Н.Тэгшбаяр: Тэд биднийг тогтвортой байхыг л хүсч байгаа
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2013.12.03

Н.Тэгшбаяр: Тэд биднийг тогтвортой байхыг л хүсч байгаа

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай ярилцлаа.

-Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиусын айлчлалын үеэр Японы “Мицүбиши”, Францын “Арева”, Монголын “Мон-Атом” төрийн өмчит компаниуд ураны салбарт хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Тэгэхээр Монгол Улсад уран олборлох ажил гараанаас нэгэнт гарлаа гэсэн үг үү?

-Франц, Япон гэсэн хүчирхэг гүрнүүдийн дэлхийн  хэмжээний “Арева” болон “Мицүбиши”  корпораци  технологи, туршлага, мөнгөтэйгээ орж ирж Төрийн өмчит “Мон-Атом” компанитай хамтрах гэж байна. Япон бол Азийн хүчирхэг эдийн засагтай улс, Франц бол НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван орны нэг.

Францын Гадаад хэргийн сайд зочилж, дэлхийн томоохон компаниудын ерөнхий­лөгчид ирж гарын үсгээ зурж байна гэдэг бол маш чухал. Энэ бол өмнө ирж манайхны тархинд эсрэг ойлголт суулгаад явсан зарим нэг хууль зөрчдөг, хамтарсан гэрээнийхээ үүргээ биелүүлдэггүй, үргэлжлүүлж Монголд ажиллах сонирхолгүй, мөнгө нэхээд суудаг “Хан ресурс” мэтийн компаниас зарчмын хувьд тэс өөр юм. Нөгөөтэйгүүр энэ бол хэн нь ямар оролцоотой ирээдүйд хамтарч ажиллах тухай зарчмын асуудлыг л тохирсон гэсэн үг. Монгол улс 34 хувиа үнэгүй эзэмшинэ. Харин Франц, Япон нийлээд 64 хувийг эзэмшинэ. 

-Уулзалт, гэрээнд дэлхийн томоохон компаниуд оролцлоо. Тэд Монголоос юу хүсч байна вэ?

-Тэд манай талаас “тогтвортой байдал” гэсэн ганц л зүйл хүсч байна.

-Харин бидэнд ямар хэрэгтэй вэ?

-Стратеги, технологи, эдийн засгийн ач холбогдолтой. Манайхан нэг өдөр гэнэт сэрээд уран олборлоё гэж хашгираад байгаа юм биш. Бүтэн 50 жил судалсан байна. Бас олборлож байсан жишээ байна. Энэ хугацаанд олон ч эрдэмтэн мэргэд, судалгаа шинжилгээний баг ажиллаж ирж. Үе үеийн Сайд нарын зөвлөлийн дарга нар, Ерөнхий сайд, сайдууд энэ салбарыг толгойлж ирсэн байна. Энэ бол ганцхан Монгол ч биш дэлхий даяар тэргүүлэх чиглэлийн ач холбогдолтой гэдгийг  харуулж байна.

Манайхан нэг өдөр гэнэт сэрээд уран олборлоё гэж хашгираад байгаа юм биш. Бүтэн 50 жил судалсан байна.

Яагаад энэ салбарыг заавал Ерөнхий сайд нь ахалдаг юм гээд л бодъё л доо. Ингэлгүйгээр аль нэг эрдэм шинжилгээний хүрээлэнд өгч болно шүү дээ. Гэтэл тэгдэггүй, тэгж болдоггүй салбар юм байна. Учир нь аливаа улс оронд энэ асуудалд ингэтлээ ач холбогдол өгч стратеги боловсруулдаг юм байна. Яагаад гэвэл бүх технологийн хаан нь цөмийн технологи учраас тэр.

Бусад салбар бол улс болгон өөр өөрийн дүрэмтэй. Харин цөмийн технологийн салбар дэлхий даяраа нэг л дүрэмтэй. Товчхондоо, Монголын, Мьянмарын цөмийн технологи гэж  байхгүй, хорвоогийн хаана ч цөмийн физикийн нэг л хууль  үйлчилдэг гэсэн үг. 

-Жаахан тодруулахгүй юу?

-Чухамдаа цөмийн технологи гэгч зүйл чинь хүнд маш олон төрлөөр хэрэг болж байгаа. Энэ бол бүхэл бүтэн шинжлэх ухаан.  Монгол улс  Олон улс атомын энергийн агентлагийн гишүүн болсны 40 жилийн ой тохиож байна. Олон улсын атомын энергийн  агентлагийн Техникийн  хамтын ажиллагааны газар буюу TC-ээс Монгол Улсын энэ жилийн технологи нэвтрүүлэлт, хамтын ажиллагаа, аюулгүйн чиглэлд хийж байгаа ажлууд есдүгээр сарын байдлаар 92 хувийн гүйцэтгэлтэй, маш сайн  байна гэж үнэллээ. 

