Айдастай байгаа хүмүүсээ төр нэг удаа өршөөх нь зөв
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.11.27

Айдастай байгаа хүмүүсээ төр нэг удаа өршөөх нь зөв

-Авлигын гэх үү, эдийн засгийн гэх үү. Ямартай ч тийм нэгэн өршөөлийн хууль УИХ-д орж ирэх гэж байгаа бололтой. Ийм хууль гаргах шаардлага байгаа юу?

-Шаардлага байгаа. Төрөх үнэн, татвар төлөх үнэн гэж ярьдаг. Гэтэл орлого олоод, тэрнээсээ татвар төлдөггүй хэсэг бүлэг байна. Олж байгаа орлого нь хууль ёсны, хууль ёсны бус байж болно. Мэдээж хууль ёсны бус байвал тэрийг ил болгоход хэцүү. Тийм учраас хууль ёсны бус, далд эдийн засагт нэлээд жин дардаг хөрөнгийг, орлогыг ил болгох шаардлагатай.

Ингэж тэр хүмүүст боломж олгохгүй бол өнөөдөр Монгол Улсад айдастай, дарамттай, хууль бусаар олсон орлоготой хүмүүс байсаар байна. Энийг ил болгох нь зөв. Бизнес эрхэлдэг хүмүүс бол ажлын байр бий болгодог, баялаг бүтээдэг, татвараа төлдөг. Олсон орлогоосоо татвар төлдөг шүү дээ.

Гэтэл насаараа төрд ажиллаж байгаа, төрийнхөө төлөө шударга ажилладаг гэж ярьдаг, цалингаас өөр орлогогүй, би бизнес хийдэггүй шударга гэж ярьдаг хүмүүс олон. Тэгсэн хэрнээ тэр хүмүүс хэдэн зуун саяын байшинд амьдарч, хэдэн зуун саяын машин унаж, хэдэн мянган долларын костюм өмсөөд явж байна.

Цаашид ийм асуудал үүсгэвэл хатуу хариуцлага тооцно шүү гээд төр өршөөхөд буруудах зүйл байхгүй.

Цалингаараа амьдардаг, төрийн ажлаасаа өөр бизнес хийдэггүй юм бол хаанаасаа тийм их хөрөнгөтэй болчихоод байдаг юм. Бас тэр хөрөнгө нь өөрийнх нь биш, хэн нэгний нэр дээр байж байдаг. Түүнийгээ ил болгох гэхээр асуудал үүсчих вий гэж айдаг, эмээдэг, болгоомжилдог.

Тийм хүмүүсийг яахав, өнөөдөр хууль ёсоор байна уу, хууль бусаар байна уу орлого олсон бол нэг удаадаа өршөөчихье. Харин цаашид ийм асуудал үүсгэвэл хатуу хариуцлага тооцно шүү гээд төр өршөөхөд буруудах зүйл байхгүй.

Тэр хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүс нэг удаа орлогоо ил болгож, өөрийнхөө нэр дээр болгоод авахгүй бол өөр хүмүүсийнх нь өмч болоод хохирч магадгүй. Тэр хүмүүст тийм айдас байж л байгаа. Тийм болохоор ганц л удаа шийдэх нь зөв. Орлого олдог бол татвар төлөх л ёстой.