Батлан хамгаалахын сайд цэрэг дайчдаа эргэлээ
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын Дэд дарга, штабын дарга, хошууч генерал Я.Чойжамц тэргүүтэй албаны хүмүүс Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Орхон аймаг дахь Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, цэрэг дайчидтай уулзлаа.
Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Л.Болд батлан хамгаалах салбарын шинэчлэлийн асуудлыг хөндөж ярьсан бөгөөд ялангуяа Зэвсэгт хүчин бүтээн байгуулалтын томоохон ажлууд, тухайлбал стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, зам гүүр, төмөр зам, эрчим хүчний байгууламж барих зэрэг нийтийг хамарсан төслүүдэд тодорхой чиг үүрэгтэй оролцох бодлого баримталж буйгаа танилцуулж, үйл ажиллагааны энэ шинэ чиглэлд одооноос бэлтгэж эхлэхийг үүрэг болголоо. Үүнээс гадна Зэвсэгт хүчний гэрээт цэргийн албан хаагчдад иргэний мэргэжил эзэмшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хүүхэд залуучуудад цэрэг, эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх зэрэг олон чухал асуудлын талаар дайчидтай санал бодлоо солилцсон юм. Үүний дараа НҮБ-ын Энхийг сахиулагчдын өдрийг угтан тус ангиудаас Ирак дахь дайны дараах гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэсэн цэрэг, дайчдыг “Иракийн эрх чөлөө” дурсгалын медалиар шагнасныг Батлан хамгаалахын сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс гардуулан өглөө.
Батлан хамгаалахын сайдыг орон нутагт ажиллах үеэр Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүд мөн Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа.
Батлан хамгаалахын сайдын дэргэдэх Иргэний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимэд, Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Ц.Ганболд, Нээлттэй нийгэм форумын гүйцэтгэх захирал П.Эрдэнэжаргал, Доктор, профессор Г.Мягмаржав нар Зэвсэгт хүчний 330, 186, 234-р ангийн бие бүрэлдэхүүн болон орон нутгийн иргэдэд “Монгол Улсын иргэдэд эх оронч үзэл төлөвшүүлэх асуудал” сэдвээр лекц уншиж, санал бодлоо солилцсон юм. Мөн энэ үеэр БХЯ-ны захиалгаар бүтээгдсэн Ирак дахь дайны дараах гамшгийг арилгах, сэргээн босгох, энхийг сахиулах олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд оролцон үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 ээлжийн цэргийн багийн байгуулсан гавьяаг мөнхөлсөн “Монгол цэрэг-Иракт” баримтат киног үзэж сонирхуулсан нь цэрэг дайчид болон иргэдийн талархалыг хүлээсэн арга хэмжээ боллоо.