Энэ юуг харуулж байна гэвэл бид олон улсын бодлогод нийцсэн үйл ажиллага явуулж байна гэсэн үг.  Бид гаж буруу, байж болохгүй зүйл хийгээгүй, дэлхийг л дагаж, тэр жишгээр л ажиллаж байгаа. Гэтэл зарим нэг хүн Монголд л тохируулсан муу технологи авчрах гэж байна гэж ойлгоод байх шиг байна. Энэ стандарт дүрэм журам чинь Олон улсын атомын энергийн агентлагаас баримталдаг дүрэм журмын дагуу явдаг эд. Өөрөөр хэлбэл, дэлхий даяар цөмийн технологийн ганц л дүрэм үйлчилдэг гэсэн үг.

-Та бүхэн энэ ажлыг эдийн засаг, тусгаар тогтнолын маш том баталгаа боллоо гээд байгаа.Гэтэл Иргэний хөдөлгөөнийхөн энэ гэрээг ихээхэн эсэргүүцэж байгаа. Уран хортой гэж байна, тиймээс тэдний үгийг сонсох хэрэгтэй юм биш үү?

-Ийм эсэргүүцэл зөвхөн Монголд байгаа юм биш. Цөмийн технологийг хэрэглээд ашиглаад сурчихсан Япон, Франц зэрэг улсуудын  хувьд ч Иргэний хөдөлгөөнүүд ийм эсэргүүцлийг үзүүлдэг. Нэг ёсондоо энэ бол зүй ёсны үзэгдэл юм л даа. Ер нь бол гэрээнд гарын үсэг зурсан, хамтрах гэж байгаа улсууд хаячихаад явахгүй. 

Дэлхийн улс орнууд бүгд эрчим хүчнээс хамааралтай байхад,  эрчим хүч үйлдвэрлэдэг компаниуд бидэнд ийм санал өгнө, стратегийн түншлэл байгуулна гэдэг бол Монгол Улс стратегийн хувьд дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн орон болох эхлэл тавигдаж байна гэсэн үг. Энд хувийн эрх ашиг байж болохгүй, худлаа реформ, хуурамч эх оронч зан байж болохгүй. Зарчим, хуулийнхаа дагуу явах ёстой.

Сайн зүйлд садаа мундахгүй, сайн явахад садан мундахгүй гэсэн үг байдаг шүү дээ. Зөв зүйл яривал дэмжээд, бид алдаагаа засаад явах хэрэгтэй. Буруу зүйл ярьж  эсэргүүцэж байгаа бол бурууг нь ойлгуулах хэрэгтэй. Саяхан би эсэргүүцэгч хүмүүстэй уулзсан. Тэд цөмийн технологийг эмнэлэгт, уул уурхайд, хөдөө аж ахуйд, онцгой байдлын албанд хэрэглэдгийг ойлгож байна гэдгээ хэлж байна лээ. Ингэж ярьж байгаа бол ураны ач холбогдлыг л ойлгож байна гэсэн үг.

Уг нь энэ бол тусгаар тогтнолын баталгаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үндсэн чигт нийцэж байгаа. Бид хоёр хөрштэйгээ өндөр төвшинд хамтарч ажилладаг. Яг үүнтэй адилхан гуравдагч хөршийн стратегийн түншлэлийг өндөр төвшинд авчирч байна гэсэн үг. 

Уран хэрэггүй л гээд байна. Бүх салбарт цөмийн технологи хэрэглэж байгаа. Энэ бүхний түүхий эд нь уран л байгаа байхгүй юу. Ураныг боловсруулаад изотоп гэж гаргана. Ингэснээрээ хүнийг эмчилнэ.  Монгол Улс уул уурхайн орон. Бид зэсийг яагаад эцсийн бүтээгдэхүүн болгож чадахгүй байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ингэхэд хүхрийн хүчил хэрэглэдэг.

Энэ хүхрийн хүчлээ зарж өөр тийшээ нийлүүлж чадахгүй байгаа учраас дэлхийд өрсөлдөж чадахгүй байна. Хэн нэгэн дургүйдээ үүнийг хийж чадахгүй байгаа биш. Манайд ураны уурхай байгуулагдаад төмөрлөгийн үйлд­вэрүүдийн хэрэглэсэн хүхрийн хүчлийг хэрэглээд эхэлбэл жилд сая сая ам.долларын хүхрийн хүчил хэрэглэнэ. Ингэж чадвал зэсийн эцсийн бүтээгдэхүүнийг гаргахдаа өрсөлдөх чадбарыг бий болгох технологи, санхүүгийн зөв хоршил бий болох юм.

