Лу.Болд: Жил бүр цэрэг татлагад оролцоод явбал төлөх мөнгөний хэмжээ багасна
Манай улсад цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаасаар байна. Энэ талын болзол болон уг албыг мөнгөн хэлбэрээр орлуулж хаах иргэний төлбөрийн хэмжээг тогтоох сүлжээг шинэчлэх батлахаар боллоо. Энэ тухай тогтоолын төслийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцлээ. Хуульд ямар шинэчлэлт орж байгаа талаар Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Лу.Болдоос тодруулав.
-Цэргийн албанаас чөлөөлөгдөхөд төлөх төлбөрийн хэмжээ хэд болсон бэ?
-Энэ нь үндсэндээ жилд цэргийн нэг албан хаагчид ногдож буй зардлын хэмжээ юм. Үүгээр тооцож байгаа. Бодитоор, жилд нэг хүн 200-300 мянган төгрөг төлж байна. Энэ нь үнийн өөрчлөлт, инфляцитай холбоотойгоор жил бүр өөрчлөгдөж байгаа. Жил бүр цэрэг татлагад оролцоод явбал төлөх мөнгөний хэмжээ багасна.
-Шинэчилсэн хуулиар мөнгөн төлбөрийн хэмжээ хэдэн төгрөгөөр нэмэгдэж байгаа вэ?
-Одоо байгаагаас 30 орчим хувиар нэмэгдэхээр байгаа. Нэг их өөрчлөлт байхгүй. Бидэнд иргэдийг цэргийн албаа мөнгөөр хаалгах сонирхол үнэхээр бага байгаа. Иргэд Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлж цэргийн албаа хаах л ёстой юм. Жилд дунджаар 400-700 мянган хүн дүйцүүлэх алба хааж байвал болно. Гэтэл одоо 1400 хүн болчхоод байна гэдэг төлбөр бага байгаагийн шинж. Бид цэргийн алба хаасан хүмүүсийг аль болох ажилтай болгоход анхаарч байна. Халагдаад ажилтай болох баталгаатай болно гэсэн үг.