монгол Улсад л орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл,

оруулалт хийх мөнгийг том, жижиг ч бай аж ахуйн нэгжүүд л олж өгнө. Монголчууд нийлж аж ахуйн нэгж хэлбэрээр зохион байгуулалтайгаар олон улсын зах зээлд ажиллаж валют олж ирэх ёстой юм.

-Үнэ ханш нь унасан өнөө үед манайхтай адил нүүрс нийлүүлэгч улс орнууд ямар арга хэмжээ авч байна вэ?

Нүүрс экспортлогч хэдэн компани хаалгаа барьчихвал тухайн аж ахуйн нэгж хохирохоос илүү Монгол Улсын эдийн  засагт халгаатай.

-Австрали нүүрснээс авдаг өсөн нэмэгдэх нөөц ашигласны татвар /роялт/-аа больж байна. Учир нь, Хятадын зах зээл хямд үнийн өрсөлдөөн үүссэнтэй холбоотой. Мөн төр нь компаниудтайгаа нийлж нэг тонн нүүрсэнд ногдох танаж болох зардлыг бууруулах арга хэмжээ авах болсон. Аль болох бага зардал гаргаж хямд үнээр зарж ашиг олно. Энэ нь тус улсын эдийн засагт хэрэгтэй.

Манай улсад ч ялгаагүй. Нүүрс экспортлогч хэдэн компани хаалгаа барьчихвал тухайн аж ахуйн нэгж хохирохоос илүү Монгол Улсын эдийн  засагт халгаатай шүү дээ. Иймд татварын системийг уян хатан байлгах нь зөв. Өөрөөр хэлбэл, зах зээл сэргэлттэй байх үед элдэв янзын татвар аваад, хүндэрсэн үед худалдан авагчийг нь үргээхгүй зах зээл дээрх байр суурь, нэр хүндийг унагахгүйн тулд  төр засаг ажиллах учиртай. Энэ бол төр засгийн үндсэн үүрэг нь

-Өнөөдөр нэг тонн нүүрсний олборлолт, тээвэрлэлтийн зардал ямар байгаа вэ?

-Өндөр байна. Манайхан хамгийн гол нь тээвэрлэлтийн  зардлаасаа болж Хятадын зах зээлд өрсөлдөж чадахгүй шахагдаад гарчихлаа. Жишээлбэл Таван толгойгоос Монгол Улсын хил хүртэл 270- аад км замд автомашинаар тээвэр хийхэд нэг тонн нүүрсэнд 20 ам.долларын зардал гарч байгаа.

Гэтэл АНУ, Австрали, Канадаас далайгаар нүүрс тээвэрлэхэд нэг тонн нүүрс 15-25 ам.доллараар Хятадад ирдэг. Тэгэхдээ нэг хөлөг онгоц 200 мянган тонн нүүрс ачиж байгаа. Энэ чинь л өрсөлдөх чадвар. Олборлох зардал бол гайгүй. Олон улсын төвшинд байж чадна.

-Нүүрсний жишиг үнийн асуудал нэлээд яригдсан. Ямар нэг шийдвэрт хүрсэн үү?

-Одоо ярьж л байгаа. Жишиг үнийг Сангийн яам мэдэж Засгийн газар шийднэ. Сангийн яаманд бид өнгөрсөн

жилийн зургаан сараас эхлээд л асуудал тавьсан. Тооцоо судалгаа хийгээд олон удаа өглөө. Өнөөг хүртэл шийдэгдээгүй, жишиг үнэ тооцсон хэвээр байна.

Жишиг үнэ тогтоохдоо Хятадын нутгийн гүнд очсон нүүрсний үнийг цахим хуудаснаас харж байгаад тавьчихдаг юм. Тэгээд энэ үнээр тооцож, нүүрс экспортлогчдоос татвар авдаг. Гэтэл компаниуд нэг тонн нүүрсээ 50 ам.доллараар зарлаа гэхэд Хятадын Бугат хотод тогтсон 80 ам.долларын үнээр тооцож татвар авч байгаа. Тэгэхээр экспортлогч компаниуд илүү татвар төлж байна гэсэн үг.

Иймд компаниуд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна. Татварыг байнга авч байх ёстой зүйл биш. Зах зээлийн байдал, үнэ ханш гээд олон хүчин зүйлийг харгалзан үзэж уян хатан байх учиртай. Зарим татварыг бүр тэглэж болно шүү дээ. Өнөөдөр хуулиараа өсөн нэмэгдэх нөөц ашигласны татвар 10 хувь байгаа. Үүнийг таван хувь болгож болно. Яагаад болохгүй гэж. Дараа нь зах зээл, үнэ ханш сэргэсэн, өссөн үед түүнийгээ нөхөөд авч болдог юм.

-Манайхаас экспортол- сон нүүрсэнд Хятадын тал импортын татвар тавьдаг. Энэ асуудлыг хоёр орны төр засгийн хэмжээнд яриад нэг мөр шийдэж болохгүй юу?

-Ийм явдал маш олон. Хятадын импортын татвар номер нэг асуудал биш. Саад болоод буй зүйл бага. Манай дотоодын тавьдаг татвар л хамгийн их ачаалал өгч байгаа.

Тиймээс өөрсдийн мэдлийн асуудлаа шийдээгүй байж бусдыг наад татвараа боль гэж хэлэх нь утгагүй. Өнөөдөр Монгол Улсын нутаг дэвсгэрээс нүүрс экспортолж байгаа компани 14 нэр төрлийн татвар төлдөг. Хятад руу ороод долоон төрлийн татвар төлж байгаа. Ингээд хоёр улсад нийт 21 төрлийн татвар төлж нүүрс экспортолж буй юм.