-Тэгэхээр цөмийн технологи аюулгүй гэсэн үг үү?

Тугалнууд селени гэдэг бодисоос болж хордсон гэсэн дүгнэлтийг гаргасан.

-Би энд нэг сонирхолтой баримт хэлье. Судлаачид хүний амь насанд аюултай хүчин зүйлүүдийг эрэмбэлэн жагсаасан байгаа юм. Ингэхэд хамгийн аюултай нь тамхи, тэгээд архи уух, дараа нь автомашин жолоодох, галт зэвсэг, цахилгаан хэрэглээ, мотоцикль, усанд сэлэх гэж явсаар 20 дугаарт нь цөмийн эрчим хүч орсон байна.

Ер нь бол үнэхээрийн амь нсанд аюултай эрсдэлээс татгалзах гэж байгаа бол юуны өмнө тамхи татах, архи уух зэрэг 19 зүйлээс татгалзаж байж цөмийн эрчим хүчний тухай ярих хэрэгтэй болж байна. Дугуй унах, ан гөрөө хийх, жирэмслэлтээс сэргийлэх хэрэгслээс ч аюул багатай гэж Америкийн эрдэмтэд үзсэн байна. За тэгээд утаагүй газар амьдрах хэрэгтэй гэх мэт.

-Ер нь Дорноговийн Улаанбадрахад малчин Д.Норсүрэнгийн тугалнууд уранд хордож үхсэн гэдэг үг яриа хүмүүст буруу ойлголт мэдээллийг өгч,тийм сэтгэлзүйг бэлдээд байх шиг ээ?

-Энэ аль эрт дүгнэлт нь гарч, дууссан явдал шүү дээ. Би олон дахин тайлбар хэлж байна даа. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан 34 байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд багагүй хугацаанд цаг наргүй ажилласан.

Үүний эцэст тэнд үхсэн тугалнууд уранд хордоогүй гэдгийг тогтоосон. Тугалнууд селени гэдэг бодисоос болж хордсон гэсэн дүгнэлтийг гаргасан. Тиймээс ямар учраас селени хэмээх бодис малыг үхэлд хүргэх хэмжээнд очив гэдгийг мэргэжлийн байгууллагууд нь шалгаж судлах ёстой. Ийм л асуудал болсон. Үүүнийг хаана хаанаа ойлгох ёстой л доо.

Зөвхөн Тэгшбаяр гэдэг хүн хэлээд байгаа юм биш,  энэ талаар мэргэшсэн, томилогдсон, албан ёсны дүгнэх, судлах шалгах эрхтэй олон улсын мэргэжилтэн, зөвлөх  хүмүүс монголын болон олон улсын лабораторийн шинжилгээнд үндэслэн дүгнэлт гаргасан.

Гэтэл уран гэж юу юм, цөмийн технологи гэж ямар эд байдаг юм гэдгийг би маш тодорхой, баримт жишээтэй хэлээд л байна шүү дээ.

-Манайхаас ураныг ямар технологиор олборлох юм бэ?

-Эхний ээлжинд шар нунтаг гаргаж авна. Шар нунтаг нь байгаль дээр ил оршдог зүйл. Яг үнэндээ монгол нутгийн хаанаас ч хамаагүй нэг тонн шороо гаргаад ирэхэд тэнд уран байж л байгаа. Гэхдээ цацраг идэвхит бодисынх нь нөлөөлөл их, багын ялгаатай. Ерөөсөө дэлхийн хаана ч байсан цацрагийн төвшин байж л байдаг гэсэн үг.  Ямар технологи сонгох нь ордын нөгцлөөс л хамаарна.

-Уран олборлох харин ч ач тустай гэж хэлэх гээд байна аа даа. Сая Франц, Японтой гарын гэрээнд үсэг зурсны дараа Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун “Уран олборлох нь аюулгүй” гэсэн утгатай зүйл хэлсэн нь Иргэний хөдөлгөөнүүдийн шүүмжлэлд өртөөд байна?

