2008.06.12

Л.Болд: Улсын хөрөнгөөр хайгуул хийсэн ордууд төрийн мэдэлд байх ёстой

Ашигт малтмалын сэдэв зөвхөн улстөрчид, “эх орончид” төдийгүй захын хүний сонирхлын төв болсон өнөө үед Монголын ашигт малтмал газрын тосны салбарын төв байгууллага болох Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрыг тойрсон маргаан тасрахгүй болсон нь гайхаад байх явдал биш юм. Сүүлийн үед Хөвсгөлийн фосфоритын ордыг тойрсон хэл ам үүсэж үүнд Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болдыг холбогдсон гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарах болсон. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Хөвсгөлийн Бүрэнхаан уулын фосфоритын ордын талаар та ямар байр суурьтай байгаа вэ. Таны нэртэй холбоотой нэлээд хэл ам гараад байгаа?

-Бүрэнхааны орд 1972 онд нээгдсэн. Фосфорит агуулсан чулуулгийн нөөц нь 192.2 сая тонн, түүнээс фосфорит нөөц нь 40.52 сая тонноор үнэлэгдсэн бөгөөд УИХ-аас стратегийн ач холбогдолтой газрын жагсаалтад оруулсан орд. Миний байр суурь бол улсын хөрөнгөөр хайгуул хийсэн, стратегийн чухал ач холбогдолтой орд газрууд төрийн мэдэлд байх ёстой. Энд зөвхөн Бүрэнхаан ч биш Тавантолгой, Оюутолгой, Цагаансуварга, Асгат гэх зэрэг бүх л ордууд хамаарна. Төсвийн хөрөнгөөр хайгуул судалгаа хийгдсэн орд газрууд төрийн мэдэлд байх ёстой гэдэг байр суурийг би хатуу баримтална. Тэгэхээр хэвлэлд бичигдээд байгаа зүйл бол ор үндэсгүй юм.

-Тэгвэл хэвлэлд ямар зорилгоор ор үндэсгүй зүйл бичээд байгаа хэрэг вэ?

-Ашигт малтмал газрын тосны салбарт бизнесийн янз бүрийн бүлэглэл, улс төрийн нам хүчнийхэн гээд хэн дуртай нь өөр өөрсдийн ашиг сонирхлыг шургуулахыг санаархах болсон. Хэвлэлээр намайг гүтгээд байгаа нь эрх ашиг, сонирхол нь хөндөгдсөн хүмүүсийн захиалга л гэж хэлэх байна даа. Хэний сонинд хэн гэдэг хүн ямар зорилгоор бичүүлж байгаа нь илт юм биш үү. Ер нь бол надад нэг ширхэг ч лиценз байхгүй, бас хэний ч лицензийг булаацалдахгүй, тэр тусмаа хуваалцахгүй гэдгээ хаана ч батална.

-Ер нь Хөвсгөлийн фосфоритын ордыг тэгээд ашиглах нь зөв юм уу, эсвэл…?

- Энэ асуултын хариуг би ч биш, энэ янз бүрийн юм бичүүлээд байгаа хүмүүс ч биш Хөвсгөлийн ард түмэн л өгөх эрхтэй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.