Батлан Хамгаалахын сайд Л.Болд Бүгд Найрамдах Турк улсад ажлын айлчлал хийлээ
2009.05.05

Батлан Хамгаалахын сайд Л.Болд Бүгд Найрамдах Турк улсад ажлын айлчлал хийлээ

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Турк Улсын Батлан хамгаалахын сайд ноён Вицди Гөнүлийн урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ.

Айлчлалын хүрээнд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нар албан ёсны уулзалт хийсэн бөгөөд уулзалтын үеэр Монгол Улс, БНТУ-ын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны өнөөгийн түвшин, хөгжилд сэтгэл хангалуун байгааг тэмдэглээд, хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, олон улсын энхийг сахиулах ажиллагаанд оролцох талаар хамтран ажиллах, цэргийн хамтарсан сургалт, дадлагыг цаашид тогтмол зохион байгуулах зэрэг өргөн цар хүрээтэй асуудлаар хэлэлцээ хийж, харилцан санал солилцсон байна. Мөн энэ үеэр 2001 онд байгуулагдсан “Монгол Улсын Засгийн газар, БНТУ-ын Засгийн газар хоорондын батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр”-ийг хэрэгжүүлэх үйл явцыг эрчимжүүлэх, хэлэлцээрийн хүрээнд цэргийн аж үйлдвэрийн салбарт хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулах зэргээр хамтран ажиллах сонирхол буйгаа талууд илэрхийлсэн байна.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Л.Болд БНТУ-ын Батлан хамгаалахын сайдыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урьсныг БНТУ-ын Батлан хамгаалахын сайд ноён Вицди Гөнүл талархан хүлээн авсан бөгөөд хоёр улсын Батлан хамгаалахын сайд нарын уулзалт харилцан ойлголцсон, найрсаг, элэгсэг дотно уур амьсгалд болж өнгөрсөн байна.

Айлчлалын явцад Батлан хамгаалахын сайд Л.Болд БНТУ-ын БХЯ-ны ивээл дор зохион байгуулагдаж буй “Олон улсын батлан хамгаалах аж үйлдвэрийн бүтээгдэхүүний үзэсгэлэн”-г үзэж сонирхосон бөгөөд үзэсгэлэнгийн үеэр БНТУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, зарим цэргийн үйлдвэрийн удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалах аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.
Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын тус улсад хийсэн ажлын айлчлал нь Монгол Улс, БНТУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жил, хоёр орны батлан хамгаалах салбар хоорондын харилцааг хөгжүүлж эхэлсний 10 жилийн ойд тохиож буйгаараа онцлогтой юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.