-Дэлхий нийт хэрэглэж байна шүү дээ. Бид ч ашиглаж байна. Өнөөдөр цөмийн технологи хэрэглээгүй салбар гэж алга. Хамгийн том агуулгаар нь харвал дэлхий нийт терроризмоос сэр­гийлэхэд анхаарч байна. Ингэхийн тулд хил гаалиар орж ирсэн хууль бус бараа тээвэрлэлтийг хянах хэрэгтэй болно. Ингэж хянахдаа цөмийн технологид суурилсан тоног төхөөрөмж ашиглаж байна. Энэ бүхний эхлэл бас л уран, цацраг идэвхит бодис, цөмийн технологитой холбоотой.

Нэг кг цэвэр уран нь ойролцоогоор нэг сая кг нүүрстэй тэнцэхүйц эрчим хүч гаргадаг. Энэ нь юу хэлээд байна гэвэл нүүрс ямар их утаа ялгаруулж байгааг харуулж байна. Цөмийн технологи аюултай гэхээс илүү архи уух ,тамхи татах, галт зэвсэг хамгийн их эрсдэлтэйг дээр хэлсэн. Харин ч манай улсын эрүүл мэндийн салбарт цацрагийн технологид суурилсан тоног төхөөрөмжийг 156 эмнэлэг,  оношлогоог хоёр эмнэлэг, хавдар өвчний эмчилгээнд нэг эмнэлэг ашиглаж байна.

Хүнс хөдөө аж ахуйд цөмйн цацрагийг ашиглан ургамлын шинэ сорт гаргаж авах, малын үүлдэр угсааг сайжруулах генетикийн судалгаа хийх, геологи уул уурхайн салбарт нүүрс, алт, мөнгө, зэс зэрэг үндсэн орд, газрын тосны хайгуул зэрэгт өрөмдлөг хийсэн цооногт геофизикийн судалгаа хийх,боловсрол шинжлэх ухааны салбарт бол цөмийн технологийг сургалт, судалгаанд ашиглахаас гадна шинэ материал, технологи гарган үйлдвэрлэлд нэвтрүүлэх,  аж үйлдвэрт болохоор архи, пиво, ундаа зэрэг лаазалсан бүтээгдэхүүний доторх агууламжийг ижил төвшинд байгаа эсэхийг цөмийн цацраг идвэхит изотопоор шалгадаг. Энэ мэтчилэнгээр бид бүх л салбарт энэ технологийг хэрэглэж байгааг дахин хэлье.

Дэлхийн нөлөө бүхий том компанийн ерөнхийлөгч нарыг дуудаж авчирч ярилцлаа, гарын үсгээ зурлаа. Бүх юм ил тод. Энэ хоёр  том компанийг дагаж дэлхийн том банкууд, хөрөнгө оруулалт орж ирнэ. Гэтэл урьд өмнө нь  соц нийгмийн үед хэнд ч мэдэгдэхгүй Мардайд олборлолт явуулж байсан шүү дээ.

Цөмийн энергийг ардчилсан, ардчилсан бус бүх л орон хэмжээгээр хэрэглэж байна. Манайх цөмийн зэвсэггүй гэдгээ зарлачихсан учраас цөмийн зэвсгийн асуудал, хог хаягдал оруулж ирэх асуудал огт байхгүй. Цөмийн хаягдлын эсрэг  Ерөнхийлөгчийн зарлиг, хууль ч байна. Тийм болохоор аль болох дэлхийтэй хөл нийлүүлэх, хүссэн хүсээгүй өөрсдөө ашиглаж буй технологидоо нэгдэх шаардлага Монгол Улсад байна.

-Танай салбарын ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ талаар...?

-За, баярлалаа. Энэ жил Цөмийн энергийн салбарын 50 жил, Монгол улс Олон улсын атомын энергийн агентлагын  гишүүнээр элссэний 40 жилийн түүхэн ойн жил тохиож бид амжилт ололтоор дүүрэн байна. Юуны өмнө физикчиддээ,  цөмийн энергийн салбарт мэдлэг, оюунаа зориулж ажиллаж байсан хүмүүст эрүүл энх, эрхэм дээдийг хүсье. 

-Цөмийн энергийн газрын талаар манай уншигчдад товч ярихгүй юу ?

-Энхийн зорилгоор Монгол Улсад цөмийн технологийг хэрэглэх,  цацраг идэвхт ашигт малтмал ашиглах болон цөмийн технологийг нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалат аюулгүй байдлыг бэхжүүлэх, салбарын боловсон хүчний бодлого боловсруулж, хэрэгжүүлэх зэрэг үүрэг­тэй төрийн захиргааны байгууллага, Монгол улсын Ерөнхий сайдын эрхлэх  ажлын хүрээний Засгийн газрын  тохируулагч агентлаг.