2013.11.22

Н.Удвал: Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалт замын түгжрэл шиг байна

25-дугаар суваг телевизийн “Ам нээвэл...” ярилцлагын зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцлоо.

-Сая УИХ-ын ирэх оны төсвийг баталлаа. Төсвөөр эрүүл мэндийн салбарт 136.6 тэрбум төгрөг ноогдсон. Энэ мөнгө хэр зэрэг үндэслэлтэй тавигдсан гэж үзэж байна вэ?

-Эрүүл мэндийн салбарын төсөв Засгийн газар, УИХ дээр хамгийн их анхаарч үзэх ёстой төсвийн тоонд орж байсан. Төсвийн хэлэлцүүлгийн явцад гишүүд тодорхой тойрог тойрог дээрээ хөрөнгө оруулалтын саналуудыг оруулж ирсэн учраас эрүүл мэндийн салбарын төсөв Засгийн газрын оруулсан төсвөөс харьцангуй нэмэгдсэн.

Ноднингийн төсөвтэй харьцуулахад энэ жил бид иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль гарна. Даатгалтай иргэд даатгуулсан мөртлөө эрүүл мэндийн тусламж авахдаа төлбөр төлдөг байдлыг бууруулах зорилгоор 33 тэрбум төгрөгийг шинээр нэмж тусгасан. Нөгөө талдаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтын асуудал хүндрэлтэй, замын түгжрэл шиг маягтай байгаа.

Он дамжин 2010 оноос хойш олон жил баригдаж буй барилгууд анх батлагдсан төсвөөсөө хэд дахин нэмэгдсэн төсөвт өртөгтэй барилгуудыг царцаан, төсөвт өртгийг нь дахин хянуулж төсвийн тодотголоор оруулахаар энэ хөрөнгө оруулалтууд царцсан байдлаар орсон тул тодорхой хэмжээний хасалтууд бий.

Маш хүнд нөхцөлд орсон төсөв гэхэд өнгөрсөн оноос урсгал зардал нь хасагдаагүй. Шинээр орон тоо нэмэх, байгууллага байгуулах төсөв тусгагдаагүй. Харин эрүүл мэндийн даатгалынхаа суурь тарифыг нэмэгдүүлснээр илүү мөнгийг тусгаж чадсан.

-Хэдэн жилийн өмнө УИХ дээр Эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын тухай хуулийн өөрчлөлтийг ярьж байх үеэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын санд жил бүр их хэмжээний мөнгө хэдэн тэрбумаараа үлддэг. Энэ мөнгийг зохистой ашиглахгүй байна гэж байсан. Тэр үлдэж буй мөнгийг ашиглан иргэддээ хуульд заасан эрхийг нь яагаад эдлүүлж болохгүй байна вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сан  ХАХНХ-ын яамны Нийгмийн даатгалын Ерөнхий газрын харьяанд байдаг. Эрүүл мэндийн яамны харьяа болоод эмнэлгүүд бол эрүүл мэндийн салбарын газар. Тиймд одоогийн шинэ хуулийн гол нь даатгуулагчийн эрх ашгийг хамгаалж, даатгуулагчаа нэгдүгээрт тавих. Даатгуулсан үйлчилгээгээ тэр сангаас бүрэн авдаг болъё.

Маш хүнд нөхцөлд орсон төсөв гэхэд өнгөрсөн оноос урсгал зардал нь хасагдаагүй.

Тэгэхийн тулд эрүүл мэндийн даатгалын санг аль ч яамны харьяанд биш, бие даалгаж даатгуулагчдынх нь хяналтанд өгье. Иргэд тэр сангаа зарцуулахад нь, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалахад нь өөрсдөө оролцдог, хянадаг, засаж залруулдаг болгох. Энэ хууль маань УИХ-ын намрын чуулганаар батлагдана гэж бодож байна. Хэлэлцэх эсэхээ шийдэн, ажлын хэсэг ажиллаж нилээн боловсронгуй болгож байгаа.

-Сүүлийн 10-аад жил эрүүл мэндийн даатгалын санг тусад нь гаргахаар ярьж байсан ч яагаад гаргахгүй өдийг хүртэл удаад, цаг алдаад байгаа вэ?

-Энэ хууль батлагддаггүйн гол шалтгаан бол яамдын явцуу эрх ашгийн үүднээс, үг хэлээ ололцохгүй байгаагаас болдог. Тиймд энэ Засгийн газрын үед иргэнд нь л очиж байвал хаана байх нь хамаагүй.

Хамгийн гол нь даатгуулагчид өөрийнхөө эрх ашгийг хамгаалж чадах, даатгуулагчийн эрх ашгийг хангаж чадах тэр л даатгалын сантай болвол манайд тийм амбиц байхгүй. Эрүүл мэндийн яам даатгалын санг яамандаа авна гэхгүй. Даатгалын сан бие дааж хөгжих хэрэгтэй.

Үргэлжлэлийг нэвтрүүлгээс...